Дэлхийн банкны Итгэлцлийн сангаас Монголын мал аж ахуйн салбарт 11 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэхээр болжээ. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тус сангийн хөрөнгөөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн маркетингийн төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурсан байна.
Ингэснээр Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгуудын 15 сумдын мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх, хөдөөгийн хүн амын амжиргаа, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, малчдыг зах зээлд холбох, хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарч зарцуулах санхүүжилт болох юм байна.
У.БОЛОР