Төр хувийн хэвшлээ дэмжиж ажиллана гэв

Хуучирсан мэдээ: 2013.11.30-нд нийтлэгдсэн

Төр хувийн хэвшлээ дэмжиж ажиллана гэв

Төр хувийн хэвшлээ дэмжиж ажиллана гэв
Байгаль орчны салбарын төр, хувийн хэвшлийн “Ногоон хөгжлийн түншлэл” Үндэсний чуулганы хоёрдугаар хэлэлцүүлэг өчигдөр болж өнгөрсөн. Тус хэлэлцүүлгийн  гол ярилцах асуудал Концессын жагсаалт, Хувийн хэвшилд эрх шилжүүлэх, Ногоон хөгжилд хүргэх төрийн дэмжлэгийн талаар байв. Эдгээр асуудлаар УИХ-ын гишүүд, хувийн хэвшлийн төлөөлөл мэдээлэл хийж, оролцогсдын асуултад хариуллаа.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:

Ногоон хөгжил нь зөвхөн байгаль орчны хүрээний биш, нийгэм эдийн засгийн бүх талыг хамарсан өргөн хүрээтэй асуудал юм. Эдийн засгийн ногоон өсөлт, хүний хөгжилтэй холбоотой. Манайх хүрэн эдийн засагтай улс. Түүхий эд байгалийн нөөцийг ашиглахад тулгуурласан, их хэмжээний хаягдал гаргадаг, байгаль орчинд халтай үйлдвэрлэл үйлчилгээ манайд давамгайлж байна. Тиймээс хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжихийн тулд эрчим хүч, байгалийн нөөцийг аль болох бага хэрэглэдэг, байгаль орчинд халгүй дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хүн ам, өрхийн хэрэглээнд хэвшил болгох нь чухал байна. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшил, иргэн бүгд Ногоон хөгжлийн үзэл баримтлалаар ажиллах болж байна. Ногоон хөгжилд хүрэхийн тулд эхлээд хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Тэр дундаа төрийн байгууллагууд өөрсдийнхөө хандлагыг өөрчлөх.

Ногоон хөгжлийн асуудал нь бүх яамны хүлээх үүрэг байх ёстой. Тиймээс яамд ногоон хөгжлийн талаар нэг ойлголттой байвал дэвшил гарна. Хамгийн чухал нь төрийн байгууллагууд хоорондоо түншлэх. Хүмүүсийн хандлагыг өөрчлөхийн тулд Боловсрол шинжлэх ухааны яам мэдээлэл сурталчилгаа, боловсрол олгох чиглэлээр ногоон хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой. ЕБС-аас нь эхэлж боловсрол олгосноор наад зах нь грантны усыг хэмнэж хэрэглэх хэвшлийг бий болгох юм. Мөн хэмнэлттэй, дэвшилттэй ногоон хөгжлийн технологи нэвтрүүлэхийн тулд шинжлэх ухаан технологи, иновацийг тэргүүний ээлжинд чиглүүлж, тодорхой хэмжээний хөрөнгө хуваарилах асуудал дээр БОНХЯ, ЭЗХЯ, БШУЯ, Сангийн яам хамтрах хэрэгтэй. Энэ маягаар төрийн байгууллагууд хоорондоо түншлэх нь зайлшгүй чухал.

Харин төр, хувийн хэвшлийн хоорондын ямар арга хэлбэр, яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал байгаа. ТББ, мэргэжлийн холбоодод төрийн зарим чиг үүргийг шилжүүлнэ. Үүнд ойлголцол, итгэлцэл чухал гэж үзэж байгаа. Нэг талаар төр хувийн хэвшилд итгээд тодорхой чиг үүргийг шилжүүллээ гэхэд хурдан шуурхай үйлчилж итгэл алдахгүй байх явдал. Тиймээс ТББ, мэргэжлийн холбоодыг чадавхжуулах ажил гарч ирж байна. Чадавхжуулахын тулд яамд хоорондоо хамтран ажиллана. Мөн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарна. Байгаль орчны салбарт үйлчилж байгаа 30 гаруй хуулийн багаар бодоход 10 гаруйд нь ногоон хөгжлийн үзэл баримтлалыг тусгасан нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Бүх стандартыг шинэчлэх болон шинээр хууль батлуулах шаардлагатай болж байна. Ямар хуулийг шинээр батлах вэ гэвэл Мэргэжлийн холбоодын үйл ажиллагааны чиглэл, шаардлага  болон бусад зүйлийг заасан  хууль. Одоогоор Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдал тодорхой бус байгаа.

БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд:
Өнөөгийн байдлаар манай яам мэргэжлийн байгууллагын эрх олгох, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт гаргах,байгалийн нөөц ашиглалтыг зохицуулах, байгалийн нөөц, химийн бодисын гадаад худалдааг хянах зэрэг 3 чиглэлээр нийт 20 төрлийн тусгай зөвшөөрөл олгож байна.Эдгээр зөвшөөрөл эрхийн бичиг авахын тулд иргэн, аж ахуйн нэгж ихээхэн хүндрэл бэрхшээлтэй тулгарч цаг их алддаг талаар бидэнд байнга санал гомдол ирүүлдэг. Тухайлбал иргэн, хуулийн этгээд байгаль орчны чиглэлийн 20 төрлийн тусгай зөвшөөрлийг авахад 6-12 төрлийн баримт бичгийг бүрдүүлнэ. Баримт, бичиг бүрдүүлэхэд дунджаар 1-3 сар, тусгай зөвшөөрлийн эрх олгоход дунджаар 5 хоногоос 1 сарыг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн шат, дамжлага хэт их байгаа нь зөвшөөрлийн үр дүнд бий болох үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнэ өртөгийг нэмэгдүүлэх, чанарыг бууруулах нөхцлийг бүрдүүлдэг. Түүнчлэн 20 төрлийн тусгай зөвшөөрөл нь зөвхөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад төвлөрч байгаа нь ажлын ачааллыг ихэсгэж тухайн зөвшөөрлөөс үүсэх үйлчилгээний шуурхай, ил тод байдал алдагдах нөхцөл бүрддэг.

Тиймээс ч хүрээлэн буй орчинд үзүүлэх аливаа сөрөг нөлөөг бууруулах, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх зэрэгт ахиц дэвшил гарахгүй байгаа нь үүнтэй тодорхой хэмжээгээр холбоотой гэж үзэж байна.

Тийм учраас чуулганы бэлтгэл ажлын хүрээнд манай судалгааны багийн боловсруулсан санал болон 10 удаагийн хэлэлцүүлгийн нэгдсэн санал дүгнэлтэд үндэслэн манай яамнаас олгогдож буй 20 төрлийн зөвшөөрлөөс нийт есөн зөвшөөрлийг хүчингүй болгох буюу төр хариуцан олгох, 11 төрлийн тусгай зөвшөөрлийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшил (төрийн өмчит үйлчилгээний газар, тухайн чиглэлийн мэргэжлийн холбоо, үндэсний хороо, алба)-д шилжүүлэх боломжтой гэж үзэж  байна.

Эдийн засгийн хөгжлийн яамны Концессын хэлтсийн дарга Ц.Батбаяр:
2009 онд УИХ-аас “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн  талаар төрөөс баримтлах бодлого”, 2010 онд “Концессын тухай” хуулийг тус тус батлан гаргасан. Уг хуулийн дагуу Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолоор “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг батласан. Түүнчлэн “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийг Засгийн газрын 2011 оны 36 дугаар тогтоолоор баталсан байдаг. Одоогоор бүрдээд байгаа эрхзүйн орчны хүрээнд “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д 11 салбарын 125 төсөл, арга хэмжээ тусгагдсан ч байгаль орчны салбарын төсөл гарын таван хуруун дотор тоологдож байна. Жагсаалтад багтсан нь “Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор” төсөл. Өнөөдрийн байдлаар “Аюултай хог хаягдлыг устгах үйлдвэр”, “УБ хотын төв цэвэрлэх байгууламж”, “Нийслэлийн ус хангамжийн “Туул” цогцолбор” гэсэн 3 төсөл концессийн жагсаалтанд орохоор яригдаж байгаа. Ер нь Концессын жагсаалтын дийлэнх нь орон сууц, барилга байгууламж, эрчим хүчний төслүүд байдаг.

Хэрэгжилтийн хувьд анхаарах зүйл бий. Хууль батлагдаад гурван жил болоход зөвхөн Нарийн сухайт Шивээ хүрэн чиглэлийн авто зам, Могойн гол гэсэн хоёрхон гэрээ Монгол Улсын хэмжээнд  байгуулагджээ.Эдийн засаг, хөгжлийн яамнаас манайхны концессын талаарх ойлголт, мэдлэг тааруу байна гэж дүгнээд хуульд нэмэлт өөрчлөлт оруулж боловсронгуй болгохыг зорьж байна. Мөн жагсаалтыг шинэчлэхээр болж Засгийн газрын хуралдаанд оруулсан. Хараахан албажиж гараагүй байна гэв. ЭЗХЯ-наас Концессын гэрээ байгуулах байгаль орчны төслүүд нь өөрсдөө хөрөнгө оруулалтаа нөхөх шаардлагатай гэсэн бодлого барьж байна. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд шаардлагад нийцсэн төслийн саналаа яаманд өгч, Концессын гэрээ байгуулах эрх нь нээлттэй болжээ.

Монголын банкны холбооны Ерөнхийлөгч М.Болд:
Монголд үйл ажиллагаа явуулдаг арилжааны бүх банк, төрийн банк хамтдаа 11 дүгээр сарын 21-нд Монголын байгаль орчинд ээлтэй, тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөө хамтарсан Тунхагт гарын үсэг зурсан. Тунхаг бичиг нь банк санхүүгийн байгууллага өөрсдөө байгаль орчинд ээлтэй, нийгэмд үр өгөөжтэй төслүүдийг дэмжих, Монголын бүх иргэн, ААН-тэй харилцдаг онцгой эрхээ ашиглан бусдад нөлөөлье гэсэн зорилготой. Харин байгаль орчныг бохирдуулж, хордуулж буй төслийг дэмжиж зээл олгохгүй байх шаардлагыг арилжааны банкууд тус бүр өөрсдийн зээлийн бодлого, үйл ажиллагаандаа тусгахаар болжээ. Тус үзэл санааг иргэдэд таниулах, боловсрол олгох чиглэлээр банкууд хамтран үйл ажиллагаа явуулна гэв.

Байгаль орчинд өгөөжтэй, ээлтэй зээлийн үйл ажиллагаа явуулдаг банкинд өгсөн гадны байгууллагуудын зээлийн хүү бага байдаг. Тиймээс үүнийг ухамсарлан арилжааны банкууд байгаль орчинд ээлтэй бодлого барьж ажиллахаар нэгджээ. Зарим олон улсын байгууллагууд зээл өгөхдөө зээл өгч болохгүй төслийн жагсаалтыг гаргадаг байна. Жишээ нь, хөрс, агаар, гол усыг бохирдуулах төсөлд зээл олгохгүй гэж заасан байдаг аж. Энэхүү сайн туршлагыг төрийн байгууллагууд Монголдоо хэрэгжүүлж эхэлбэл төр болон арилжааны банкуудын хоорондын түншлэлийн эхлэл тавигдана гэж Монголын банкны холбоо үзэж байна.

“НоваТерра” ХХК-ийн захирал, Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан:
Бизнесийн байгууллагын төлөөллөөс төрөөс хүсэх хоёр зүйлийн нэг нь байгуулсан гэрээгээ чанд сахиж мөрдөх, нөгөө нь газрын харилцааны асуудлыг шинэ түвшинд гаргахүйл явц. Технологи өөрөө бизнесийн үр ашгийг нэмэгдүүлдэг. Үүнийг дагаад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрийн олонх нь дэвшилтэт технологитой болсон. Байгальд ээлтэй технологийг ашиглах, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барихад газрын харилцааны ойлгомжгүй асуудлууд саад тушаа болж байна. Сэргээгдэх эрчим хүчний салбар нь ногоон хөгжлийн хамгийн боломжтой салбарт тооцогдох болсон. Хэдийгээр манайд энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин байгаа ч гэрээ хэлцэл байгуулах, шаардагдах зөвшөөрөл авахадхугацаа алдаж байна. Тийм учраас хувийн хэвшлийнхэн нар салхин цахилгаан станц байгуулах ажилд тэр бүр оролцох боломж хязгаарлагдмал байна гэв.

Чуулганы төлөөлөгчид байгаль орчны бодлогыг урт хугацаатай, тогтвортой төлөвлөх, ус, хог хаягдлын менежментийг орчин цагт тохируулан оновчтой болгох, Улаанбаатар хот, суурин газрын агаарын бохирдлыг багасгах, арилгах чиглэлийн бодлогодоо анхаарах, тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалын менежментийг оновчтой болгох зэрэг олон санал гаргав. Тухайлбал, утааг багасгахын тулд гэр хорооллын иргэдийн цахилгааны төлбөрийг тэглэвэл нүүрс түлэхээ болино, иргэдийн ядуурал буурна гэсэн нэг санал байхад нөгөө нь утааг багасгах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжье, мөн автомашины утаа шүүгч оруулж ирж буй аж ахуйн нэгжийг НӨАТ болон импортын татвараас чөлөөлье гэж байлаа. Мөн аялал жуулчлал эрхэлдэг хувийн хэвшлээс ТХГН дахь аялал жуулчлалын бодлогоо хамтын менежментын бодлогод шилжүүлэх эрх зүйн орчныг даруй бүрдүүлж өгөхийг санал болголоо. Хуванцар хаягдлаар дахин бүтээгдхүүн үйлдвэрлэгчид мод ашиглахгүйгээр байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах боломж их байгааг сануулаад энэ чиглэлийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж өгөхийг хүсэв. Модон шонг хуванцараар орлуулах боломж бүрэн байгааг тэд санууллаа.

Асуултад хариулах явцад хувийн хэвшил, иргэний нийгмийн гаргасан бүтээлч саналыг дэмжиж, хамтран ажиллахаа төрийн байгууллагын төлөөлөл илэрхийлэв.

Ш.ОЧ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж