
Иргэд иргэний бүртгэлээс лавлагаа авахын тулд үүрээр очин дугаарлаж, Иргэний бүртгэлийн газар амралтын өдрөөр хүртэл уртасгасан цагаар ажилладаг явдалыг халах зорилгоор зургаадугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 17 ширхэг цахим машин байрлуулж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар эдгээр машинаар давхардаагүй тоогоор 50 мянга 847 иргэн 66 мянга 88 удаа үйлчлүүлжээ. Өдөрт дунджаар 900-1000 хэрэглэгч үйлчлүүлж, ажлын бус цагаар 5096 үйлчилгээ, цайны цагаар 7219 үйлчилгээ авдаг байна. Иргэд голдуу төвийн ТҮЦ машинаар үйлчлүүлдэг бөгөөд Төв шуудан (К015), “Тэнгис” кино театр (К003), УБТЗ өртөө буудал (К017)-нд байрладаг ТҮЦ машинаар иргэд ихээр үйлчлүүлдэг байна. ТҮЦ машинаас иргэд хорооны тодорхойлолт, гэрлэлт, төрсний гэрчилгээ, татварын лавлагаа, хэвлэл захиалга, цахилгааны төлбөр төлөх зэрэг үйлчилгээг чирэгдэлгүй авдаг болсон байна. Удахгүй аймаг бүрийг ийм машинтай болгоно, нийслэлийн ачаалал ихтэй зарим цэгт нэмж машин байрлуулна гэж албаны хүмүүс хэллээ. ТҮЦ машин байрлуулснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дараалал 40 хувь багасч, таван сарын хугацаанд нийтдээ 896 сая төгрөгийн хэмнэлт гарсан тооцоо гарсан гэдгийг мөн дурдав.
Л.ХАЛИУ