
-Монгол Улсын дээд шүүх хяналтын шатны шүүх гэдэг статустай. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 351 зүйлийн хоёрт зааснаар “Хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэж тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах эрхгүй” гэж заасан байдаг. Тэгвэл Дээд шүүх хуулиа зөрчин, анхан шатны тогтоол, давж заалдах шатны магадлалыг өөрчилж байна. Иргэд одоо бүх зүйл Улсын дээд шүүх дээр шийдэгддэг гэсэн ойлголттой болчихлоо. Уг нь Анхан шатны шүүхийн шийдвэр хамгийн үнэн бодитой гардаг. Давж заалдах болон Хяналтын шатны шүүх хуулийг зөв буруу хэрэглэсэн эсэхийг тогтоох үүрэгтэй гэж “Шинийг санаачлагч” ТББ-ынхан онцлон ярилаа.
Улсын дээд шүүхийн энэ гажуу тогтолцооноос үүдэн хөрөнгө мөнгөтэй, танил талтай хүмүүс ял завших тохиолдол гараад байгааг үгүйсгэх аргагүй болсон гэнэ. Жишээлбэл, их хэмжээний авлига, мөнгө угаасан гэмт хэрэгтнүүд Анхан шатны шүүхээс арав гаруй жилээр хорих ял авсан атал Улсын дээд шүүх дээр хоёр, гурван жилийн ял авч байна. Энэ нь шүүхийн процесс буруу яваад байна уу гэдэг хардлагыг төрүүлэхэд хүргэдэг аж.
Үүнээс үүдэн Улсын дээд шүүхийн ачаалал нэмэгддэг. Мөн хүн бүр хийсэн гэмээ Улсын дээд шүүх дээр очиж, шийдвэрлүүлэх сонирхолтой болж, хохирогч өөрөө цаг хугацаа алдан хохирох тохиолдол элбэг гарах болсныг “Шинийг санаачлагч” ТББ-ынхан буруутгалаа.