
Үүргээ амжилттай биелүүлж эх орондоо ирсэн цэргийн бие бүрэлдэхүүнийг тосч авах ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий компандлагч Ц.Элбэгдорж болон албаныхан оролцсон бөгөөд Монголын цэнхэр дуулгатан цэргүүдийн ар гэрийнхэн, ойр дотны хүмүүс мөн тосч авсан юм. Энэ үеэр “Чингис хаан” онгоцны буудлын орчимд байрлах цэргийн аеродромын байр буюу ангорт цэрэг эрс орж ирэхэд ар гэрийнхэн нь алга ташин, ихэд сэтгэл хөдлөлтэй байлаа. Жагсаалаар алхаж буй энхийг сахиулагчид гэрийнхнээ хайн байх нь царайнаас нь харагдаж байсан бөгөөд асар их тэсвэр, тэвчээр, хүч чадал гаргасны дүнд ийнхүү үүргээ амжилттай биелүүлээд ирсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий компандлагч Ц.Элбэгдорж цэргийн албан хаагчдад зориулж, “Энд хүрэлцэн ирсэн эрхэм энхийг сахиулагчид, ар гэрийн төлөөлөл, генерал офицерүүд нийт иргэддээ энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Дөнгөж газар нутагтаа бууж, аав, ээж, ар гэрийнхэнтэйгээ уулзах гэж байгаа, үүргээ сайн биелүүлээд ирсэн энхийг сахиулагчиддаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Өмнөд Судан улсад энхийг сахиулж, олон улсад Монгол Улсын өмнөөс онцгой үүрэг гүйцэтгэсэн энэ удаагийн энхийг сахиулагчид маань үнэхээр сайн ажилласан. НҮБ-ын Тусгай төлөөлчг, Хүчний компандлалаас байнга өндөр үнэлгээг авч, Монголынхоо, зэвсэгт хүчнийхээ нэр төрийг байнга өндөрт өргөж ирсэнд туйлын их баяртай байгаа. Энэ удаагийн ирж буй ээлж сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг хамгийн ачааллыг хүлээж, их удаан хүлээж эх орондоо ирж байгаа хүмүүс юм. Ингэхдээ ямар ч зөрчил, осолгүйгээр албаа хааж ирсэнд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд, аав хүний хувьд маш их бахархаж байна” гэж хэлсэн. Өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн есөн сарын хугацаанд Өмнөд Суданд энхийг сахиулсан цэрэг эрсийн дунд Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ мөр зэрэгцэн алба хаасан бөгөөд тосч авах ажиллагааны үеэр Ерөнхийлөгч хүүтэйгээ дотно тэврэлдэн байсан юм.
Энэ удаагийн хоёрдугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний 38 анги байгууллага, ҮАБХТЧҮ бүхий долоон байгууллагын 850 цэргийн албан хаагч газар орон дээр ажилласан юм. НҮБ-аас явуулж буй ажиллагаанд эмэгтэй албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэх уриалга гаргасанчлан цэрэг эрсийн зориг, тэвчээр шавхсан амаргүй энэ албанд эрчүүдтэй мөр зэрэгцэн манай 30 орчим эмэгтэй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэснээрээ онцлог ажээ. Батальоны үндсэн үүргийн хүрээнд хариуцлагын бүсүүддээ 53159 км замд агаар болон газраар хол, ойрын эргүүлийг хийж, НҮБ-ын обьект, байгууламж бие бүрэлдэхүүн, цувааны болон техникийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байжээ. Түүнчлэн усан эргүүлээр дүрвэгсэд болон энгийн номхон иргэдийг болзошгүй аюулаас хамгаалсан байна.
Энхийг сахиулагчдыг ийнхүү тосон авахдаа улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөн, үүргээ амжилттай биелүүлсэнийх нь төлөө Төрийн дээд одон медаль, Энхийн төлөө медалийг гардууллаа. Өмнөд Суданд одоо борооны улирал дууссан бөгөөд утаатай ч гэсэн Улаанбаатартаа ирэх маш сайхан байгаа тухай цэрэг эрс ярьж байсан.
Эх орондоо ирсэн энхийг сахиулагчид болон ар гэрийнхний сэтгэгдлийг сонслоо.
Энхийг сахиулагч Ж. Бадараагийн аав Г.Жамбалдорж:
-Энэ олон аавын хүүхдүүд эх орондоо ирж байгаа нь сайхан байна. Миний хүү ийм олон аавын хүүтэй эн зэрэгцэн үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэнд нь маш их бахархаж байна.
Эх орныхоо төлөө зүтгэж, аав ээждээ хүрч ирсэн баяр, бахдлыг хэлээд барахгүй нь.
Энхийг сахиулагч Ж.Бадараа:
-Алба хаах хугацаанд тийм их саад, бэрхшээл байсангүй. Тэнд орчин нөхцөл их халуун байсан нь л хэцүү байлаа. Өмнөд Суданд одоо үймээн, самууны байдалтай байгаа. Бид тэнд оршин суугчид, иргэд, газар нутгийн хэмжээнд эхнийг сахиулсан. Яг бидэн шиг Өмнөд Суданы цэргийн бие бүрэлдэхүүн биш ч гэлээ, энхийг сахиулах үйлсэд гар бие оролцохоор ирсэн өөр орны цэргүүд мөн алба хааж байлаа.
Тухайлбал, Энэтхэг, Непал зэрэг орны батальон байгаа. Манай цэргүүдийн бие бүрэлдэхүүний ур чадвар, бэлтгэл хаана ч дутахааргүй, мөр зэрэгцэн үүргээ гүйцэтгэж байсан.
-Энхийг сахиулагч Х.Ганзориг: -Одоо Суданд борооны улирал дуусч, хуурай улирал нь эхэлж байна. Тэнд алба хааж байхад халуун байснаас бусдаар бол хэцүү байсангүй. Суданд дайн дуусч, одоо хүмүүнлэгийн, аврах ажиллагаа явагдаж байгаа юм. Ингэхдээ харуулын хамгаалалт, хол, ойрын эргүүл, хүнсний тусламжийг хүргэх болон аюулгүй ажиллагааг хангаж ажилласан. Нийт 850 монголын энхийг сахиулагчид маань долоон байршилд тарж үүргээ гүйцэтгэсэн. Миний хувьд төв баазад харьяалагдаж, хол, ойрын эргүүл, цувааны хамгаалалт хийсэн. Цэргүүдийн хангамж, бааз суурь, бэлтгэл сайн байлаа. Эх орон, ар гэрийнхэн дээрээ ирэх үнэхээрийн дотно, сайхан байна.