Хойд Солонгос Бразилийн хаалганд бөмбөг оруулж чадав

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос Бразилийн хаалганд бөмбөг оруулж чадав

Хойд Солонгос Бразилийн хаалганд бөмбөг оруулж чадав

Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ баг өнгөрсөн шөнө дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо Йоханнесбург хотноо Хойд Солонгосын багтай хийж, 2:1-ээр хожсон бол мөн үхлийн хэсэгт багтсан Португаль, Зааны ясан эрэгийн багийн тоглолт гоолгүй тэнцээгээр өндөрлөв.

Энэ жилийн дэлхийн аваргад оролцож буй багуудаас “G” хэсэгт сугалаа таарсан дэлхийн аваргын хамгийн баялаг түүхтэй Бразил болон хамгийн доогуур чансаатай БНАСАУ-ын багийн тоглолтын эхний хагаст ямар нэг гоол ороогүй боловч хоёрдугаар хагас эхлээд 55 дахь минутад баруун жигүүрийн хамгаалагч Майкон тооны харьцааг нээсэн юм. Удалгүй 72 дахь минутад дэлхийн таван удаагийн аварга Бразилчууд тооны харьцааг 2:0 болгож, ялалтаа бататгасан. Гэхдээ Хойд Солонгосын баг мөчөөгөө өгсөнгүй, тоглолт эцсийн шүгэл дуугарахын өмнөхөн Жулио Сезарийн хаалганд нэр төрийн гоолыг оруулж чадсан юм. Харин гоолын эзэн нь Жи Юүн-нам байв.

1966 оноос хойш анх удаагаа дэлхийн аваргын дэвжээнд хөл тавьсан Хойд Солонгосын баг агуу өрсөлдөгчийнхөө эсрэг чанга тоглолт үзүүлсэн.

Энэхүү тоглолтын дараа Бразилийн дасгалжуулагч Дунга “Эхний тоглолтын үеэр үргэлж л сандрах, уурлаж бухимдах асуудал үүсдэг. Бид бүгд л гоол оруулахыг хүсч, хаалгандаа гоол алдахгүй байхын эрмэлзсэн. Тоглолтын үр дүнд би бүрэн сэтгэл хангалуун биш байгаа ч тоглогчдын сэтгэл зүрх хүчтэй байгаад баяртай байна” гэжээ.

Харин энэ тоглолтын өмнө Бразил, Хойд Солонгосын багийн хамт үхлийн хэсэгт таарсан Кот Д’Ивуар болон Португалийн багийн тоглолт Порт Элизабет хотноо өрнөсөн. Дэлхийн аваргын хамгийн сонирхолтой тулаануудын нэгт зүй ёсоор тооцогдож байсан хоёр багийн тоглолт гоолгүй тэнцээгээр өндөрлөж, багууд оноо хуваасан. Гоолын бороо асгаруулсан тоглолт болно хэмээн хөлбөмбөг сонирхогчдын таамаглаж байсан энэ тоглолтод ганц ч бөмбөг хаалганд ороогүй. Ялангуяа үзэгч, фанатууд дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчөөс ямар нэг зүйл хүлээж байсан нь лавтай. Сүүлийн 16 сарын турш шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд гоол оруулж чадаагүй Рональдуд 10 дахь минутад гоолын боломж тохиосон ч “Заанууд”-ын хаалгач Бэрри хаалгаа бат хамгаалж чадсан юм. Ерөнхийдөө тоглолт маргаантай, ширүүн өрнөсөн гэж болно.

Энэ тоглолтод оролцохгүй гэгдэж байсан Премьер лигийн мэргэн бууч Дидье Дрогба 65 дахь минутад сэлгээгээр талбайд гарч ирсэн боловч багтаа төдий л хувь нэмрээ оруулж чадаагүй.

Мөн өчигдөр дэлхийн аваргын дэвжээнд “F” хэсгийн Шинэ Зеланд болон Словакийн багийн тоглолт өрнөж, 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн. 50 дахь минутад Роберт Виттек гоолдсоноор Словакийн багт тэргүүлэл авчирсан боловч шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Рейд тэнцээний бөмбөгийг оруулсан юм.

Ийнхүү “F” хэсгийн хоёр тоглолт хоёул тэнцээгээр өндөрлөж, бүгд нэг, нэг оноотой болоод байгаа бол “G” хэсгийг Бразилийн баг тэргүүлж байна.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж