Нутгийн өөрөө удирдах байгууллага гэж юу вэ, ямар эрх хэмжээтэй вэ, хурлын төлөөлөгч гэж хэн бэ, ямар эрх хэмжээтэй вэ гэдэг үндсэн ойлголтыг өгсөнөөрөө энэ сургалт онцлогтой юм. Мөн Төсөв санхүүг хэрхэн захиран зарцуулах, Ёс зүйг дээдэлж, авлигаас сэргийлэн үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж ажиллах, хүний эрх, жендерийн харилцаа, байгаль орчин ногоон хөгжил сэдвүүдээр хичээл орсон байна.
Өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуулиар манай аймгийн 15 сумдын ИТХ-д нийтдээ 295 төлөөлөгч сонгогдсон. Харин шинэ сонгогдсон төлөөлөгч нар анх удаа энэ сургалтыг зохион байгуулж ингэснээр энэ дөрвөн жилд орон нутгийн эрхийг барьж хэрэгжүүлэх төлөөлөгчдийн анхны нэгдсэн сургалт болж байгаа юм. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөр бэлтгэгдсэн сургагч багш нар хичээл зааж аливаа нэгэн лекц хэлбэрээр бус төлөөлөгч бүрийн оролцоог хангасан сургалт болсон гэж зохион байгуулагчид онцолж байгаа юм.
Сургалтыг УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, аймгийн ИТХурал, Удирдлагын академи, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг олон байгууллагууд хамтран зохион байгуулжээ. Орон нутагт анх удаа зохион байгуулагдсан энэ сургалтанд Сэврэй, Гурвантэс, Баян-Овоо зэрэг сумдын төлөөлөгчид 100 хувь идэвхитэй оролцсоныг онцолж байлаа. Сургалтанд хамрагдсан төлөөлөгчдийн хувьд цаашид сум орон нутагтаа хэрэгжүүлэх олон шинэ зүйлийг мэдэж, сургалтын үйл ажиллагаа үр дүнтэй боллоо гэж оролцогчид онцолж байсан юм.