Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэдэг болно

Хуучирсан мэдээ: 2013.11.30-нд нийтлэгдсэн

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэдэг болно

Санхүүгийн зохицуулах хороо зарим аж ахуйн нэгж, төрийн байгууллагад төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх байдалд шалгалт хийжээ. Шалгалтаар нийт 14 байгууллагад зөрчил илэрсэн бөгөөд эдгээр байгууллагад хуулийн дагуу 134 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Зөрчил илэрсэн байгууллагуудыг өөр хоорондоо хийх гэрээнд аливаа бараа, үйлчилгээний үнийг зөвхөн төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэж байхыг анхааруулж, үүрэг чиглэл өгчээ.

Тус хорооноос Аж ахуйн нэгж, төрийн байгууллагад төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг сайжруулахад салбар яамдтай хамтран ажиллаж байна. Ингэхдээ Ашигт малтмалын тухай, Гаалийн онцгой албан татварын тухай хуулиудад татвар, хураамжийн хэмжээг төгрөгөөр илэрхийлэх өөрчлөлт оруулах, төсөвт төлөх аливаа төлбөр тооцоог зөвхөн төгрөгөөр төвлөрүүлэх арга хэмжээ авахаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Сангийн яамтай хамтран ажиллаж байна.

Үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлдэггүй нэг жишээ гэхэд, жилд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хураамжид 40 сая ам.доллар, гаалийн онцгой албан татварт 140 сая ам.доллартай тэнцэх хураамж ногдуулжээ. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд бараа, үйлчилгээний үнэ, тариф, төлбөр тооцоог гадаад валютаар илэрхийлэн гүйцэтгэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл нь арилжааны банкууд гадаад валютын зээл олгох сонирхолтой байдаг нь нөлөөлдөг ажээ. Арилжааны банкууд эхний арван сарын байдлаар гурван тэрбум ам.долларын зээл олгосон байна.

Тиймээс төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, гүйцэтгэхийн тулд хууль эрх зүйн орчинг шинэтгэхийн дээр гадаад валютын зээлийн зориулалтыг бодлого хэрэгжүүлэх саналыг Монголбанкинд хүргүүлсэн байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж