Ирэх онд импортоор төмс авахгүйг хичээнэ гэв

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Ирэх онд импортоор төмс авахгүйг хичээнэ гэв

2013 он дуусч, ирэх жил бид хэдий хэмжээний төмс, хүнсний ногоо хэрэглэх бол?

Энэ жил бороо хур ихтэй зун, намар үргэлжилснээс ургацаа алдах вий гэсэн айдас мөн л иргэдийн дунд байлаа. Улсын хэмжээнд 173.6 мянган тоннын хүчин чадалтай хүнсний ногооны агуулах ажиллаж буй ажээ. Тэгвэл энэ жилийн ургацаар 292 мянган гаруй тонн төмс, хүнсний ногоо хураан авчээ. Зөвхөн энэ тооноос харахад хэчнээн хэмжээний хүнсний ногоо агуулахад багталгүй илүү гарах нь ойлгомжтой болж байна. Байгаа нөөц боломжоо ашиглаж, хүнсний ногоогоо муутгахгүй байх нэг гарц байдаг. Хурааж авсан ургацаасаа агуулахад хадгалалгүйгээр шинэ ногооны үзэсгэлэн, яармагийг зохион байгуулж, аль болох хурдан борлуулах. Энэ жил ч үзэсгэлэн яармагуудыг ажиллуулж багагүй хэмжээний хүнсний ногоог иргэдэд хүргэж амжсан гэнэ. Ингээд энэ жил хурааж авсан хүнсний ногоо хангалттай учраас худалдахыг нь худалдаад, ямартай ч ирэх онд ядаж Хятадаас төмс импортлохгүй байх зорилттой тухай албаныхан хэлсэн. Ер нь Хятадаас авдаг төмс, хүнсний ногооны импорт 2008 оноос хойш аажмаар буурсаар ирсэн гэх юм. Чухам төмс, хүнсний  ногооны импортын нугалаас нь хэдхэн сард  буюу дөрөв, тав, зургадугаар сард төмс хүнсний ногоо хомсдох үеэр гардаг  ажээ. Тодруулбал, бид тарьсан ногоогоо толгой өөд таталгүй хурааж авдаг ч  хураан авсныгаа хадгалах агуулах сав байдаггүйгээс хаягдахад хүрдэг. Ингэхдээ дэмий хаяж, муутгаж байснаас дээр гэж үхэрт өгдөг бол сүүлдээ үхэр нь идсээр байгаад залхдаг ч тохиолдол гарах юм. Мөн асар их хэмжээний төмс, хүнсний ногоо жалганд овоолоостой байхыг ч харж болох бөгөөд хөдөлмөр гаргаж тарьж, хураасан хүнсний ногоогоо зорилтот хэсэгт хүргэх нь зөв менежментээс шалтгаалах болж байна. Ямартай ч ирэх жил төмсийг импортоор авахгүй байхыг зорьж байгааг албаныхан хэллээ.

Гадны импортыг халж, дотоодын ногоогоо хэрэглэхийн тулд агуулах савныхаа хангамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй нь нэгэнт тодорхой болж, энэ жил Засгийн газар Монголбанктай хамтарч 40-50 мянган тонн хүчин чадалтай хүнсний ногооны агуулах болон нэгдсэн худалдааны төвийг ойрын жилд байгуулах шийдэлд хүрсэн. Ийнхүү одоогийн байдлаар Зоорийн аж ахуйн хөгжлийг дэмжих, төмс, хүнсний ногооны хадгалалтыг сайжруулах зорилгоор “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах байгуулах, өргөжүүлэх” төслийн сонгон шалгаруулалт зарласнаар 131 төслөөс 23 төслийг шалгаруулж, гэрээ байгуулахаар Монгол банкинд хүргүүлжээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр төмс, хүнсний ногооны зоорийн багтаамж  40.0 мянган тонноор нэмэгдэх тооцоо гарчээ. Цаашдаа 2016 он гэхэд бид 100 хувь дотоодынхоо хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангах боломжтой болох юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж