Тайландад олон нийтийг хамарсан жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчид одоогийн Ерөнхий сайд Йинглак Чинаватраг огцрохыг шаардаж байгаа юм. Учир нь түүнийг эх орноосоо хөөгдсөн төрсөн ах Таксин Чинаватрагийн заавраар үйл хэргээ үргэлжлүүлж байгаа гэсэн хардлага тус улсад байсан. Улмаар ахыгаа өршөөлийн хуульд хамруулсан нь энэ асуудлыг улам дэвэргэсэн билээ. Эрх баригч намын баталсан өршөөлийн хуульд Ерөнхий сайдын ах багтсан нь ийнхүү олныг бухимдуулах болсон гэж ажиглагчид үзэж байна.
Гэхдээ дээрх жагсаал цуглааныг одоогийн Тайландын парламентад цөөнх болсон сөрөг хүчнийхэн далдуур зохион байгуулж байгаа гэсэн хардлагыг хэвлэлээр цацаж байгаа юм. Одоогоор Засгийн газрын яамдууд, агентлагууд болон зарим төрийн салбарууд үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байна. Дэлхийн олон зуун хэвлэл мэдээллийн агентлагууд гол анхаарлаа үүнд хандуулсаар.
Жагсаал энэ хэвээр үргэлжлэх юм бол цэргийнхэн хүч хавсаргаж, цэргийн эргэлт болох магадлалтай гэж ажиглагчид тайлбарлаж байна. Гэхдээ Тайландын цэргийнхэн одоогоор хэрхэх талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа гэдгийг онцолсон. Мэдээж нийгэмд энэ хэвээр эмх замбараагүй байдал үргэлжлэх юм бол яаралтай арга хэмжээ авч, жагсаалыг тарааж, Засгийн газрыг татан буулгах болов уу.
Засгийн газрын яам, агентлагуудын ажилчид дотроосоо түгжээтэй байгаа талаар зарим хэвлэл мэдээлсэн. Мөн цагдаагийнхан Гадаад хэргийн яам, Дотоод хэргийн яам, гурван агентлагийг хамгаалалтад авсан аж. Ерөнхий сайд өөрийн биеэр хэвлэлийн бага хурал зарлан байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Та бүхэн ямар учир шалтгааны улмаас ийнхүү намайг огцрохыг шаардаж байгаагаа дахин тодорхой илэрхийлнэ үү. Би төрсөн ахыгаа эх орондоо ясаа тавиасай гэж хүссэндээ дээрх өршөөлийн хуульд хамруулсан гэдгийг хэлмээр байна. Хэрэв намайг ахтай минь холбон огцрохыг шаардаж байгаа бол хүндхэн л асуудал болов уу. Би ард түмнийхээ итгэлийг хүлээн шударгаар өөрт оноогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа жирийн нэг улстөрч. Сөрөг хүчнийхэн өнөөдрийн жагсаалыг зохион байгуулж, дунд нь орж ард түмнийг турхирч байгаад харамсаж байна” хэмээжээ.
Улсын хэмжээнд онц байдал зарласан. Хилээ хааж, олон нийтийн ямар нэг арга хэмжээг цуцалсан. Дотоод хэргийн сайд цэргийнхэнд хандан “Засгийн газрыг огцруулах жагсаалд цэргийнхэн оролцохгүй байна гэдэгт итгэж байна” хэмээн мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдлийн дараа жагсагчид ч өөрсдийн төлөөллөө илгээн, байр сууриа илэрхийлэх хүсэлтэй байгаагаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн аж. Ингээд таван хүний төлөөлөл бүхий жагсагчид гудамж талбайд өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлжээ. Тэд Засгийн газрыг, Ерөнхий сайдтай хамт огцрохыг л шаардаж байгаа гэдгээ мэдэгдэв.
Ерөнхийдөө өдөр нь тав, зургаан цагийн жагсаал цуглаан болж, шөнө нь зарим хотын гудамжуудаар дээрэм тонуул болж байгаа тул цэргийнхэн болон цагдаагийнхан хоёр ээлжээр эргүүл хийж байгаа аж. Улсын онцгой бүсд хамаарагдах, эрчим хүч, цахилгаан холбоо, нисэх буудал, автотээвэр зэрэг газруудад хараа хяналт дээд зэрэгт байгаа гэдгийг Тайландын Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдсэн билээ.
Гудамж талбайгаар хүмүүс ажил төрөл хийхгүй, зүгээр л амарч, юу хүссэнээ хийж байна. Олон улсын худалдааны төв, их дэлгүүрүүд бүгд үүд хаалгаа хаасан ч дотор нь дэлгүүрийн эзэд нь бараагаа хулгайд алдахгүйн тулд буутай манаанд гарч байгаа талаар ч зарим эх сурвалжууд мэдээлсэн. Олон улсын ажиглагчид ч Тайландын нөхцөл байдалд ганц л дүгнэлт хийгээд байгаа. Тэр нь тун энгийн. “Хэзээ дүү нь ахыгаа суллах бол” гэсэн тэр л хүлээлтийг сөрөг хүчнийхэн хүлээж байсан мэт.
Тайландын эдийн засгийн нөхцөл байдал чухал үе дээр ирээд байгаа гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм. Мөн Боловсролын сайд Чатурон Чайсенг “Пеу Тхай нам Засгийн газрыг болон Ерөнхий сайдыг огцорсны дараах бүх зүйлийг зохицуулах байр суурь илэрхийлсэн байгаа” хэмээжээ. Сөрөг хүчний гишүүн Боловсролын яамыг хариуцан ажилладаг бөгөөд энэ нь өмнө “төлөвлөгдсөн байсан” гэсэн таамгийг баталгаажуулаад байгаа юм.
Ямартай ч Ерөнхий сайд Йинглак Чинаватра огцрох үндэслэлийг хүлээн авахгүй гэдгийг мэдэгдсэн бөгөөд хууль зүйн үүднээс ч жагсагчдын тавьсан шаардлагыг хүлээн авах боломжгүй гэдгийг холбогдох хуулийнхан мэдэгдсэн юм. Хамгийн гол нь жагсаал хийж байгаа иргэд энэ хэвээр үргэлжлэх юм бол нийгэмд байдал хурцдаж, цэргийнхэн дэмжинэ, эсвэл цэвэрлэх хоёр зам байгааг ажиглагчид тайлбарласаар.
Жагсаал, цуглааны үеэр ямар нэг хүн амиа алдсан талаар мэдээлэл байхгүй байгаа бөгөөд гэмтэж бэртсэн иргэд цөөнгүй харагдаж байсан талаар Тайландын хэвлэл онцолсон. Харин эмнэлгүүд бүгд хэвийн ажиллаж байгаа гэдгийг CNN агентлаг мэдээлсэн. Тайландын жагсаалаас ганц зүйл тодорхой болсон юм. Хэдий Йинглак Чинаватраг ард түмэн хүндэлж, Ерөнхий сайдаар томиолсон ч гэсэн түүний ахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нь ойлгомжтой болж байна. Мөн сөрөг хүчнийхэн ард түмний тархийг нь угаах хангалттай хүчтэй гэдгийг давхар харуулж байгаа талаар хэвлэлүүд онцолжээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин