Засгийн газар хэлбэр хөөж байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Засгийн газар хэлбэр хөөж байна гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг төрийн үйлчилгээг сайжруулах хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийсэн юм. Тухайлбал, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж хүнээс хамааралтай бус болгохын тулд Улаанбаатар хотын хэмжээнд 17 ТҮЦ машин суурилуулснаар цаг, зав хэмнэж байгаа аж. ТҮЦ машин ажиллаж эхэлснээс хойшхи өнгөрсөн таван сарын хугацаанд 54496 иргэн хандаж үйлчлүүлжээ. Өдрөөс өдөрт хэрэглэгчийн тоо өсч байгаа гэнэ. ТҮЦ машин ажиллаж эхэлсэн үед өдөрт 500 иргэн үйлчлүүлдэг байсан бол одоо өдөрт 1000 орчим иргэн үйлчлүүлэх болжээ. Тус машинаас иргэд ямар үйлчилгээг голчлон авсныг сонирхвол оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагааг 25700 иргэн, гэрлээгүйн лавлагааг 5600 иргэн, төрсний гэрчилгээг 1584 иргэн авсан мэдээлэл гарсан байна. Хорооны тодорхойлолт авахын тулд иргэн ТҮЦ машинд 500 төгрөг төлдөг бол бусад тодорхойлолт авахад 1000 төгрөг төлдөг. Ийм үйлчилгээ нэвтэрснээр ТҮЦ машинд 9 сая төгрөг цуглажээ.

Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлсэн хоёр дахь ажил нь цахим засаглал аж. zasag.mn вэб сайтад ороод бүх яам, агентлагийн мэдээлэлтэй танилцах боломжтой. Мөн 21 аймаг, нийслэлийн вэб сайтуудын мэдээллийг ч орж үзэх боломжоор хангагдсан. Онлайн уулзалтыг санаачилснаар Ерөнхий сайдын хувьд заавал аймагт бүрт очиж ажиллах шаардлагагүй болсон. Өдөр товлоод онлайн уулзалт хийхэд 21 аймгийнхаа Засаг дарга, холбогдох хүмүүстэй шууд ярилцан, тухайн аймагт ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар мэдээлэл авна. Энэ нь эргээд төсвийн мөнгийг хэмнэж байгаа төдийгүй цаг хугацааг хожиж байна гэж мэдээллээ. Түүнчлэн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар дүрэм зөрчвөл бэлэн бусаар торгууль төлөх системийг нэвтрүүлж байгаа. Олон нийтийн дунд авлигад замын цагдаа нар хамгийн их өртдөг гэх хардлага байдаг тул үүнийг цэгцлэхэд ч бэлэн бус торгуулийн тогтолцоо үр нөлөө үзүүлнэ. Нөгөө талдаа торгуулиар орж ирэх мөнгө замын дунд завшигддаг байдал үгүй болно, ингэснээр санд төвлөрөх хөрөнгө урьд жилүүдийнхээс түлхүү төвлөрөх боломж харагдаж байгаа тухай онцоллоо.

Харин МАН-ын бүлэг Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж дүгнэлт танилцуулсан бөгөөд “Засгийн газар хэлбэр хөөж байгаагаас агуулгыг орхигдуулж байна. Төрийн бүтэц данхайж 200 мянгад хүрсэн атлаа үйлчилгээ нь сайжраагүй төдийгүй хувийн хэвшлийнхнийг амьдрах аргагүй болтол дайрч байна гэж Ерөнхийлөгчийн хэлсэнтэй УИХ дахь МАН-ын бүлэг байр суурь нэг байна” гэж мэдэгдсэн юм.

Үүний дараа цөөнхийн бүлгийн гишүүд Ерөнхий сайдад хандан асуулт тавьж хариулт авлаа.

Д.Дэмбэрэл: -Ухаалаг төрийн хийж байгаа ажлын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Төрийн ажлыг цахим технологийн түвшинд хийж байгаа нь зөв зүйтэй ажил гэж үзэж байна.  Төрийн албан хаагчдын ажлыг ийм замаар хэмнэж байхад цаашдаа  чадвартай боловсон хүчнийг яаж зохицуулж байгаа вэ. Зардлыг яаж хэмнэж байгаа юм. Бодитой тусгаж, төсөвт оруулж чадаж байна уу. Үр дүнгийн талаар нь тайлбарлаж өгөхгүй юү. 2014 онд танд 100 тэрбум төгрөгийн төсөв суусан. Тэгэхээр энэ их мөнгийг яаж ашиглах вэ?

Н.Алтанхуяг:
-Түц машин тавьсан, түүнийг ажлаас нь хална гэж хэлэхгүй. 2013 оны төсөвт суусан 50 тэрбум төгрөгийн талаар УИХ-д тусгайлан танилцлуулна. Засгийн газар орон тоо нэмэхэд УИХ эрх мэдлийнхээ хүрээнд хасаарай гэсэн. Тэгэхээр нэмсэн юм байхгүй. Засгийн газар жилийн хугацаанд орон тооны асуудал дээр анхаарч байгаа. Харин шинээр сургууль, цэцэрлэг барихаар орон тоо нэмэгдэж байгааг ойлгох хэрэгтэй.

Ө.Энхтүвшин: -Ухаалаг төртэй болох талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Гэхдээ энэ бүхнийг хийгээд ухаалаг төртэй болохгүй л дээ. Ерөнхийлөгч УИХ-ын гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, парламент хяналтгүй болсон. Хувийн хэвшлийн ажил руу хутгалдан орж байгаа талаар хөндсөн. Энэ чиглэлээр ажил хийх үү гэж асуумаар байна.

Н.Алтанхуяг: – Монгол Улсын Ерөнхийлөгчтэй миний хэлснийг жишиж болохгүй. Ерөнхийлөгчийн тавьсан санааны хүрээнд хоёр ажил хийж байгаа. Баялаг бүтээгчидтэйгээ уулзсан. Ерөнхийлөгчийн санааг дэмжиж УИХ-аар хэлэлцье гэсэн. Үүний буруу, зөвийг нь ярих хэрэгтэй.

Б.Бат-Эрдэнэ:
– Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар орон нутагт уулзалт, хуралдаан зохион байгуулахаа больж гадаад оронд очиж хуралддаг, зөвлөгөөнд оролцдог болсон нь эргээд төсвийн мөнгийг үрэн таран хийж “тоглодог” болж байна. Мөн Хэрлэнгийн усыг урагш татахаар зургаан цооног өрөмдчихөөд байна, иргэд маш их бухимдаж өдөр бүр шахуу утасдаж энэ тухай хэлдэг. Гэтэл орон нутгийн удирдлага “Засгийн газраас гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй гэх арга байхгүй” гэх тайлбар хийдэг болсон. Ард түмний амьдрал хүндэрч хот, хөдөөгүй хэцүүдлээ. Яах ёстой вэ. Үүнд хариулт өгөөч?

Н.Алтанхуяг: Орон нутгийнхан гадаадад их яваад байгаа бол тодорхой хэлэх хэрэгтэй. Ил тодын ертөнцөд ажиллаж байна бид. Тодорхой бус асуудал хэлж байгаа нөхцөлд хариулт өгөх боломжгүй. Хурал зөвлөгөөн хийдэг мөнгийг танах хэрэгтэй.

Хэрлэнгийн усыг татах тухайд Засгийн газар дээр яриагүй, яриагүй юмыг хэллээ. Амьдралын тухайд хүнд байгаа нь үнэн. Нэг триллион төгрөгөө урьдчилж аваад идчихсэн айлд хэцүү. Хэцүү юмыг хэцүүгээр нь хэлнэ. Чардайгаад ажиллаж байгаа. Энэ нийгэмд эерэг ч юм байна, сөрөг ч юм байна.

Ж.Энхбаяр:
– Монголын төр ухаантай байх шаардлага бий болсон. Гэвч ухаалаг бус олон зүйл хийгдээд байна. Ерөнхий сайд та яам, агентлагийн хийдэг ажлыг ухаалаг ажил гэж танилцууллаа. Гол ажил руугаа орж чадахгүй байна. Яагаад монгол төгрөгийн ханш 30 хувь унав, яагаад төсвийн зардал ДНБ-ний 47 хувь болчихов, яагаад инфляци хоёр  оронтой тооноос гарав, яагаад экспорт буурав, яагаад Монголын төсвийн алдагдал Ази тивдээ хамгийн өндөр болчих вэ.  Яагаад Монгол Улсын өр ДНБ-ний 50 хувь болчих вэ, яагаад сүүлийн саруудад банкууд дээр чанаргүй зээлийн өр нэмэгдчих вэ, яагаад Засгийн газрын зээлжих зэрэглэл унав, яагаад 3 их наяд төгрөг нийлүүлээд байхад орон сууцны үнэ өсөв, яагаад хөрөнгө оруулагчид Монголоос хөрөнгөө татаад байна вэ, яагаад валютын ханш зогсолтгүй өссөөр байна вэ. Ухаалаг бус алхам хийсэн болохоор тэр. Түүнээс нэг ТҮЦ машин суурилуулсан гэж ярих юм биш. Та дэлхийн хэмжээнд том харж ярих хэрэгтэй. “Бид ухаантай бодлого явуулж байна, амьдрал сайн сайхан болж байна” гэж ярих хооронд цаг алдаж байна. Оношоо зөв тогтоох хэрэгтэй байна. Энэ дээр ухаалаг Ерөнхий сайд хэрэгтэй байна.

Сая таны танилцуулдаг мэдээлэл бол арай ч дээ л байна. Яаж ард түмний амьжиргааг дээшлүүлэх вэ, яаж дэлхийд өрсөлдөх чадвартай болох вэ энэ л чухал юм шүү дээ.

Н.Алтанхуяг: Сэдвээсээ хальж болох юм уу, хамаг дэлхийн юм хамж, хариулъя л даа, тэгвэл. Гэхдээ Энхбаяр аа, чи сонин уншаад байна, чамд хариулт өгөх хэрэг байхгүй юм байна.

Ц.Нямдорж: – Төрийн албаны бүтэц орон тоог нэмэгдүүлэх талаар хатуу дэг тогтоох хэрэгтэй байна. Боомтын тухай хуулийн төсөл батлагдахад орон тоо нэмэгдэхээр байгаа. Ийм юмнаасаа Засгийн газар татгалзаач ээ, одоогийн байгаа бүтцээрээ ажиллаж болоод байхад?

Н.Алтанхуяг:
Барилга баригдахаар түүнийг угааж цэвэрлэх үйлчилгээний ажилтнаас эхлээд манах харуул хэрэгтэй болно. Ийм замаар төрийн үйлчилгээний албаны орон тоо өсч байгаа. Ер нь бол УИХ энэ асуудлыг яриад шийдчих хэрэгтэй.

Ийнхүү УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд Ерөнхий сайдын хийсэн мэдээллийн хүрээнд асуулт тавьж хариулт авч дууссанаар энэ өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж