Хуралдааны үеэр Орос-Хятадыг холбосон төмөр зам, авто зам, газрын тос, байгалийн хийн хоолой болон эрчим хүч дамжуулах шугамыг Монгол улс өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан тавихыг санал болгосон талаар ОХУ-ын Байгаль орчны яамнаас мэдээлэв. Мөн Монгол улс 2014 онд ОХУ-аас 1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахаас гадна жил бүрийн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар хоёр улсын хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудлыг авч үзэхийг санал болгосон байна.
Түүнчлэн ОХУ-ын Алс Дорнодын Ванино, Восточный, Владивосток зэрэг далайн боомтуудыг ашиглан Монгол улс гуравдагч оронд бүтээгдэхүүн экспортлох талаар хоёр тал тохиролцоонд хүрчээ. Асгатын мөнгөний ордыг түшиглэн Монгол-Оросын хамтарсан шинэ компанийг байгуулж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тохиролцсон байна. Монгол-Оросын Засгийн газрын комиссын ээлжит хуралдаан 2014 оны хоёрдугаар хагаст Монгол улсад зохион байгуулагдах аж.
Э.Од