
150 мянган ам.долларын шагналын сантай Токиогийн “Их дуулга”-ын тэмцээнд дэлхийн 46 орны эрэгтэй 187, эмэгтэй 149, нийт 336 жүдоч тус тус долоон жинд өрсөлдөж байна. Харин манай улсаас Токиогийн татамид сойхоор 11 тамирчнаа илгээсэн юм.
Өнөөдөр хуваарийн дагуу эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ийн жингийн барилдаанууд болсон.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд манай улсаас тамирчин оролцоогүй. Харин 57 кг-ийн жинд ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа өрсөлдсөн ч хоёрдугаар тойрогтоо ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд манай улсаас ОУХМ Дашдаваагийн Амартүвшин, Ганбатын Болдбаатар нар өрсөлдсөн. ОУХМ Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Тайванийн Мин Ен Цайг ялсан. Зооны аваргын төлөө Японы Шинжи Кидог ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Гэсэн ч хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ким Вон Жинд ялагдсанаар тавдугаар байрт шалгарлаа. Харин Г.Болдбаатар эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Японы Юма Ошимаг ялсан. Улмаар зооны аваргын төлөө БНСУ-ын Ким Вон Жинд ялагдлаа. Манай хоёр бөхийг ялсан БНСУ-ын Ким Вон Жин мөнгөн медаль хүртсэн.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг хоёрдугаар тойрогт Францын Димитри Драгинд ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.