Сүүлийн үед зарим нэг өдөр тутмын сонин, вэб сайтуудаар “Скайтел ХХК-ийг Авилгатай тэмцэх газраас шалгаж эхэллээ”, “Скайтел хэрэглэгчээ тагнадаг уу” гэх зэрэг худал мэдээлэл агуулсан, компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаах, хэрэглэгчдийн компанид итгэх итгэлийг алдагдуулах зорилготой үндэслэлгүй, илтэд гүтгэлгийн шинж чанар бүхий, захиалгат мэдээллүүд гарах боллоо.
Өнөөгийн Монголын нийгэмд тодорхой иргэн, аж ахуйн нэгж байгууллага, эсвэл өрсөлдөгчрүүгээ чиглэсэн зорилготойгоор энэ мэтчилэн гүтгэх, нэр хүндэд нь халдах байдал ихээхэн түгээмэл байгаа нь харамсалтай бөгөөд энэ төрлийн асуудалд хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож асуудлыг улам дэврээх, худал гүтгэлгийн хамрах хүрээг өөрсдийн хэрэгслээр дамжуулан улам өргөн болгож өгч байгаа нь дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээллийн салбарын хувьд байж болшгүй бөгөөд ёс зүйд нийцэхгүй явдал юм. Тийм ч учраас бидний зүгээс сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлтэй холбогдуулан Скайтел ХХК-ийг Авилгатай Тэмцэх Газраас ямар нэг хэрэгт холбогдуулан шалгаж буй эсэх талаар тодорхойлолт авах хүсэлтийг явуулсан бөгөөд Авилгатай Тэмцэх Газраас ирүүлсэн Скайтел ХХК-ийг ямар нэгэн хэрэгт холбогдуулан шалгаагүй болохыг тодорхойлсон албан ёсны хариуг дор нийтэлсэн болно.
Бас нэгэн худал гүтгэлэг нь Скайтел ХХК болон бусад холбооны компаниудын хамтран ажилладаг ZTE компанийг Хятадын Засгийн Газар удирддаг мэтээр бичиж уг бичлэгийнхээ гарчгийг “Скайтел хэрэглэгчдээ тагнадаг уу” гэсэн байдлаар өгсөн байна. ZTE нь Паблик буюу Хонгконгийн олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, хувьцаа нь хөрөнгийн зах зээлдээр чөлөөтэй арилжаалагддаг, олон нийтийн хяналт бүхий, нээлттэй хувьцаат компани бөгөөд холбогдох мэдээллийг нь Хонгконгийн хөрөнгийн биржийн вэб сайтад хандан шалгаж үзэх боломжтой. Энэ мэт нийтлэлийн гол зорилго нь мөн л хэрэглэгчийн сонголтод нөлөөлөх, компанийн ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар халдах гэсэн бохир бөгөөд явуургүй аргын илрэл юм.
Скайтел компанийн хэрэглэгчдийн хувьд энэ мэт худал, гүтгэлгийн шинжтэй, захиалгат мэдээлэлд анхаарал хандуулах шаардлагагүй юм. Бидний хувьд компанийн хүрч буй ололт амжилтыг үгүйсгэх, зах зээлд шударга бусаар өрсөлдөх гэсэн хууль бус үйлдэл, оролдлогуудыг эс хайхран, цаг хугацааг гол өрсөлдөгчөө болгон 4 дэх үеийн технологи буюу LTE технологийг Монгол орон даяараа нэвтрүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. Үүрэн холбооны үндэсний оператор Скайтел компани Өндөр хурдны SKY3G+ /GSM/ сүлжээгээ хурдацтай өргөтгөн ажиллаж бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ шинэчлэн хэрэглэгчдэдээ үнэ цэнэтэй, энгийн ойлгомжтой, хэрэглэхэд хялбар ухаалаг байлгахад илүүтэй анхааран өрсөлдөх чадвараа хөгжүүлэн ажиллаж буйгаа нийт уншигч, хэрэглэгчдэдээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.