Үндэсний бичиг соёлоо дэлгэрүүлэгч

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

Үндэсний бичиг соёлоо дэлгэрүүлэгч

Дархан-Уул аймгийн иргэн Гэлэгдандарын Дамчаа нь хуучин Монгол бичгээр хэвлэгдсэн түүх, уран зохиолын ховор чухал дурсгалуудыг судлан, өнөөгийн хүүхэд залууст зориулсан сургааль, танин мэдэхүйн сэдэвт эмхэтгэл бэлтгэснээ, олон нийтэд толилууллаа.

Г.Дамчаа нь ямар ч насны хүн хичээн шамдах л юм бол, үндэсний бичгээ богино хугацаанд бие даан сурч бүрэн өөрийн болгож чаддагийн жишээг үлгэрлэн харуулсан хүний нэг юм. Тэрбээр 2008 онд Монгол бичгээр шамдан хичээллэж эхлэхдээ “Хүмүүн бичиг” сониныг тасралтгүй  6 жил захиалан уншиж байна. Одоо сонины шинэ ирсэн дугаарыг нэг цаг гучин минутанд бүрэн уншиж бүх мэдээлэлтэй нь танилцаж амждаг болжээ.

Монгол үсгээрээ хуучин уламжлалынх нь дэг жаягаар бийр янтайг хослуулан бичих урлагийг  эзэмшсэнээ ажлын зав чөлөөг ашиглан хүүхэд багачуудад зааж сургаж байна. Энэ авъяасаа хөгжүүлэн  “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяагийн зөвөлгөөг авч, үндэсний  таталган бичигт суралцах хичээлийн хичээнгүй аргын гарын авлага гаргахаар бэлтгэж эхэлжээ.  

Г.Дамчаа хэлэхдээ “-Бүх ажилтнууд, ялангуяа залуу мэргэжилтнүүддээ, үндэсний Монгол бичгээ заавал сурч эзэмшихийг, өөрийн яамны ажил үүргийн  нэг болгож чадсан Ц.Оюунгэрэл сайдын санаачилгыг бусад байгууллагууд дэмжиж ажиллаасай” хэмээн илэрхийллээ.

Хэнтий нутгийн Галшарын уугуул энэ эрхэм Найрамдлын хотын төрийн албанд тасралтгүй  35 жил зүтгэж явна.

Ө.РАГЧААСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж