Цахим ертөнцөд хэн ямар овогтой вэ?

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Цахим ертөнцөд хэн ямар овогтой вэ?

“Фортуна” гэж хэнийг хэлээд байгаа юм гэж асуусныхаа төлөө “улс төрийн боловсролгүй” гэж дүгнэгддэг наргиа шиг улстөрчид маань өөрсдийнхөө хийсэн үйлдэл, хэлсэн үгнийхээ төлөө өөр өөрийн гэсэн өвөрмөц нэр хоч авах нь олонтаа. “Алдахад нь түшээд авна” гэх үг бий. Гэвч энэ үг цахим орон зайд огтхон ч хамаагүй. Хөл алдаж унах л юм бол шууд л өшгичнө. Хэрэв таныг ганц хазгай гишгэх, санамсаргүйгээр ганц үг унагахыг чинь анаж буй мянга мянган нүд чих энд ажиллаж байгаа. Гэвч нэгэнт хувь хүний орон зайнаасаа татгалзан нийтийн алба, улс төр рүү орсон бол үг, үйлдлээ цэгнэж явахаас өөр арга үгүй биз. Ингээд улстөрчдийн цахим ертөнцийнхнөөр овоглуулах болсон жагсаалтыг танилцуулж байна.

Талх Ганхуяг

Уг нь Хасын Ч.Ганхуяг гэж овоглуулдаг байсан тэрээр телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэр “Талхны үнэ хэд вэ” гэх асуултад “300 төгрөг байгаа” гэж хариулсныхаа төлөө энэ нэрийг авсан. Сангийн дэд сайдын албыг хашдаг энэ эрхэм араас нь хэчнээн тайлбар хийж, өөрийгөө зөвтгөх гэсэн ч тусыг эс олсон.

Сүүлд бас төрийн ордон руу салаавч гаргаж салаавч нэрийг авсан ч талх гэдгээрээ танигдсан, бас салаавчныхаа төлөө уучлалт гуйсан тул өмнөх нэртэйгээ үлдсэн.

Мах Энхтүвшин

Уг нь энэ нэрийг МАН-ын дарга асан Ө.Энхтүвшин нэлээд эрт, ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид тодрохоос өмнө олж авсан. Гэвч шинэхэн нэр хоч гарах тутамд сөхөгдөж гардаг.

Тэр зүгээр л ганцхан цифр орхисныхоо төлөө ийнхүү мах цолтой болсон. Махны үнэ 1200 төгрөгт хүрээд байна гэж хашгирсан. Хариуд нь “юун мянга хоёр зуу вэ”.

Хүүхэнддэг Дэмбэрэл

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Дэмбэрэл нарын хооронд өрнөсөн “маазрал”. Гишүүн Л.Энх-Амгалангийн “Та өнөөдөр яасан гунигтай байх юм. Намар болсны шинж үү” гэсэн асуултанд С.Дэмбэрэл гишүүн “Ойрд хүүхэндээгүйн л шинж байх даа” гэчихэж. Хэдийгээр энэхүү үгээ С.Дэмбэрэл гишүүн зөөллөх санаатай “арай өөрөөр хэлбэл: ойрд эмэгтэй хүнтэй уулзаагүйнх байх” гэсэн ч нэгэнт “амнаас уначихсан” үгийг буцаах арга байсангүй. Ингээд л жиргээчид “хүүхэнддэг Дэмбэрэл” цол гардууллаа, түүнд.

Такси Магнай

Үнийг зах зээл биш О.Магнай тогтоодог болж гэх яриа оргүй үг биш гэж байв. Бизнесийнхний ажилд хэт их оролцож, таксины үнийг нэмэх шийдвэр гаргаж, удалгүй энэхүү шийдвэрээ цуцлан иргэдээсээ уучлалт гуйсан.

Ингээд үнэ буцаж өөрчлөгдсөн ч Такси Магнай гэх нэр үлдэв.

Батаар Оюунгэрэл


ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн УИХ-ын гишүүнээр сонгогдох гол пи ар нь “Батаар” байв. Гэвч сонгогдож сайдын суудалд суусны дараа ч салбарын бусад асуудлаас ч илүүтэй Батаарын асуудлыг ярьдаг нь ийнхүү америкаас авчирсан динозаврын ясаар овоглуулах болов.


Бенз Эрдэнэчимэг

Хамгийн товчоор бол, шинээр худалдан авсан машиныхаа давуу талыг сурталчилсан нь олон хүний эгдүүг хүргэж орхиж. Бенз Эрдэнэчимэг гэх нэрийг арилгана гэдэг ч бэрх дээ.

Хутга Номтойбаяр

Нэгэн бааранд гишүүн Н.Номтойбаяр бусадтай муудалцан, маргаан маслоны хутгандаа хүрээд өндөрлөсөн. Хэн буруутай гэдгийг хуулийн байгууллага эцэслэн тогтоогоогүй ч олон нийтэд энэ тийм ч чухал биш. Хутга шөвгөндөө тулсан л бол хутга нэрийг авч л таарна. Ингээд түүний нэр Хутга Номтойбаяр.

292 мянга А.Мөнхбат



Түүний тэргүүлдэг холбооны “Тэргүүний залуу” алтан медалийн ханш олон нийтэд дэлгэгдсэн бөгөөд НӨАТ оролгүйгээр 292 мянган төгрөгийг төлсөн бол энэхүү шагналыг авах боломжтой гэх албан бичиг Залуучуудын холбооны тэргүүнийг шинэхэн хочтой болгов.

Кэндикраш З.Баянсэлэнгэ

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр iPad-аараа Candy Crush тоглож суугаа нь зураглаачийн дуранд бууснаар З.Баянсэлэнгэ гишүүн "Кэндикраш" гэх овогтой болов.

Тоймлосон: ЦАХИМ БОЛЖМОР

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №039


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж