Нийслэлийн ирэх оны төсөв 24.1 хувийн өсөлттэй байна

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Нийслэлийн ирэх оны төсөв 24.1 хувийн өсөлттэй байна

НИТХ-аар өчигдөр 2014 онд хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөж ирэх оны төсвийг хэлэлцлээ. Энэ удаагийн төсөв нь иргэдийн оролцоотой гэдгээрээ өмнөх жилүүдийнхээс онцлог болж байгаа юм. Төсөв батлах хэлэлцүүлгийг нийт 52 хорооны иргэдийн дунд явуулсан бөгөөд хамгийн их ирүүлсэн нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрийг ирэх оны нийслэлийн төсвийн төслийг боловсруулахдаа тусгасан байна. Нийслэлийн төсвийн орлогын 2014 оны төслийг боловсруулахдаа төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүйн орчны хүрээнд эдийн засгийн өсөлт болон албан ёсны статистик мэдээлэлд тулгуурлан боловсруулсан гэдгийг хурлын эхэнд онцолсон юм. Ирэх онд нийслэлийн төсөвт 853 тэрбум 712.7 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөвлөжээ. Төсвийн тухай хуульд заасан ангиллын дагуу нийслэлийн төсөвт төвлөрөх орлогын төлөвлөгөөг 556 тэрбум 410.9 сая төгрөгөөр төлөвлөсөн нь энэ оны батлагдсан төлөвлөгөөнөөс 108.2 тэрбум буюу 24.1 хувиар, 2012 оны гүйцэтгэлээс 209.1 тэрбум төгрөг буюу 1.6 хувиар нэмэгджээ. Мөн Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь заалтын дагуу “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн хөгжлийн сангаас олгох, шилжүүлэх, тооцох аргачлал”-ын дагуу 29.3 тэрбум төгрөгийг есөн дүүрэгт хувиарласан байна. Тодруулбал Налайх дүүрэг 778.5 сая төгрөг, Багануур дүүрэгт нэг тэрбум 40.3 сая төгрөг, Багахангай дүүрэгт 139.4 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт зургаан тэрбум 529.8 сая төгрөг, Баянгол дүүрэгт 12 тэрбум 966.6 сая төгрөг, Чингэлтэй дүүрэгт 17 тэрбум 240.8 сая төгрөг, Сүхбаатар дүүрэгт 21 тэрбум 916.2 сая төгрөг, Хан-Уул дүүрэгт 18 тэрбум 172.1 сая төгрөг, Баянзүрх дүүрэгт 17 тэрбум 517.8 сая төгрөг тус тус төсөвлөсөн байна.

Нийслэлийн ирэх оны төсвийн талаар нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагаас тодрууллаа.


-Нийслэлийн төсвийг батлаж байна. Энэ жилийн төсөв ямар онцлогтой вэ?

-2013 оны төсөв Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт руу чиглэсэн байсан бол 2014 оны төсөвт иргэд рүүгээ чиглэсэн бодлого баримталж ажиллахаар төлөвлөж байна. Үүний жишээ нь нэгдүгээрт нийслэл анх удаа “Иргэдийн оролцоотой төсөв-2014” компанит ажлыг зохион байгуулж, нийслэлийн 152 хороогоор дамжуулан 320 мянган айл өрхөөс ирэх оны төсөвт тусгах бүтээн байгуулалтын ажилд санал авлаа. Хэлэлцүүлгийн дүнд иргэд өөрсдийн хороонд хамгийн түрүүнд юу хийлгэх шаардлагатай байгааг нэгтгэж, түүний дагуу боломжтой гэж үзсэн төслүүдийг төсөвтөө суулгаад байна. Өөрөөр хэлбэл ирэх оны төсөв бол иргэд өөрсдөө саналаа оруулсан, татварын мөнгөө юунд зарцуулахаа шийдсэн, хяналт тавьсан төсөв болж байгаагаараа онцлог юм. Мөн 2014 оны төсөвт цоо шинээр оруулж ирж байгаа нэг асуудал нь Улаанбаатар хотын иргэдийн 60 гаруй хувийг орлого багатай иргэд эзэлж байгаа нь боловч эдгээр хүмүүст ямар нэгэн дэмжлэг байдаггүй. Тиймээс анх удаа төсвөөс бичил зээлийн төслийг бий болгож 152 хорооны иргэдэд 15.2 тэрбум төгрөгийг төсөвлөнө.

-Тэгэхээр нийслэлээс жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихээр ажиллаж байгаа гэсэн үг үү?

-Тийм, хот анх удаа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санг бий болголоо. Энэхүү санг бий болгосноор нийгэмд чиглэсэн ажил үйлчилгээ эрхэлж амьдралаа дээшлүүлэх зорилготой иргэдэд зээл олгох юм. Ингэснээр иргэдийн маань амьдралын төвшин болон шинэ ажлын байрны тоо нэмэгдэх боломжтой.

-“Иргэдийн оролцоотой төсөв 2014” хэлэлцүүлгийн үеэр иргэдийн дийлэнх нь ямар санал гаргасан бэ?

-Бид саналаа гэр хороолол, орон сууцны хороолол гэсэн хоёр төрлөөр авсан. Үүнээс хамгийн их санал буюу 170 байршилд цэцэрлэг бариулахыг иргэд хүссэн. Мөн аюулгүйн байдал чиглэлд камержуулах, тохь тухтай байх чиглэлд нийтийн эзэмшлийн зам талбайгаа цэцэрлэгжүүлэх, нийтийн үйлчилгээний чиглэлд автобусны буудал зогсоолуудыг оновчтой болгох шаардлагатайг иргэдийн өгсөн саналаас харж болно.

-Дээрх асуудлыг шийдвэрлэх төсвийг хотын төсвөөс гаргах уу?

-Энэ бүгдийг хотын төсвийн болон орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Энэ жилийн хувьд орон нутгийн хөгжүүлэх сангийн 13 тэрбумаар нэмэгдэж, 48 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон. Үүнийг дүүргүүдэд хуваарилж иргэдээс ирсэн камержуулах, тоглоомын талбайг тохиужуулах зэрэг саналыг шийдвэрлэнэ. Иргэдийн санал, хэрэгцээ шаардлага, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг үндэслэн ирэх онд цэцэрлэг, бага сургууль 17 цогцолбор шинээр барих ажлыг эхэлнэ.

Н.БААСАНДЭМБЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж