Өнөөдөр 11.00 цагт “Монголньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэсэн Увс аймгийн Тариалан сумын иргэд хэвлэлийн бага хурлаас шууд СЕХ-нд шаардлага хүргүүлэхээр очлоо. Тэднийг 11.40 цагт СЕХ-нд очиход, цайны цаг гэсэн нэрийдлээр оруулсангүй. Шаардлага хүргүүлэх гэсэн иргэдийг дэмжиж 100 гаруй хүн цуглажээ. Шаардлагыг “цайндаа орсон” гэх шалтгаанаар хүлээж авахаас цааргалсны хариуд Тариалан сумын иргэд “1500 километрийн цаанаас ажил болгон ирж байхад сонгогчдынхоо эрхийг хамгаалах ёстой байгууллага өмнөөс цайны цаг гэсэн тайлбар хийж байгаа явдал бол Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг хаацайлсан хэрэг. СЕХ тэднийг хамгаалаад байгаа нь авлигынх нь мөнгөөс авчихсан гэж хардахад хүргэж байна” гэлээ. Тэднийг удаан хүлээлгэсний эцэст СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Тариалангийн сумын иргэдийн хоёрыг нь хүлээн авч уулзан шаардлагыг гардан авлаа. Шаардлагад, мөнгө тарааж сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын мөнгийг авчихаагүй бол түр үнэмлэхийг хүчингүй болгон хуулиа мөрдүүлэн шударга ёсыг тогтоохыг шаардсан байна. Хэрэв хуулийг биелүүлж, луйвраар сонгогдсон нөхдүүдийн үнэмлэхийг хүчингүй болгохгүй бол СЕХ-ноос олгосон нэг сая төгрөгийг буцаан олгож, сонголтоо хамгаалахын тулд тэмцлийн бүхий л хэлбэрийг сонгоно гэжээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн шаардлагын хариуг хуульд заасан хугацаанд хариу өгнө гэдгийг хэлсэн байна. Харин Тариалан сумын иргэд шаардлагынх нь хариуг өгөх хүртэл СЕХ-нд суулт хийхээр боллоо.
Увс аймгийн Тариалан сумын иргэд, сонгогчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийх үеэр “Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар сонгуулийн үеэр хавтгайруулан 100-150 мянган төгрөг тарааж сонгогдсон. Харин бид нар сонгууль болохоос өмнө саналаа худалдахгүй гэж өгсөн мөнгийг нь тойргийн хороонд өөрсдийн биеэр аваачиж өгсөн юм. Гэтэл тойргийн хороо хуулийн дагуу тухайн нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах ёстой байтал харин ч тэдний талд орж хууль зөрчихийг хөхиүлэн дэмжсэн. Увс аймгийн тойргийн хороо, СЕХ "хууль хяналтын байгууллага тогтоогоогүй байна" гэх тайлбарыг хэлж байсан учраас бид цагдаа, тагнуулын байгууллагад хандсан. Ингээд гурван шатны шүүхээр мөнгө тараасныг тогтоож, Ч.Хүрэлбаатарын туслах Ш.Чинбат, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, Увс аймгийн МАН-ын дэд дарга н.Жамсран, Б.Чойжилсэнтэй нэг анги төгссөн Ариунтуяа гээд олон хүнд ял оноосон. Үүний дагуу хуулиа биелүүлж, тараасан мөнгийг нь тушаасан учраас иргэнийхээ үүргийг биелүүлсэн гэж хуулийн дагуу СЕХ-ноос нэр дэвшигчдийн тараасан 100 мянган төгрөгийг арав дахин нугалж нэг сая төгрөг олгосон. Харин жинхэнэ мөнгө тараалгасан нөхдүүд өнөөдөр УИХ-ын танхимд сууж байна. Тэдэнд хуульд заасны дагуу хариуцлага тооцоогүй учраас Монгол Улс даяар биднийг сая төгрөгийн төлөө хүн гүтгэсэн юм шиг ойлгож байна. Бидний нэр хүндийг сэргээж, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхийг бид шаардаж байна” гэсэн юм.
Тэд хариугаа хүлээн суусан хэвээр байна.
Д.СҮРЭН