Нууц эзэгтэй
Дуучин, хөгжимчин, бүжигчин биш ч Монголын язгуур урлагийн уран бүтээлчид дэлхийн тавцанд амжилт гаргахад, эх орныхоо нэрийг цуурайтуулахад онцгой нөлөө үзүүлсэн хүн бол соёл урлагийн менежер Б.Цацрал юм. Монголын мэргэжлийн хөгжимчдийн чансааг дэлхийн, ялангуяа өрнөдийн орнуудын хөгжимчдийнхтэй харьцуулах, тэр бүү хэл манайхан хаанахын хэнээс ч илүү чадварлаг болохыг мэдэх боломжийг тэрбээр олгосон.
Австри улсын Вена хотод болсон Язгуур урлагийн олон улсын уралдаанд Монголын язгуур урлагийн сор болсон уран бүтээлчдийг оролцуулсан. Болгар улсад болсон Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах уралдаанд ч монгол уран бүтээлчдийг оролцуулах ажлыг зохион байгуулсан алсын хараатай, мэдрэмж сайтай соёл урлагийн соргог менежер, “АртЛархаус” төвийн зөвлөх Б.Цацрал юм. Их урлагийн үнэнч үзэгчид, хөгжимд дурлагсад түүнд тусгайлан талархал илэрхийлж байна.
Б.Цацрал бол сэтгүүлч, утга зохиолоор мэргэшсэн орчуулагч бөгөөд өдгөө олон улсын түвшний соёл урлагийн менежер болоод буй. Тэрбээр урлагийн гэр бүлийн гишүүн. Дуурийн театрын гоцлол дуучин агсан алдарт Дагванамдал гуайн ач охин. Аав ээж нь мөн уран бүтээлчид. Урлагийн хөгжлийн төлөө үргэлж шинийг сэдэж явдаг, дэлхийн энд сэтгэж хэрэгжүүлдэг ийм нэгэн даруухан, хүчирхэг менежер бүсгүй “Виртуозо-2013”-д уран бүтээлээ толилуулах гэж буй үндэсний хөгжимчид, хөөмийчид, бүжигчид, уртын дуучид, уран нугараачийн амжилтын нууц эзэгтэй нь.
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Сосорбарамын амжилтаар бахархаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. “Домог” хамтлаг Австрид багийн амжилтаар тэргүүлэхэд, “Домог” чуулга Болгарын дэлхийн аваргад өрсөлдөөд дэлхийн үнэмлэхүй аварга болоход түүний найруулагчийн ур чадвар, шийдэл нөлөөлсөн юм.
Монголын үндэсний уламжлалт урлагийн охь дээжээс орц тунг нь тааруулж, донж маягий нь нийцүүлж найруулсан тоглолтыг нь Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг хэмээн дуу нэгтэй үзэж, дэлхийн шилдэг найруулагчид олгодог Маэстро цолоо хүртээсэн билээ. Уг уралдааны дэг жаяг ёсоор Язгуур урлагийн дэлхийн холбооны ерөнхийлөгч Калоян Николов менежер Б.Цацралын урилгаар манай улсад хүрэлцэн ирж энэхүү өргөмжлөлийг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлээр дамжуулан Со гавьяатад өгүүлсэн юм.
“Виртуозо-2013”-д нэгдсэн тоглолтын түүхэнд улиран одож буй жилд уран бүтээлийн хамгийн өндөр амжилт үзүүлсэн уран бүтээлчид нэгэн тайзнаа цуглах гэж байгаа юм.
Язгуур урлагийн дэлхийн аваргууд, сонгодог хөгжим, ер нь хөгжмийн урлагийн өлгий болсон Австри улсын нийслэл Вена хотод болсон суут хөгжмийн зохиолч Ф.Шубертын нэрэмжит Язгуур урлагийн олон улсын уралдаанд гран при шагнал авч, тэргүүн байр эзэлж, шилдэг концертмейстер болсон уран бүтээлчид тоглох юм. Олон улсын тавцанд дараалан гаргасан энэхүү амжилтыг Монголын хөгжмийн урлагийн амьдрал дахь томоохон онцлох үйл явдлаар нэрлэж байна.
Уг амжилтын эзэд хэн бэ. Ф.Шубертын уралдааны тухайд хамтлагийн төрөлд тэргүүлсэн үндэсний урлагийн “Домог” хамтлаг, гоцлол хөгжмийн төрөлд түрүүлсэн морин хуурч Д.Шинэцог, шилдэг концертмейстерээр шалгарсан Морин хуурын чуулгын төгөлдөр хуурч Д.Баярцэцэг нар юм.
Болгарт болсон дэлхийн аварга шалгаруулах уралдаанд дэлхийн үнэмлэхүй аварга болсон уран бүтээлчид гэвэл “Домог” хамтлаг багаараа, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын бүжигчид Д.Энхгэрэл, Б.Норовбанзад, Т.Наранцэцэг, Д.Баярт, ҮДБЭЧ-ын уртын дуучин Г.Энхбаатар, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяа “Соёмбо” чуулгын уртын дуучин Э.Болормаа, Цагдаагийн “Сүлд” чуулгын уран нугараач Г.Нямгэрэл нар юм. Эдгээр уран бүтээлчид “Домог” чуулга гэсэн зохион байгуулалтаар уг уралдаанд оролцоод дэлхийн үнэмлэхүй аварга болсон.
Тэд шилдэг уран бүтээлчдийн “Витуозо” гала тоглолтод дэлхийн өнцөг булан бүрээс хуран цугласан язгуур урлагийн уран бүтээлчдийг ардаа орхиж монгол түмэн дуу хуур, хөгжим аялгуугаар хэр баян болохыг харуулсан найруулгаар тоглоно.
Эв хавгүй ч гэсэн концертмейстерийн ажлын онцлогийг ингэж тодорхойлоход хүрлээ. Морин хуурын чуулгын төгөлдөр хуурч Д.Баярцэцэг манай улсын шилдэг концертмейстерүүдийн нэг. Австри улсад болсон уралдаанд морин хуурч Д.Шинэцогтой хамтарч тоглон тэргүүн байрын амжилт үзүүлснээр үүнийгээ нотолсон. Гоцлол хөгжимчний амжилт концертмейстер хэн байхаас, яаж тоглохоос шууд хамаардаг. Энэ хариуцлагатай ажлыг олон жил хийж яваа төгөлдөр хуурч Д.Баярцэцэгийг шилдэг уран бүтээлчдийн “Виртуозо-2013” гала тоглолтын онцлох уран бүтээлчээр нэрлэж байна.
Цохивор хөгжимчин Н.Бямбадорж Монголын уран бүтээлч залуус аль ч үндэстний залуучуудтай эн зэрэгцэн хөгжимдөж чаддаг гэдгийг манай гарийн нөгөө хэсэгт очиж харуулаад ирсэн. Тэрбээр урлаг зуучлалын “Тод арт” агентлагийн дэмжлэг, ССАЖЯ-ны ивээн тэтгэлгээр АНУ-ын Стэнфордын их сургуулийн дэргэдэх залуучуудын симфони найрал хөгжимд үеийн гурван андын хамт очиж тоглоод ирсэн. Тэнд олон үндэстний залуустай нэгэн тайзнаа нижигнүүлж байхдаа оюутан сурагчдаа хаанахын хэнээс ч дутахгүй, бүр илүү гарна уу гэхээр сургадаг Монголынхоо багш нараар бахархаж байснаа ярьж байсан. Өнгөрсөн зун ийнхүү амралтаа үр бүтээлтэй өнгөрөөсний дүнд тэрбээр эдүгээ АНУ-д мэргэжлээрээ суралцах урилга аваад буй санаснаа хэрэгжүүлдэг гавшгай, чадварлаг хөгжимчин залуу юм.
Өнөө цагийн Монголын бүжгийн урлагийн хөгжлийг тодорхойлогчдын нэг бол бүжигчин, бүжиг дэглээч Д.Энхгэрэл юм. Өдгөө нийслэлийн “Улаанбаатар” чуулгын бүжгийн хэсгийг ахалж чанар чансаатай олон сайхан уран бүтээлээр чуулгынхаа нүүр царай болж яваа. Сүүийн үед нэрд гарч байгаа этно жааз “Арга билэг ” хамтлагтай ч хамтарч уран бүтээл туурвидаг. Гэсэн ч урлагт ойр байдаг хүмүүс түүнийг үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулгын бүжигчин, бүжиг дэглээч, уран сайхны удирдагчаар ажиллаж байх үеэр илүү мэдэх нь бий. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор, бий бийлгийн мастер Д.Нанжид багшийн гарын шавь тэрбээр монгол ардын язгуур урлагийн гайхамшигт төрөл бий бийлгийн ур ухаан, донж маяг, илэрхийллийг натураар нь, мөн орчин үеийн бүжигт шингээж илтгэх замын аль алинаар нь хөгжүүлэх үйлсэд оюунаа зориулж яваа шилдэг уран бүтээлч.
Д.Энхгэрэл багш олон шавьтай. Тэднийхээ гурав нь болох Б.Норовбанзад, Т.Наранцэцэг, Д.Баярт нартай хамтарсан уран бүтээлээрээ Болгар улсад болсон Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах уралдаанд “Домог” чуулгын бүрэлдэхүүнд тоглож дэлхийн үнэмлэхүй аварга болсон. Гадаадын олон орны нэр хүндтэй тайзнаа бүжиглэж, бийлж, орчин үеийн хараа салгалгүй шимтэн үзэх гоё бүжгүүдээр олон үндэстний сэтгэл зүрхийг эх орны зүг хандуулж ирсэн. Түүний амжилтын оргил нь одоогоор дэлхийн үнэмлэхүй аварга цол, өргөмжлөл.
“Виртуозо” гала тоглолтын онцлох уран бүтээлчээр ХБК-ийн хийл хөгжмийн ангийн оюутан Х.Санчирыг нэрлэж болно. Тэрбээр өчигдөр дүнгээ гаргасан ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит хийлч, төгөлдөр хуурчдын улсын уралдаанд тэргүүллээ. Өдгөө 19 настай, мэргэжилдээ маш дуртай, сахилга баттай, хөгжимчин хүнд байх шинж чанар бүдсэн хэмээн мэргэжилтнүүдийн үнэлдэг энэ хүү өмнө нь ч уран бүтээлийн өндөр амжилт гаргаж байлаа. Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит чавхдаст хөгжимчдийн улсын уралдаанд байнга оролцож, дэд, тэргүүн байр эзэлж байсан. Мөн Чех улсын алдарт хийлч Ж.Косианы нэрэмжит олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд тусгай тавдугаар байр эзэлж байсан юм. Эгчийнхээ заасан замаар Хөгжим бүжгийн сургуулийн босгыг алхаагүй бол өдийд хаагуур юу хийж явах байсан бол доо гэж боддог хэмээн илэн далангүй ярьж байсан тэрбээр хийлч мэргэжилдээ үнэнч байж, дэлхий тойрон тоглох мөрөөдөлтэй.
“Виртуозо” гала тоглолт хөгжмийн, урлагийн боловсролтой, соёлтой үзэгчдийн хүсэн хүлээдэг тоглолт болсон. Хөгжим, дуурь, балет болон бусад ур чадвар шаардсан урлагт хүндэтгэлтэй ханддаг, уран бүтээлчдийн хөлс шавхсан тоглолтуудыг үзэж сонсох дуртай, биширч бахархаж чаддаг, хүүхдээ дагуулаад зорьж ирдэг үнэнч үзэгчдийн дэмжлэгээр олон түмэнд хүрдэг. Олон нийтийг энэ чигт хандуулах, ялангуяа хүүхэд залууст хөгжмийн, урлагийн боловсрол олгож, тэднээр дамжуулж гэр бүлд нь нөлөөлөх амаргүй ажлыг “Виртуоз” академийнхан хийж ирсэн. Энэхүү гала тоглолтыг тасралтгүй авч явахад санаачлагч, зохион байгуулагч төгөлдөр хуурч М.Цогбадрах болон тус академийн Удирдах зөвлөлийн гишүүдийн нэр нөлөө, үүрэг, оролцоо их. ДБЭТ-ын захирлаар ажиллаж байсан Б.Сэргэлэн, өдгөө Улсын филармонийн дарга урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн, ХБК-ийн захирлаар 10 жил ажилласан Ч.Наранхүү, хийлч, удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат нар тус бүртээ хариуцсан ажилтайгаар шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтыг үзэгч олондоо хүргэсээр ирлээ. Удирдах зөвлөлийн гишүүдийн дундаас урлагийн боловсролын чиглэлд олон төсөл хэрэгжүүлсэн өдгөө “Тод арт” агентлагийн захирал Б.Сэргэлэнгийн нөлөө, зөвлөгөө их байсныг “Виртуозо” академийн гүйцэтгэх захирал Ц.Дөлгөөн дурдаж байна.