Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ
Эрх чөлөөний дайсан-3
Доктор Б.Батчулууны “Эрх чөлөөний дайсан” номыг цувралаар хүргэж байна.
Философийн ухааны доктор Б.Батчулуун Д.Боаз “Либертарианизм”,  Д.Бэргланд “Нэгэн хичээлд багтаасан либертари үзэл”, К. Скүланд “Жонатан Гулибэлийн аялал”, Ж.Норбэрг “Даяаршиж буй капитализмыг хамгаалахуй”, А.Рэнд ”Эх сурвалж” гэх мэт бүтээлийг англи хэлнээс орчуулж, сонин сэтгүүлийн хуудаснаа либертари үзлийг сурталчилсан 30 гаруй өгүүлэл нийтлүүлжээ. “Эрх чөлөөний дайсан” хэмээх энэ ном үндэсний  либертари автортай анхны бүтээл юм. Энэ бүтээл бүхэлдээ “Хувь хүн төрөөс дээгүүр орших ёстой” гэсэн үзэл баримтлалыг үндэслэхийн тулд төр болон хуулийн тэр бүр  ил харагддаггүй сөрөг талуудыг дэлгэн тавьжээ. Манай сайт доктор Б.Батчулууны номын хэсгээс цувралаар хүргэж байна.

Төр хэмээх Левайфан ба түүний зэвсэг болсон хуулийн тухай

Магадгүй, дараах зүйлийг бүлгийн эцэст дүгнэлт маягаар хэлэх ёстой байсан байх. Гэхдээ тогтсон журмыг бага зэрэг зөрчин гол зүйлээ эхэлж хэлчхээд түүнийхээ араас тайлбарлахад болохгүй юу байх билээ. Либертари үзэлтнүүд яагаад төрийн эсрэг ийм хүчтэй эсэргүүцэл үзүүлж байдаг юм бэ? Дахин хэлэхэд олон зүйл хэлж болно. Товчхон базаж доорх хэдэн шалтгааныг дурдаад дараа нь задлан авч үзье. Нэгд, төр асуудлыг шийдвэрлэхдээ юуны түрүүнд хүчирхийлэл дээр тулгуурладаг. Хоёрт, Бусдад ямар ч гэм хор учруулаагүй хувь хүний амьдралд хөндлөнгөөс оролцож түүнд зааварлан тушааж байдаг (Энд эдийн засгийн амьдралд хөндлөнгөөс оролцдог утга багтана). Гуравт, Төр нь хууль, татвар гэх мэт өөрсдийн зохиосон олиггүй зүйлсээр дамжуулан бусдын хүчээр амьдрагсад буюу мөлжигчдийг өөртөө орогнуулдаг.  Хууль бол төрийн дээрмийг хууль ёсны болгодог хэрэгсэл, улс төрчдийн хүсэл зоригийн илэрхийлэл болоод байна. Ийм нөхцөлд төр, хууль хоёр нь төрсөн эцэг, хүү мэт болдог. Улс төрчид нийгмийн амьдралд шаардагдаж буй эрэлт хэрэгцээг биш, өөрсдийн явцуу эрх ашгийн (голдуу бизнесийн аль нэг бүлэглэлийн) үүднээс хуулийг боловсруулж байдаг. Тийм учраас “Хууль бол гууль”, “Монголын хууль 3 хоногийн настай” гэсэн үгнүүд бодит байдалд яг тохироод байгаа юм.

ТӨРИЙН ҮҮСЭЛ

Төрийн үүслийн талаар “нийгмийн гэрээний” болон “ангийн тэмцлийн” гээд янз бүрийн онол сургаал байх аж. Харин либертари үзэлтнүүд төрийн үүслийн талаар социологич Франц Оппенхэймэрийн үзэлд ихээхэн ач холбогдол өгдөг. Түүнийхээр төр анхнаасаа муу муухай зүйлээс угшилтай. Нийгэм дэх нэг хэсэг хүмүүс нөгөө хэсгээ дийлсний дараа ялагдагсдад хаана амьдрах, хэрхэн амьдрах, ямар ажил хөдөлмөр хийхийг зааж захирамжилна. Улмаар ингэж амьдрах бололцоо олгосныхоо барьцаа болгож захирагдагчаасаа хөлс буюу татвар нэхдэг. Өөртөө захирагдаж буй хүмүүсээс асар их баялгийг татварлаж аваад төрд байгаа цөөн хүнд өгөх явдал бол төрийн үндсэн шинж. Тэд үүнийгээ тайлбарлахдаа “Та нарыг хэн нэг нь хамгаалах ёстой. Тэр үүргийг бид гүйцэтгэнэ. Тэгэхгүй бол та бүхэн тариагаа тариад насан турш амар амгалан амьдраад байх боломжгүй. Хэн нэгэн ирээд энэ бүх зүйлийг чинь булаан авах болно” гэдэг.

ТӨРИЙН МӨН ЧАНАР

Либертари үзэлтнүүдийн үздэгээр ТӨРИЙГ ЦОРЫН ГАНЦ ШАЛТГААНААР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БОЛНО: ХУВЬ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХ ЗОРИЛГООР БИЙ БОЛСОН ТӨРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БОЛНО. Өөрөөр хэлбэл, иргэд өөрсдийгөө хамгаалах, өөртөө үйлчлүүлэх зорилгоор төрийг бий болгодог. Төрд өөр зорилго, өөрийнх нь эрх ашиг гэж зүйл байх ёсгүй. Энд логикийн хийгээд ёс суртахууны талаас хэн бүхний хүлээн зөвшөөрөх үндэслэл гаргаж болно. Төр нь өөрөө хувь хүмүүсээс авсан баялаг дээр тогтож байдаг. Мөн төр нь хувь хүмүүст амлалт өгч, тэр хүмүүсийн зөвшөөрлөөр гарч ирдэг. Хүмүүсээс авч байгаа зүйлээ бодсон ч, өгсөн амлалтаа бодсон ч ХУВЬ ХҮН ТӨРӨӨС ДЭЭР (эсвэл тэргүүнд, урд, өмнө нь) ОРШИХ учиртай. Гэтэл …

Төр бол мөлжигчдийн орон гэр мөн. Гэтэл төр, ямар ч төр, өөрийн уг чанарын улмаас нийгэм дэх баялаг бүтээгч хүмүүст харш үйл ажиллагаа явуулдаг. Би энд төрийн үндсэн үйл ажиллагаа болох татвар, протекционизм, тариф, үйлдвэрлэл ба хуваарилалтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог тухай ярих гээгүй. Энэ бүхэн үнэн, гэхдээ хойшид яригдах сэдэв. Харин төрд очсон хүмүүс юунд нь тэгтлээ татагддаг тухай эхлээд өгүүлье. Төрд очсон хүмүүс [энд байхад] хувь хүмүүсээс баялгийг нь хуулийн дагуу авч болдог, хутга барьж дээрэм хийх юм уу хулгай хийж бусдын юмыг авбал хэрэгт орно, харин [энд] дээрэм хийхийг хуулиар зөвшөөрдөг (зөвшөөрдөг ч гэж дээ, өөрсдөө тийм хууль гаргадаг), [энд байхад] бага хөдөлмөрлөөд ихийг авна, [энд байхад] эрх мэдлээ ашиглан өөртөө ашигтай нөхцөл бий болгодог гэдгийг хамгийн сайн мэдэрч авдаг. Уншигч та, нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд үргэлж шилжиж байдаг, албан тушаалаасаа халагдвал боож үхэх гээд бөөн зарга заальхай болдог хүмүүсийг хараад гайхдаг байж магадгүй. Гайхах юм байхгүй, тэд татвар төлөгчдийг сорон мөлжихгүйгээр, хүн шиг ажил хөдөлмөр хийгээд амьдарч чадахаа больчихсон учраас маш хүнд байдалд ордог. Тэгээд л албан тушаалаасаа салахаас үнэхээр айдаг. Албан тушаалын төлөө үхэн хатан үзэлцэхээс өөр аргагүй болсон хүмүүс. Гэхдээ энд нэг сонирхолтой зүйл бий. Төрийнхөн тухайн тансаглалыг дур зоргоороо эдлээд байгаа юм биш, төрд ажилладаг хүн иймэрхүү хангамж эдлэх ёстойг хуулиар зөвшөөрсөн байдаг аж (Энэ бол худал, үнэндээ зөвшөөрдөг биш, тэд өөрсдөдөө зориулж ийм хууль гаргадаг). Тэр хуулиндаа өөрсдийн бүх тансаглал, хангамжийн зардлыг улсаас гаргуулахаар тусгана (Энэ бас худал, улсаас биш, биднээс гаргуулахаар). Тэгэхээр нөгөөх “төрийн хүн” маань энэ бүх хангамж, тансаглалыг эдлэхгүй бол хуулиа зөрчсөн хэрэг болно (Энэ бол харин үнэн). Хууль зүйт нийгэмд амьдарч байгаагийн хувьд хуулийн заалтыг биелүүлэх ёстой. Иймэрхүү хууль зүйт нийгэмд залуус төрийн алба уруу зүтгэж байна. Тэнэг биш л бол хэн ч гэсэн боолчлогдож байснаас боолын эзэн байсан нь дээр гэдгийг мэдэлгүй дээ.

Улс төрч гэдэг бол шууд утгаараа бусдын мөнгөөр амьдрагсад юмуу аль эсвэл бусдын мөнгөөр амьдрахыг хүсэгчид болохыг өнөөдрийн Монголын бодит байдал маш тодорхой харуулдаг. “Төрийн хүмүүс” маань одоо өөрсдийн мэргэжлээр (хэрэв тэд улс төрч гэдэг хүний мөнгөөр амьдардаг мэргэжлээс гадна ажил хийж мөнгө олдог өөр ямар нэг мэргэжил хэзээ нэг цагт эзэмшсэн бол) хамгийн муу мэргэжилтнүүд болсон. Нийгэм асар хурдацтай өөрчлөгдөж үнэхээр ажил хийж амьдардаг хүмүүс маш хурдан чадваржиж байна. Иймд нөгөөдүүл мэргэжлээрээ аль хэдийнээ хоцорсон. Жинхэнэ зах зээлийн нийгэмд “дарга” гэсэн мэргэжил байдаггүй. Ажил хөдөлмөр хийж амьдрах чалхгүй болсон эдгээр хүмүүс үүнээс хойш төрөө хөхөж амьдрахаас өөр аргагүй. Энд яригдаж буй зүйлс үнэн гэдгийг 10-20 жил албан тушаалын далбаан доор амьдрагсдын намтар түүх, удаа дараагийн сонгуулиар гэрийн тань үүдэн дээр уйлан дуулаад зогсож байдаг дүр төрх, аль нэг албан тушаалд очих гээд ичих нүүрээ алддаг байдал харуулдаг.

Төрийнхөн, хүн л юм чинь бидэнд ч гэсэн гачигдал зовлон байна гэдэг. Тийм ээ, гачигдал гэвэл жирийн иргэдийн гачигдал, зовлон хамаагүй бодитой, тулгамдсан, бас тэгээд үнэн байдаг. Гэсэн ч тэдэнд төрд өгсөн мөнгөнөөсөө хэрэглэх бололцоо олддоггүй. Жирийн иргэн та үнэхээр төрийнхөнтэй адил эрх чөлөөт, тэгш эрх бүхий иргэн мөн юм бол төрд өгсөн татвар хураамжаасаа хааяа (төрийнхөн шиг байнга биш) хэрэглэх эрхтэй байх ёстой. Энэ нь тун нухацтай хандах ёстой асуудал атал иргэн та даанч хэнэггүй байдаг учраас төрийн хүнд улам их завших бололцоо олгодог. Бид төрд байгаа хүмүүсийн төлөө хөлсгүй хөдөлмөрлөх ёсгүй л юм бол өөрийн бүтээсэн баялгийг хаашаа явж байгаа, хэн, юунд, хэрхэн зарцуулсныг заавал асууж, хянаж байх ёстой. Либертари үзэлтнүүд энэ мэт асуултыг иргэдэд тавьснаараа тэдний “өөрөө өөрийнхөө төлөө” гэсэн ухамсрыг нь сэргээж өгөхийг хичээж байдаг.

Хүмүүст байдаг ерөнхий шинж бол өөрөөсөө өөр хүнд дургүй байх хандлагатай байдаг. Хулгайч нар хулгай хийдэггүй хүнд дургүй. Албан тушаалын хүчээр амьдрагсад авьяас чадвар, хүч хөдөлмөрөөрөө амьдрагсдыг хараад хорсон тэднийг аль болох өөрөөсөө хараат байгаасай хэмээн хүсдэг. Хууль ярьдаг хүмүүс хууль ярьдаггүй атлаа хүнд хэзээ ч муу юм хийдэггүй хүмүүсийг хараад хорсдог. Төрийг хөхөж амьдрагсад хүч хөдөлмөрөөрөө амьдрагсдыг хараад бусдаас тэр тусмаа төрөөс юм гуйхгүй байгаад хорсоно. Ер нь өөр шигээ хоёр нүүр гаргахгүй байгаад хорсож байна. Стэйтистүүд либертари үзэлтнүүдийг өөрсөд шигээ болгохыг хүсдэг. Зарчимтай, тууштай хүмүүсийг “өөр шигээ болоосой” гэхээс байж ядаж байдаг. Арга ядахад нэг удаа боловч над шиг өөрийгөө хуураасай гэж бодож байна. Тэд либертари үзэлтнүүдэд яагаад ийм дургүй байна вэ гэвэл өөрсдийнх нь нүүр царайг өөрсдөд нь харуулж байгаад цаанаа ичиж байна. Иймд өөрсдийн хуурамч байр суурийг хамгаалсан үг олох гэж яддаг. Аймхай хүмүүс зоригтнуудаа үргэлж хавчин гадуурхсаар ирсэн билээ. Харин либертари иргэдийн хувьд өөрийн хөлс хүчээр амьдарч байгаа хүн сайхан харагддаг, түүний багш, гуталчин, малчин, эмч байх нь хамаагүй. Гэтэл хүний мөнгөөр амьдарч байгаа хүн бүр муухай харагддаг, тэдний сайд, Их хурлын гишүүн, Ерөнхийлөгч байх нь хамаагүй. Төр бол хүчирхийлэгч. Төр гэдэг “муу зүйл зайлшгүй байх ёстой” юм бол илүү ч үгүй, дутуу ч үгүй яг хувь хүний хүлээн зөвшөөрсөн хэмжээнд л байх ёстой. Хувь хүн төрийн өмнө дагжин чичирч зогсох ёсгүй, түүнийг бурханчлан шүтэх ч албагүй. Дээр хэлснээр ийм байх улс төр, эдийн засаг, ёс суртахууны эрх хувь хүнд бий. Хувь хүн төрөөс юу шаарддаг вэ гэвэл юуны түрүүнд өөрийн эрхийг хамгаалах, цааш нь өөрсдийн хүссэнээр амьдрах боломж бүрдүүлэх, аллага, хулгай, доромжлол, халдлагаас хамгаалахыг шаардана. Төр ийм л үүрэгтэй. Үүнээс өөр ямар ч үүрэг байхгүй.

Гэтэл төр өөрт нь ногдуулаагүй үүргийг авахыг үргэлж дурладаг. Үүний шалтгаан юу вэ гэвэл төр янз бүрийн халамжлах, цагдах, журамлах, хориглох үүргийг өөртөө авч үүгээрээ далимдуулан иргэдийн мөнгийг улам ихээр хурааж өөрийгөө данхайлгах далим гаргадаг. Ямар сайндаа “энэ ертөнц дээрх муу муухай зүйл болгон төрийн улам чийрэгжих үндэс болдог” (Д.Бэргланд) гэсэн үг байх вэ дээ. Дайн дажин, хулгай дээрэм, зуд турхан, ган гачиг, хямрал, ядуурал доройтол, халдварт өвчин ихсэх тусам төр алга хавсран баясаж “За тэр, би та нарын амьдралд оролцохгүй бол юу болохыг харж байна уу” хэмээн ард иргэдээс авах татвараа улам ихэсгэж өөрийгөө данхайлган хүмүүсийн амьдралд оролцох оролцоогоо ихэсгэдэг. “Намайг байхгүй бол та нар өөрсдийн төлөө юу ч хийж чадахгүй. Юу хэрэгтэй байгааг чинь та нараас илүү мэдэж байна” гэнэ. Нэгэнт танаас илүү мэдэж байгаа болохоор түүний шийдвэр ямагт зөв байж таарна. Тэгэхээр түүнд үг дуугүй захирагдах зам л үлдэнэ. Эс тэгвээс төр гуайн таныг алгадаад авах энүүхэнд. Харин та түүнийг хариу алгадах нь бүү хэл муухай ч харж болохгүй. Төр бол “луйварчин”. Төр ер нь хоёр гартай. Нэг гараараа авч нөгөө гараараа өгдөг. Өгч буй гар нь хатуу бөгөөд богино байхад авч буй гар нь урт бөгөөд хүрсэн бүхнээ наалдууламтгай байдаг. Төр өөрийгөө бусдын хөрөнгийг захиран зарцуулагч мэт үзнэ. Төсөв хийхдээ ард түмнээс авсан мөнгөнөөс асар ихийг өөртөө авч үлддэг – өөрсдөдөө зориулсан тусгай хангамж, гадаад томилолт, эмчилгээ, үйлчилгээ гээд. Энд “хангамж” гээд товчлоод хэлчхэж байгаа болохоос үүний цаана маш их зүйл бий: утас, унааны мөнгө, өрөө тасалгааных нь ганган тансаг тавилга, элдэв хүлээн авалт, найр цэнгээн, түшмэдэд янз бүрийн үйлчилгээ үзүүлж буй хүмүүсийн цалин хөлс гээд. Төрийн хүнд оногдож буй зардал жирийн иргэнийхээс хэдэн зуу дахин өндөр байдаг. Түүнээс гадна төрийнхэн жирийн хүмүүст зориулсан ядмагхан төсвөө хэмнэж буй нэрээр өөрсөддөө үлдээж түүнээс ашиг олдог. 2009 онд гэхэд БСШУЯ гэхэд төсвөөсөө нэг тэрбум төгрөг хэмнэсэн гэж байгаа. Гэтэл боловсролын системд ажиллагсад нийгэмд хамгийн бага цалинтайд тооцогдож байдаг хүмүүс шүү дээ.
Засгийн газар гэдэг бол өөрөө юу ч үгүй, зөвхөн ард түмнээс авсан мөнгөн дээр тогтож байдаг институци. Иймд төрийн зардалд зориулж төсвөө нэмнэ гэдэг бол тэд өөрийн тансаг байдлын төлөө бусдаас авах зүйлээ нэмж байна гэсэн үг. Төрөөс олон түмэнд зориулж төсөвлөсөн мөнгө шууд буюу дам байдлаар нөхөн үржиж, ач тусаа эргүүлэн өгдөг бол төрд төсөвлөсөн мөнгө цэвэр алдагдал болно. Хууль тогтоогчдын мэдэлд буутай хүмүүс байдаг болохоор та тэдэнд мөнгөө өгөхөөс өөр аргагүй. Татвар гэдэг ерөөсөө л хүчирхийлэл дээр тулгуурласан луйвар.

Төр нь харагдах хийгээд үл харагдах хоёр зүйлээс тогтдог. Харагдаж буй зүйл нь болохоор ажил хэрэгч уулзалт, гэрээ хэлэлцээр, тэтгэвэр тэтгэмж, хүмүүст санаа тавьж буй мэт байдал. Үл харагдах зүйл нь болохоор төрийн түшээдэд зарцуулагддаг элдэв хөнгөлөлт, хангамж, цалин пүнлүү, татвар татаас. Харагдаж буй зүйл нь хүүхдийн мөнгө, үл харагдах зүйл нь хүүхэдгүй гэр бүл юмуу аль хэдийнээ зовж байж үр хүүхдээ өсгөөд нас биенд хүргэчихсэн гэр бүлийн төлөөс. Харагдаж буй зүйл нь тэтгэвэр тэтгэмж, харагдахгүй байгаа зүйл нь тэтгэвэр, тэтгэмж авдаггүй хүмүүсийн төлж буй татварын мөнгө.  Төр эгээ л далайд хөвж яваа мөсөн уул шиг зүйл. Хөвж буй мөсөн уулын ихэнх нь усан доор байдаг шиг төрийн хамаг болохгүй зүйл нь доороо үл харагдаж, харин болж бүтэж байгаа гэм зэмгүй зүйл нь усны мандал дээр ил байдаг. Гэхдээ төр-засагт байгаа хүмүүсийн заримд нь зүгээр сууж байгаад хүний мөнгийг идэж байгаадаа бага зэрэг ичих мэдрэмж төрдөг шиг байгаа юм. Гэсэн хэдий ч өөрийн жинхэнэ дүр төрхийг бүх хүнээс тэр ч бүү хэл өөрөөсөө хүртэл нууж, өөрийгөө асар чухал ажил хийж байна хэмээн өөртөө итгүүлэхийг хичээж байдаг. Төр хэрхэн данхайдаг тухай. Нийгэмд либертари үзэл санаа ихээр тархаж, иргэдийн ихэнх нь либертари бодол санаатай болбол төрийнхөн хамгийн хэцүү байдалд орно. Ийм учраас төр өөрийгөө данхайлгах бүхий л арга хэрэгслийг ашигладаг. Наад захын жишээ татвал, 2008 оны сонгуулиар гарч ирсэн УИХ-ын гишүүд өөрсдийгөө томсгох арга хэмжээг байнга авсаар ирсэн. 1 туслахтай байснаа 5 туслахтай болсон. Хууль санаачилсан мөнгө гэж хэдэн саяар халаасална. Уг нь энэ бол тэдний үндсэн ажил шүү дээ. Ийм жишгээр бол багш, эмч нар диплом авангуутаа цалинтай болох бөгөөд тэгээд бас хичээл зааж, хүн эмчилж эхлэвэл бас түүн дээрээ нэмж цалин авах ёстой болж байна. Ингэж цалингаасаа гадуур хэдэн арван саяар халааслах шалтгийг 2008 онд сонгогдсон УИХ-ын гишүүд олсон хэрэг. Эмнэлэг, сургууль, төрөх газар, Улаанбаатар хотын утаа, ундны усны бохирдол, ногоон байгууламж гээд ард түмэнд амин чухал хэрэгтэй хөрөнгө мөнгө шаардсан үй түмэн асуудал байсаар байхад өөрсдөдөө төсвийн мөнгийг захиран зарцуулах эрхийг авч хүн бүр нэг тэрбум төгрөг хуваарилж авсан гээд. Одоогийн УИХ-аас иймэрхүү жишээ татаад байвал хэдэн боть зузаан зохиол болно. Энэ бол хэтрүүлэг биш гэдгийг өнөөгийн Монголын иргэн бүр мэднэ. Иргэдийнх нь амьдрал хөгжингүй орны иргэдийн хаана ч хүрэхгүй байхад төрд байгаа хүмүүс өөрсдийн эрх ямба болон хангамжийг ямагт тэр хэмжээнд аваачна. Ерөнхийлөгч л гэхэд Америкийн Ерөнхийлөгч ийм хамгаалалт, ийм туслах, ийм албадтай байдаг гэх мэтээр төрийн аппаратыг томруулдаг. Үүнд нь төрийн алба хашигч хүн бүхэн дуртай байдаг. Ингээд өөрсдийн тусгай хангамжийг баталгаажуулсан хууль, тогтоол гаргаад түүнийгээ хууль биелүүлэх ёстой гэж ярина. Төр өөрийгөө данхайлгах тусгай курс, сургууль, дадлагын газартай. Түүний нэгийг Удирдлагын хөгжлийн академи гэнэ. Энэ байгууллага коммунист нийгмийн үед Коммунист намын боловсон хүчнийг бэлтгэдэг байсан шигээ одоо төрийн хүмүүсийг бэлтгэдэг газар болсон.

Төрийн хүмүүсийг бэлддэг өөр хэд хэдэн бюрократ курс дамжаа, дадлагын газар бий: а/ Дүүргийн засаг дарга нар, б/ Аймгийн засаг дарга, в/ Намуудын залуучуудын байгууллага, г/ Хотын захиргаанд ажиллагсад, д/ Яам тамгын газар ажиллагсад. Эдгээр курс дамжаанд сурч, дадлагын газар дадлагажсан хүмүүсийн хамгийн сайн суралцсан зүйл юу вэ гэхээр, дээд тушаалын хүндээ хэрхэн долигонож, доод тушаалын хүмүүсээ хэрхэн дарамтлах, хээл хахуулийг хэрхэн гэмгүй (нууцаар) авч сурах гэх зэрэг байдаг. Эдгээр нь төрийнхний хамгийн таашаал авдаг зүйлс юм. Албан тушаалтнуудаас хамгийн уулзаж учирмааргүй, холхон явж баймаар хүмүүс бол эдгээр курс дамжаа, дадлагын газрынхан байдаг.

Төрийн панз. Бюрократизм хэт ноёрхсон нийгэмд албан тушаалын наймаа явагдаж эхэлдэг. Энэ нь ч бас шинэ юм биш. Түүхэнд Францын XIV Людовик “түлээ бэлтгэлд хяналт тавих Ван эзний зөвлөх, сахал хусагч үсчний албан тушаал, давсалсан тос амтлагчийн албан тушаал” зэргийг бий болгон худалдаж байсан гэдэг. Энэ бол монголчуудын хувьд инээдтэй түүх биш, бодит байдал. Төр, мэргэжлийн ур чадваргүй аль эсвэл албан тушаалаа зарж, хөнгөн хялбараар амьдрах гэсэн хүмүүсийн хоргодох байр болсон манайх шиг нийгэмд үнэний шалгуур гэх юм байдаггүй. Иймэрхүү нийгэмд үнэний шалгуур нь эрх мэдэл, нэр хүнд, хөрөнгө мөнгө л байдаг. Албан тушаал, нэр хүндийг шүтсэн орчинд хүний хамгийн гол зүйл болох чөлөөт байдлаа эрхэмлэх явдал огтоос үгүй болж, жаахан ч гэсэн албан тушаалтай болж байвал хүний өмнө яаж ч дорд үзэгдэж, доромжлуулж, нэр төрөө алдаж, гуйлгачин царайлсан хамаагүй болно. Ийм орчинд ичих, нэр төрөө бодох зэрэг ёс суртахууны ойлголтууд үеэ өнгөрөөсөн, хуучны ойлголт, хоосон үг төдий зүйл.  Ерөөсөө хүнтэй горизонталь (хэвтээ) харьцаанд орж сураагүй ямагт вертикаль (нэг бол дээшээ эсвэл доошоо) харьцаад сурчихсан ийм хүмүүсийн ганц тайвшрал нь “миний захирч байгаа хүний тоо намайг захирдаг хүний тооноос олон доо” гэдэг бодол байдаг. Боолчлолгүй ёсны тухай ойлголт байхгүй тэр хүн ийм байдалдаа шанална гэж ч байхгүй. Энэ хүмүүсийн хувьд шударга, зарчимтай амьдрах гэсэн хүний оролдлого тэнэг, гажиг, солиотой, бодит байдлаас тасарсан мэт санагддаг болж нийгэм улам бүр ёс суртахууны уналтад ордог. Төрд хандах евро-ази менталитет. Монголчууд бид төрд хандах хандлагын хувьд яах аргагүй Бердяевын хэлсэн евро-ази хүмүүс. Евро-ази орчинд хувь хүнээс үүдэлтэй бүхнийг үзэн ядаж, хэт хамт олонч байдлыг номлодог. Даяанчлан хатамжлах байдлыг (аскетизмыг) сурталчилж, хувь хүний өөрийгөө гэсэн бүх сэдэл, үйлийг хүчээр нухчин дарж, бусадтай нь хөг ая нийлүүлнэ. Энд төрийн эсрэг хувь хүнийг хамгаалсан дадал заншил, сэтгэлгээ огтоос байдаггүй.

Төр, иргэний харилцаан дахь психологийн хүчин зүйл. Төрд хандах ази психологийн тухай Герман-АНУ-ын психоаналитикч, философич Э.Фромм өөрийн бүтээлд өгүүлсэн байдаг. Түүнээс толилуулъя. Төр гэдэг асар том хүчирхийллийн машины өмнө зогсож буй өчүүхэн хүмүүст хамгийн түрүүнд төрдөг сэтгэгдэл бол “бид эзэнтэйгээ зөрчилдлөө гээд хожих юм байхгүй, харин ч байдал бүр дордоно” гэсэн боолын бодол юм. Тэдгээр боолын хэн нэг нь эзнийхээ олиггүй, тэнэг, бузар булайг мэдэх аваас эзэн нь төдийгүй бусад боол ч түүнийг үзэн яддаг. Учир нь, та эзнийхээ бузар булай, тэнэг мунхгийг мэдсэнээрээ бусдынхаа тийм амьтанд захирагдаж байдаг арчаагүй хүмүүс болохыг илрүүлчхэж байгаа хэрэг. Иймд нөгөө олон түмэн чинь тийм ч тэнэг, бузар муухай амьтанд захирагдаж байгаагүй болох гээд таныг довтолж гарна. Төрийг эсэргүүцэгч нь төрийн өмнө бууж өгөгчийн нүүр царайг илчилж, нүүрийг нь улайлгаснаараа аяндаа түүний дайсан болдог аж. Тэдний гаргаж чадаагүй зоригийг гаргаснаараа та бусдынхаа аймхай болохыг харуулчхаж байгаа хэрэг. Дээрх боолчуудын өөрийгөө зөвтгөх психологи нь өөрийгөө хууран галлюцинацид оруулах хандлагатай байдаг. Нээрэн ч “эзэн маань биднээс илүү сайхан, ухаалаг юм чинь түүнд захирагдах нь зөв” гэсэн бодолтой байвал өөрсдөд маань амар. Төрд фетишист маягаар хандах нь тэр бүр ил харагдаад байдаггүй нэлээд нарийн мазохист психологийг агуулсан байдаг аж. Төрд үг дуугүй захирагдаж, түүнийг хүлээн зөвшөөрснөөрөө өөрөө төрийн нэг хэсэг болж байна гэсэн бодол төрдөг. Ингэж хүчтэний нэг хэсэг нь болж авснаар өөрийн аюулгүй байдлыг хэсэг хугацаанд хангаад авна. Ядахдаа л би энэ юмны чинь нэг хэсэг шүү дээ гэж өөрийгөө хуурахад амар. Энэ нь өөрөөр сэтгэгч байснаас хамаагүй амар оршихуй мөн. Бидний хувьд Бурхны дараа орох (зарим үед Бурхнаас ч дээгүүр тавигдах нь бий) төр хэмээгч энэ зүйлийн тухайд өөрөөр сэтгэгч байх нь ямагт аюултай бөгөөд гунигтай. Өөрийгөө төдийгүй ойр дотны хүмүүсээ ад үзэгдэхэд хүргэнэ. Үргэлж хүний эрх, эрх чөлөө гэсэн аюултай зүйл ярьж тэрс үзэл гаргах танаас айн жийрхэж, уйдан салахын түүс болж буй олон түмнээс өөрийгөө тусгаарлаж байхын оронд бодит байдалд бууж өгөн бусад боолчуудынхаа эгнээнд орон сэтгэл уужрах шиг аюул багатай амьдрал хаана байх вэ. Бусдын адил “төрийн сүлд өршөө” гээд л явж байя.

ХУУЛЬ ХИЙГЭЭД ХУУЛЬЧИД

Түүхийг харж байхад философичид ихэвчлэн төрийн эсрэг хандлагатай байхад хуульчид төрийн төлөө зогссоор иржээ. Бид яагаад хуулинд “харшилтай” ханддаг вэ гэвэл манайх шиг нийгэмд хууль иргэдэд биш төрд үйлчилж байдагт оршино. Манай хуульчид улс төрчид болон авилгачдын гар хөл болсон “ордны сэхээтэн” болдгоор үл барам өөрсдийн өөдгүй үйлдлийг хууль зүйт ёс, зүй ёсны нийгэм, түүхэнд хуулийн гүйцэтгэсэн үүргийн тухай ойлголтоор цайруулах гэж оролддог. Төрийн хүчирхийллийн зэвсэг. Засаглалд байдаг хүн элдэв хууль дүрэм, журам тогтоол дурдаж хүний ажилд гох дэгээ тавих дуртай байдаг. Энэ нь албан тушаалаа үнэд оруулах, орлого олох (авилга авах) нэг эх сурвалж болно. Гэтэл хуулийн нэр барьж хүнийг хохироож, эрхийг нь хөсөрдүүлэх шиг түшмэлийг эвддэг зүйл үгүй биз. Би тэгээгүй, “хууль тэг” гэж байгаа юм чинь гээд ам таглачихна. Өөрийнхөө ашигтай байдлыг хадгалахын тулд “Би зөвхөн хуулинд захирагдана”, “Бид эрх зүйт нийгэмд амьдарч байна”, “Зөвхөн хуулийг дээдэлнэ” хэмээн цээжилсэн сүртэй үг хэллэгээ давтаж байгаа тэр түшмэл шиг адгийн, эвдэрсэн зан суртахуун гэж байдаггүй. Тэд өөрсдөө хуулиас дээгүүр байдаг атлаа жирийн иргэдийн бүх амьдрал, болж өгвөл ор хөнжлийнх нь явдлыг хүртэл хуульчлахыг хүсдэг. Тэгээд хэлдэг үг нь болохоор “Хуульчдын зааснаар явахад хэн ч хэзээ ч буруудаж байгаагүйг амьдралын туршлага нотолно” гэцгээнэ. Бараг л хуулиас өөр ном, ялангуяа чөлөөт сэтгэлгээний номыг бүү уншаарай гэх маягийн юм ярьдаг. Тэд бүх зүйлийг хуулиар шийдэхийг хүсдэг. Энд ёс суртахуун, шашин, ёс заншлын хүчин зүйлийг үл тоомсорлоно. Тэдэнд байгаа зүйл нь хууль учраас түүгээрээ бүхий л асуудалд хандана: “Хэрэв танд буй ганц багаж чинь алх юм бол аливаа асуудал хадаас мэт харагдана” гэсэн цэцэн үг тэдэнд яг тохирдог.

Тийм ээ, либертари үзэлтнүүд хуулийг хэлэлцэх, шүүмжлэх, маргах гэж баталдаггүй, түүнийг хэрэгжүүлэх ёстой гэдгийг сайн мэднэ. Нийгэмд л амьдарч байгаа юм бол хууль зүйт ёс гарцаагүй, хүн Natural Man-ээс Cultural Man-руу (байгалийн хүнээс нийгмийн хүн болсны) орсны гол шинж нь хууль ёс; Афины шинжлэх ухаан-танин мэдэхүй, Иерусалимын шашин-шүтлэг, Ромын хууль ёс-шүүх засаг бол соёл иргэншлийн 3 эх сурвалж; “Сайн иргэний үндсэн шинж бол муу хуулийг ч гэсэн биелүүлдэг, ингэснээрээ муу иргэнд сайн хуулийг зөрчих далим олгодоггүй” гээд хууль ёс гарцаагүй болох тухай олон ухаалаг бөгөөд зөв үндэслэл байдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ философийн үүднээс авч үзэх ахул хуулийн утга учир, амин сүнсийг ойлгоогүйгээр сохроор даган биелүүлэгч хүн-машин шиг хэрэггүй зүйл байдаггүй. “Гууль болсон хууль” буюу “3 хоногийн настай монгол хууль.” Монголд хууль, хууль сахиулагчид хэний төлөө ажиллаж байдгийг харуулах жишээ маш олон. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн заалтыг юу ч гээд тайлбарлачхаж болдог. Хэн нэгэн ямар нэг асуудал шийдүүлэх гээд шүүх дээр очих юм бол ёстой “тэр өдрийн тэнгэр мэднэ” гэдэг шиг юм болно. Шүүгч муухай зантай байх юм бол ял сонсоно, аз таараад сайхан зантай байвал цагаадна. “Энэ бол хийсэн үйлдэлд чинь өгөх гурван жил, дээр нь миний өгөх гурван жил энэ байна” гэж чадах хүмүүс учраас шүүгч гуайг өглөө ажилдаа ирэхдээ гэрийнхэнтэйгээ муудалцаагүй, сайхан зантай байгаасай гэж залбирах хэрэгтэй болдог.

Ер нь Монголын хууль, шүүхийн практикт ойлгомжгүй юм зөндөө. Шүүх дээр 30 сая төгрөгний нэхэмжлэлтэй хэрэг шийдүүллээ гэхэд шийдвэр гүйцэтгэлийнхэн 3 саяыг нь зүгээр л авчихдаг. Яаж байгаа юм бэ гэхээр тийм хууль журамтай юмаа гэсэн ухааны юм хэлнэ. Жирийн иргэн болохоор дээрэм хийж болдоггүй, харин хуулийнхан бол болдог юм байна гэж бодогдохоор. 3 сая төгрөгөө алдсан хүний хувьд хэнд алдах нь хамаагүй шүү дээ. Хутга барьсан ноорхой хувцастай хүн байна уу, аль эсвэл хууль-тогтоол барьсан цагаан захтан байна уу, хэн нэгэнд л хэдэн төгрөгөө алдчихаж байгаагаас хойш. Төр, хувь хүний дансанд шууд халдаж болдог атал төрөөр хохирлоо төлүүлэх ёстой иргэнд тийм эрх байдаггүй. Төрийн эрх ашигт үйлчилж, бизнес эрхлэгчид болон жирийн иргэдийг дарамталсан үй түмэн журам дүрэм гаргана. Түүнийгээ ч хэзээ, яаж хэрэглэхээ гарамгай сайн мэднэ. Энэ бүхнийг хэлэхээр нөгөө түшмэдийн хэлдэг үг нь “Яваад заргалд!”. Тэд хууль хэнд үйлчлэхийг маш сайн мэдэж байгаа учраас ийм увайгүй ичих ч үгүй хэлнэ.

Эрхийн философи бол хуулийн үндсэн шалгуур мөн. “Хууль гууль” биш, бас тэгээд “гуравхан хоногийн настай” байхгүйн тулд эрхийн философиор шүүгдэж, маргаанд орж, хэлцэгдсэн байх ёстой. Эрхийн философийн сайн тал бол хуулийг шүтэх, хоосон дагах биш, тэр хууль яагаад гарав, гарснаараа нийгэмд ямар үр дагавар гарахав, түүний сайн муу тал, ил болон далд шалтгаан, мөн төрөөс гаргасан хууль бүхэн “сайн” зүйл биш болох гээд олон зүйлийг ойлгуулдаг. Соёлжиж иргэншсэн нийгэмд төрөөс гаргасан хууль тогтоомж бүрийг хүний эрх, эрх чөлөөний призмээр авч үзэн анализ хийдэг. Жишээ нь, АНУ-ын Вашингтонд байдаг Катогийн Хүрээлэн хэмээх либертари Институт бараг сар тутам Цагаан Ордноос гаргаж буй хууль тогтоомжийн талаар либертари анализ хийсэн цуврал ном гаргасаар иржээ. Энэ номнуудад хувь хүний эрх чөлөө, зах зээлийн зарчим, аяндаа тогтох эмх журмыг төрөөс гаргасан хуулиар хэрхэн баглаж боож байдгийг харуулдаг.  Энэ бүхнээс харахад, хууль зүйт нийгэмд (би энэ нийгмийг хувь хүний төрөлх эрх, эрх чөлөө хангагдсан, жам ёсны хууль ноёрхсон нийгэм гэж ойлгосны үндсэн дээр энэ нэр томьёог хэрэглэж байна) хамгийн их саад болж буй хүмүүс бол хуульчид юм. Тэд хуулийнхаа жинхэнэ мөн чанарыг ойлгоогүй учраас хуулийг өөрсдийн мэргэн ухааны бүтээл гэж үзнэ. Ингэж хуулийг өөрсдийн санаа бодлоос зохиодог учраас гаргасан хууль нь амьгүй, функцианаль чанаргүй, нийгмийг бусниулагч зүйл болон хувирдаг.

Гэтэл манайд эрхийн философи гэгч зүйл байдаггүй. Монголд эрхийн философи, эрхийн сэтгэлгээ байхгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай мэт санагддаг. Нэгд, Хууль гэдэг бол юуны түрүүнд хот, суурин газар амьдарч байгаа хүмүүсийн ажил амьдралыг зохицуулах шаардлагаар үүссэн үзэгдэл. “Их засаг” юмуу хожмын манж-хятад гаралтай хууль гээч зүйл нь асар өргөн уудам нутгийн хаана нэгтээ бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдарч буй тэр хүний хувьд (Алтайн хязгаарт ч юм уу, Дорнодын зах хязгааргүй талд ганц гэрээр нүүдэллэн яваа малчинд) нэг их хамаагүй, тэд тийм хууль байдаг гэж сонсоо ч үгүй байдаг. Тэр малчин өдөр тутмын аж амьдралаа хуулиар зохицуулж байгаагүй байдаг. Хоёрт, Хууль нь ардын аман зохиол шиг байж болдоггүй, түүний зүйл-заалт бичигдсэн байх ёстой. Гэтэл нүүдлийн аж төрөх ёсоор амьдарч ирсэн манай ард түмний ихэнх нь бичиг үсэгт тайлагдаагүй байв (Түүхийн ном зохиолд өгүүлснээр хүн амын 90% гаруй нь бичиг үсэгт тайлагдаагүй байсан). Харин байгаль л түүний хувьд жинхэнэ хууль. Байгаль, амь амьжиргааных нь эх үндсийг тодорхойлно. Тийм учраас байгалийн хууль бол түүний оршихуйн үндэс. Үнэндээ тэр бол Natural Man байжээ. Гуравт, Тодорхой хүрээнд хууль гээч зүйлтэй танилцсан цөөн тооны хүмүүсийн хувьд хууль бол төрөөс гаралтай учраас халдах аргагүй, үг дуугүй дагаж захирагдах ёстой, хэлэлцэх аргагүй зүйл. Төрд фетишист маягаар ханддаг ази хүмүүсийн хувьд төр, төрөөс гаралтай бүх юм халдахын аргагүй ариун нандин-шүтээн болсон зүйл байдаг. Дөрөвт, Коммунистуудын үе эхэлснээс хойш хууль тогтоомжийн талаар бүр ч хэлэлцэх аргагүй болсон. Хэрэв социалист хуулинд эргэлзсэн ямар нэг юм хэлбэл төрийн эсрэг гэмт хэрэгтэн болдог байв. Хуулийг философи утгаар авч үзнэ гэдэг юу гэсэн үг болохыг тайлбарлах гэж оролдъё. Нэгэн хууль. 2-3 жилийн өмнө философийн хувьд яагаад ч хүлээж авахааргүй “Татварын өршөөлийн хууль” гэгч гарав. Энэ хуулийн утга санаа юу өгүүлсэн бэ гэвэл, татварын хуулийг мөрдсөний хэрэг огт байхгүй, мөрдөж байгаагаараа чи л хохирно, татварын хуулийг мөрдөөгүй хүмүүс хождог гэдгийг харуулсан юм (Энд татвар угаасаа хүний хувийн өмчид халддаг тухай ярих гээгүй шүү. Тэр бол тусдаа сэдэв. Харин жастис-зүй ёсны онолын үүднээс энэ нь хууль биш байв). Үнэн хэрэгтээ татвар төлөөгүй хүмүүсийг чөлөөлснөөрөө татвар төлж байсан хүмүүст шударга бус хандсан маш утгагүй хууль болсон юм. Одоо ч үүнтэй адил зүйл ярьдаг хүмүүс тааралддаг. Тэднийхээр, албан тушаалтнууд урьд өмнө хээл хахууль авч, албан тушаалын өөр гэмт хэрэг хийж байсан нь хамаагүй, бүгдийг нь нэг мөр цагаатгаад үүнээс хойш л … гэж ярьдаг (“Чи өмнө нь хүн алж байсан юм байна. Одоо тэр чинь хамаагүй, үүнээс хойш битгий хүн алж байгаарай” гэвэл ямар сонсогдох вэ). Хуулийн ямар үндэслэл гаргах юм бүү мэд, харин философийн хувьд ийм үндэслэлийг яагаад ч зөвшөөрөх аргагүй.

Философичдын хувьд яаж тайлбарлах учраа олохгүй байхад хуульч эрхмүүдийн амархаан тайлбарлачхаж байгаа зүйл хуулинд их байх юм. Яг ижил үйлдэл хийсэн хоёр хүнд өчигдөр нэг, өнөөдөр тэс өөр ял өгчихнө. Яахаараа ингэдэг юм бол, хууль гэдэг ямар утгагүй юм бэ гэж бодогдохоор. Хийсэн сэдэл, зорилго, үр дагавар нь яг адил байхад шүү. Мөн гадаадын улс-орнуудад чөлөөтэй зүйлийг Монголд хийх юм бол шоронд орох тохиолдол ч байна. Тэгээд энэ бүхний талаар асуулт тавьж хариулт авах гэхээр тэр хуулийг цуцалсан, эсвэл өнөөдөр тэр үйлдлийг нь хорьсон гэх ухааны зүйл хэлдэг. Энэ бол хариулт биш шүү дээ. Хууль ингэж хүнээр тоглоод байх аваас түүнийг биелүүлэхгүй байх эрх хүмүүнд бий гэж Локк, Бастиа болон ХХ зууны бүх либертари үзэлтнүүд бүр ч ил, тод хэлдэг. Хууль ба ёс суртахуун. Үнэнийг хэлэхэд, хууль байхгүй, хууль мэдэхгүй  учраас хүмүүс муу муухай зүйл хийгээд байгаа юм биш. Ихэнх хүн ёс суртахууны шаардлага гэдгийг ойлгодоггүй, тийм учраас ёс суртахуун яах вэ, гол нь хуулийн хувьд зөв юм шиг харагдах ёстой гэж боддог учраас муу муухай зүйл хийгээд байгаа юм. Хүмүүс нийтээр шахуу “Миний буруу л даа, гэхдээ юу ч болсон шүүхдээд үзье, шүүгчийг хахуульдаад үзье” гэх болж. Хуулийг мөрдөгчид хэн нэгний эрхэнд халдаж болохгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Гэхдээ тэдний сайн мэддэг бас нэг зүйл бол “хуулинд мэдэгдээгүй” бол юу ч хийж болно. Уг нь ингэх нь буруу л даа, гэхдээ хуулинд буруу гэдгийг нь заагаагүй (заахаа мартчихсан ч) байх юм бил үү, тэгвэл бид зөвдөөд явчихна гэж боддог хүмүүс. Ёс суртахуунтай нийгэмд бол хүн өөрийн буруу, зөвийг хуультай хуульгүй мэддэг.

Либертари автор Д.Боаз өөрийн номонд хуулинд биш ёс суртахуунд итгэх тухай өгүүлсэн байдаг. Миний эцэг нэр төрөөрөө баталгаа хийж зээл авдаг хүн байсан гэж. Бас нэг өөр жишээ татахад, Нобелийн шагналт философич, Францын нэрт экзистенициалист Ж.П.Сартр, нэрт феминист философич Симон де Боувар хоёр насаараа хамт амьдарсан бөгөөд хэзээ ч гэрлэлтийн баталгаатай болохыг хүсээгүй гэдэг. Энэ тухай яриа үүсэхэд “хуулийн баталгаа гэдэг чинь зүгээр нэг цаас шүү дээ” хэмээн өгүүлсэн байдаг. Тэгвэл хууль дүрэмд л итгэж, бүх зүйлийг гэрээ хэлцлээр баталгаажуулдаг “дугтуйтай хүмүүсийн” (Чеховын Беликов шиг) хувьд нэр төр гэдэг огтхон ч баталгаа биш. Достоевский “Бурхан гэж байхгүй бол хүмүүсийг юу ч хийхийг нь зөвшөөрсөнтэй адил” гэж хэлсэн бол хуулинд фетишист маягаар хандагчид “хууль гэж байхгүй бол хүмүүсийг юу ч хийхийг нь зөвшөөрсөнтэй адил” гэж байна. Энд эрхийн философи болон хууль өөрөө зүй ёсны онолд тохирч байна уу, үгүй юу (хууль нь өөрөө Theory of Justice-д тохирч байна уу, үгүй юу) гэдэг талаар багахан ч гэсэн уншсан хүн бүрийн мэддэг нэгэн кэйсийг өгүүлье. Охиндоо ухаангүй хайртай нэгэн байж. Гэтэл охин нь маш хүндээр өвджээ. Охиныг аврах эм түүний санхүүгийн бололцооноос хэтэрсэн үнэтэй юмсанж. Тэр эм нь эмийн санд байна ч гэж саная. Бүр эмийн сангийн шилэн хоргоны цаана нүднийх нь өмнө охиных нь аврал болсон нөгөө эм байгаад байдаг. Яг одоо л тэр эмийг уулгахгүй бол хайрт охин нь гарцаагүй үхнэ. Гэтэл мөнгө байдаггүй. Тэгээд тэр хүн шилэн хоргыг хагалан хулгай хийхдээ хууль-ёсыг зөрчиж байна гэдгээ мэдэх боловч хүн-ёсыг зөрчөөгүй гэдгээ бас мэднэ. Эрхийн философитой оронд иймэрхүү тохиолдлыг хэлэлцэж хуулиндаа ёс суртахууныг харгалзсан өөрчлөлт хийдэг. Харин Монголын шүүх дээр холбогдогч иймэрхүү юм яривал шүүгч уурлаад ёстой л “яасан их философиддог нөхөр вэ, шанд нь энэ таван жилийг нэмээд ав” гэх байлгүй. Тэгэхээр хууль зүй-ёсны байна уу, үгүй юу гэдэгт гол нь байгаа юм. Дасаж сурсан ойлголтоор хууль гэдэг бол хэдэн ухаантай хүн цуглан хоорондоо ярьж байгаад гаргачихдаг эд. Харин либертари үзлээр хуулийг хэдэн ухаантай хүмүүс зохиочихдоггүй, тэр нь хэл яриа, бараа таваарын үнэ, зах зээлийн нэгэн адил аяндаа тогтдог (хэн нэгэн зохиогоод бусдадаа тулган хүлээлгээгүй) зүйл юм. Харин амьдралын “бичсэн” энэ хуулийг хэн нэгэн хүн томьёолон цаасан дээр буулгах бол өөр хэрэг.

Монголд үйлчилж буй хууль гэж яриад байгаа зүйлийн хамгийн муу тал нь улс төрчдийн санаанаасаа зохиосон зүйл байдагт оршино. Зохиомол-хиймэл шинж нь хэтэрсэн. Жинхэнэ хуулийг хэн ч зохиодоггүй бөгөөд (харин Байгаль юмуу Бурхан зохиодог гэж яривал өөр хэрэг) түүнийг дагахгүй бол бүгд сүйрнэ, үүнд л түүний хүчтэй тал оршдог. Ийм зүйлийг үнэхээр хууль гэхээс өөр юу гэхэв. Түүнээс биш одоогийн УИХ-ын гишүүдийн толгойд “гэнэт” орж ирсэн хүсэл зориг, эсвэл найз нөхдийнхөө захиалгаар гараа өргөж байгаа саналыг хууль гэж нэрлэмгүй. Ийм хуулийг хүссэн цагтаа биелүүлж, хүсээгүй цагтаа үл  тоомсорлож болдог учраас “хууль биш гууль” болдог. Хуулийг хувийнхаа эрх ашгийг хамгаалах зэвсэг болгон өөртөө ашигтайгаар  тайлбарлаж болдог дарга нарын нийгэм шиг эвгүй нийгэм байдаг гэж үү! Бид нэгэнт л тиймэрхүү этгээдүүдэд өөрийнхөө амьдралыг захирах эрх өгснөөс хойш бүх юм дуусаж, тэд биднээр ёстой тоглож өгнө. Тэдний өмссөн цагаан цамц, зангианд бид хууртагдах ёсгүй. Хууль их ярьдаг хүмүүс л хуулиа их зөрчдөг. Тэдний энэ хуурамч дүр төрхийн цаана хамгийн аймшигт гэмт хэргүүд нуугдаж байдаг. Шамшигдуулж буй өмч хөрөнгө, авилга, албан тушаалын гэмт хэргийг нь сонсох юм бол халаасны хулгайч, дээрэмчин, архичид хэчнээн өчүүхэн, гэнэн цайлган, гэмгүй амьтад болох нь мэдэгдэнэ. Хүн-ёс бол хамгийн дээд хууль гэсэн ойлголтгүй хүмүүс л хууль-ёс гэж их ярьдаг. Хүн-ёсыг баримталдаг бүх хүн хэн нэгний зовж байж бүтээсэн зүйлийг  хулгайлаад авчхаж болохгүй, дээрэм гэдэг бол өөрийн бүтээж чадахгүй баялгийг  адгийн хар хүч ашиглан өөртөө авч буй хэрэг гэдгийг мэддэг. Ийм ойлголт, ёс  журамтай хүн хэзээ ч хууль бус зүйл хийдэггүй. Ийм хүнийг бид либертари аж төрөх ёсоор амьдарч буй хүн гэнэ.

Хууль зүйт ёс. Либертари үзлийн хувьд хууль зүйт ёс голлох байр эзэлдэг. Гэхдээ энэ ойлголтыг мушгин гуйвуулж, төрийнхний гаргасан эрх мэдлийг хамгаалж, эрх чөлөөнд хязгаар тавьсан нөгөөх хууль мэтээр ойлгох вий гэж болгоомжлууштай. Либертари үзэлтнүүд “хэн ч, юу ч хийж болно” хэмээн үздэггүй. Нэг хүн өөрийнхөөрөө амьдрах эрхтэй байхад бусад нь ч бас тэгж амьдрах эрхтэй. Хүмүүс нэгнийхээ амьдралыг халдашгүй дархан зүйл гэж үзэх ёстой бөгөөд түүнд хуулийн зөвшөөрөлтэйгөөр ч халдах ёсгүй. Хууль зүйт ёс гэдэг эрх мэдэлтний гаргасан тушаал заавар биш, хувь хүмүүс нийтээрээ хүсэж, аяндаа бий болгосон дэг журамд захирагдана гэсэн үг. Бид хуулийг хувь хүний эрх чөлөөнд үйлчилж, түүнийг хамгаалах бамбай, эрх чөлөөг хэрэгжүүлэх зэвсгээс өөр зүйл биш гэж үздэг. Хайк Эрх чөлөөний Үндсэн хууль бүтээлдээ гаргасан хууль зүйт ёсны тухай санаа бол хуулийн талаарх бидний баримтлах гол зарчим болно: 1/ Хууль бүх хүн түүний дотор удирдагч нарт хамаатай. 2/ Хэн ч хуулиас дээр байж болохгүй. 3/ Шүүх бие даасан байх ёстой. Ялангуяа улс төрчдөөс хараат бус байх. 4/ Хууль зүй ёсны (justice-ийн шалгуураар орсон) байх ёстой.

Хууль do ut des (өгсөн юмыг өгч) ба do ut facias (хийсэн юмыг хийнэ). Үүнээс илүү ч байж болохгүй, дутуу ч байж болохгүй.  Аяндаа гарсан буюу тулган хүлээлгээгүй эмх журам. Хуулийн тухай энэ сэдэв либертарианизмын нэгэн чухал сэдэв болох эмх журмын асуудлыг хөнддөг. Хуулийг шүтэгч, стэйтизмийг баримтлагчид хууль гэж зүйл байхгүй бол энэ дэлхий ертөнцийн хөл толгой нь мэдэгдэхээ больж, хүн бүр нэг нэгнээсээ хулгайлаад, нэг нэгнээ дээрэмдээд, нэгийгээ алаад эхлэх юм боддог. Энэ бол “Хүн хүндээ чоно” гэсэн хоббсч сэтгэхүйтэй хүмүүсийн бодол мөн. Тийм ээ, манай дэлхий диваажин биш, эрээнтэй бараантай энэ ертөнц дээр янз бүрийн юм оршиж байна. Гэхдээ хүмүүс угаасаа хулгайлах, дээрэмдэх, алах сэдэлтэй биш, өөрийн хэрэглэх зүйлийг өөрсдөө бүтээх, бололцоогүй бол хөдөлмөрийн хөлсөөр солилцох сонирхолтой байдаг. Нэг дэх хэсэгт багтах тэр “хачин” хүмүүс хүн амын дотор тун бага хувь эзэлдэг (Энд тодорхой тоо хэлэхэд хэцүү, гэхдээ тэд хүн амын 5%-иас хэтрэхгүй л болов уу).

Spontaneous order гэсэн үгийг “аяндаа гарсан эмх журам” гэж орчуулахад болохгүй зүйл байхгүй. Гэхдээ хэн нэг эрх мэдэлтэн ч юмуу төрөөс гаргаагүй гэсэн утгаар нь “тулган хүлээлгээгүй эмх журам” гэж нэрлэж ч бас болно. Анх энэ санааг Шотландын сэтгэгч Адам Фэргусон, либертари онолын үндсийг тавигчдын нэг Адам Смит нар гаргасан юм. Зах зээлийн эдийн засгийг магтан дуулж байсан хүний хувьд Смит хүмүүсийн дунд эмх журам аяндаа тогтдог тухай хэлж байв. Смитийн ингэж хэлж байгаа нь бидний хувьд ойлгомжтой. Зах зээл гэдэг бол хөндлөнгөөс оролцоогүй, “зөнд нь орхисон”- Laissez-faire зүйл шүү дээ. Зах зээл маш цэгцтэй байх бөгөөд тэр эмх цэгц нь тулган хүлээлгээгүй эмх журмын үр дүнд бий болдог. Зах зээл дээр эмх журмыг “үл үзэгдэх гар” журамлах болохоос өөр хэн нэг ухаантай, сайхан сэтгэлт хуульч тогтоочихдог юм биш. Одоо ихэнх хүнд нийгэм дэх эмх цэгцийг хэн нэг дарга, удирдлага бий болгодог гэсэн бодол байдаг. Энэ бодол санаа социализмын үед бүгдийг дээрээс удирдаж, зохион байгуулж, төлөвлөж байсан практиктай холбоотой үүсчээ. Нийгэмд хувь хүмүүсийн амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байхад таатай нөлөө үзүүлэх эмх журам байх ёстой гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ ийм эмх журам төрийн албадлага доор биш, аяндаа гарсан байвал бүр ч таатай нөлөө үзүүлдэг. Ийм тулган хүлээлгээгүй эмх журам нь хүмүүсийн өөрсдийн сайн дурын хүсэл зориг дээр тулгуурласан (хөндлөнгөөс тулгаагүй), иргэдийн эрх ашигт нийцсэн, нийгмийн амьдралаар шалгагдсан байдаг учраас маш тогтвортой байдаг. Ийм эмх журам ямар ч хуулийн тогтоосон эмх журмаас илүү үйлчилгээтэй байдаг тул хуулиас хамаагүй урт насалдаг. Харин улс төрчдийн гаргасан хууль амьдралаас хар аяндаа урган гарсан зүйл биш, “зохиомол” шинжтэй байдаг учраас бидний эрх ашигтай зөрчилддөг. Ийм учраас амьдралд хэрэгжих боломж муу, “3 хоногийн настай”, “гууль” болсон хууль болдог аж.

Хэл, хууль, мөнгө, зах зээл бол нийгэм дэх хамгийн сайн зохион байгуулагдсан, шигшигдэж-шалгагдсан юмс үзэгдлүүд юм. Эдгээр нь бүгд төлөвлөгдөөгүй, урсгалаараа үүсэж хөгжиж ирсэн байдаг. Жишээ нь, монгол хэлийг зохиогоод дараа нь энэ хүмүүст заая гээд хэн нэгэн ширээний ард сууж байгаагүй л байх. Бас хууль байна. Бид парламентийн гишүүдийг хууль зохиодог гэж боддог. Гэтэл амьдрал дээр эрт үеэс л ямар нэг асуудлаар хүмүүсийн хооронд маргаан үүсэж түүнийг шийдвэрлэх гэж янз бүрээр оролдох явцад хууль үүссэн байна. Бараа таваарын үнийг ч гэсэн хэн нэгэн зохиодоггүй, зах зээл хар аяндаа тогтоодог. Тухайн бүтээгдэхүүн зах зээл дээр олдоц багатай байвал үнэ нь өснө, элбэгшээд ирэхээр үнэ нь буурна. Ингэж хэн нэгний тулган хүлээлгээгүй, аяндаа гарсан зүйлс л либертари нөхцөл, либертари орчныг бүрдүүлдэг билээ.

Үргэлжлэлийг Философийн ухааны доктор Б.Батчулууны “Эрх чөлөөний дайсан” либертари үзлийн үндсүүд номоос…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж