Хууль зүйн сайд Х.Тэмүүжин:
-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад үнэхээр гайхсан. Шүүн таслах үйл ажиллагаа шүүхэд огт хамаагүй гэж ойлгож байгаа нь иргэдээсээ тасарсны шинж. Тухайн нийгмийн жирийн иргэн ойлгохуйц шийддэг тогтолцоо шүүхэд байх ёстой.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-“Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр байдаг” гэдэг үг байдаг байхаа. Гэтэл Үндсэн хуулийн Цэцээс сүүлийн үед гаргаж байгаа шийдвэр нь үнэхээр ойлгомжгүй байдалтай болчихлоо. УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогдсон. Энэ эрхээ биелүүлж чадахгүй байна. “Эрх баригч намаас сонгогдсон гишүүн гурав, цөөнхөөс сонгогдсон нь нэг байнгын хороонд харъяалагдаж байна” гээд Үндсэн хуулийн Цэцэд хандахаар өөдөөс “Хохь чинь” гэсэн утгатай хариулт хэлж байна. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг бус Үндсэн хуулийн Цэцийг цэгцлэх хэрэгтэй болжээ.УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Бид ямар улс оронд амьдраад байна вэ. Өнөөдөр бид гурван засаглалтай гэдэг. Гэтэл шүүх нь шүүх шиг байж чадаж байна уу. Шүүхийг шүүх шиг болгохын эсрэг байна гэсэн хардлага төрлөө. Үндсэн хуулийн Цэц итгэл төрүүлэхээр ажиллахгүй байна шүү. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд байнга хэл ам таталдаг хэмээсэн.
Гишүүдийг саналаа хэлж дууссаны дараа Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин