Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаан Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулсан бөгөөд үүний дараа гишүүд асуулт асууж,  хариулт авсан юм.

Энэхүү хуулийн төсөл нь Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог Ерөнхий сайдын мэдэлд шилжүүлэхийг тодотгосон төсөл юм. Өмнө нь энэ хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн харьяанд байсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Утаа буурсан уу, одоо яг ямар байдалтай байна вэ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны удирдлагууд гэмт хэрэгт холбогдож, их хэмжээний мөнгө завшсан асуудал үүссэн. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Засгийн газарт бус нийслэлд шилжүүлж болдоггүй юм уу” гэсэн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Анх  нийслэлийн утааг бууруулах хууль байсан ч яваандаа хөрс, ус гээд олон талын бохирдлыг хамрах болсон. Ганцхан нийслэлээс гадна аймагуудад ч мөн агаарын бохирдол үүсч байгаа. УИХ Үндэсний хороо байгуулахыг дэмжиж баталсан. Өнгөрсөн хугацаанд Үндэсний хорооны албад багуулагдаж, үйл ажиллагааны хүрээ нэмэгдэж, түлш, зуух солихоос гадна, эрчим хүч, халаалт дулаалгын эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан. Үр дүнтэй ажлууд олон хийгдсэн. Энэ өвөлдөө багтааж нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн 90 гаруй хувийнх нь зуухыг сольж байгаа” гэлээ.

-УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Ерөнхийлөгчийн Тамгын газраас Засгийн газарт шилжүүлснээр хэдий хэр төсөв шилжих вэ. Агаарын бохирдолттой холбоотой нийт төрийн хэдэн байгууллага байна вэ.  Энэ олон байгууллага олон ажил хийсэн ч үр дүн, хоорондоо хамтран ажиллах уялдаа хэр байна вэ” гэсэн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Хуулийн төслийн агуулга нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байгаа бүтцийг Засгийн газарт шилжүүлэх юм. Нийслэлд сүүлийн 20 жилд 500 мянган хүн шилжин ирдэг байсныг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд багасгасан. Мөн зарим хорт бодисын хэмжээ буурч эхэлсэн” гэж хариулсан юм.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Засгийн газарт шилжүүлэх нь зүйтэй. Өмнө нь энэ хороог байгуулж байхад ч гэсэн энэ асуудлыг сөхөж байсан. Харин Засгийн газар энэ ажлыг хийж чадах уу. Жишээлбэл, Утааг нэмэгдүүлэх, нүүрс шахах бодлого барьж байна. Өнгөрсөн жилээс хямд үнээр зарсан Багануурын нүүрсийг иргэдэд тарааж байна. Энэ гольдролыг засч чадах уу. Энэ асуудлыг нийслэлд, орон нутаг нь шилжүүлж болохгүй юу” гэсэн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Нийслэлд шилжүүлэхэд яамдууд оролцдог, аймгууд барьдаг учраас Засгийн газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг “Ерөнхийлөгчийн санаачлагаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог санаачилж байгуулсан нь маш зүйтэй санал. Өнгөрсөн хугацаанд энэ хороо маш олон ажил хийсэн. Хурал зохион байгуулалтын явцад Засгийн газрын сайдууд хуралдаа ирдэггүй байсан. Тиймээс Засгийн газрын тэргүүн яамдаа зангидаж ажиллана гэдэг үүднээс Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог Засгийн газарт шилжүүлэх нь зүйтэй гэсэн үүднээс энэ төслийг оруулж ирж байгаа” гэлээ.

Түүнчлэн "Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь зургаан гишүүнтэй. Засгийн газар бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөлт оруулахгүйгээр хуучин бүтцээр нь авч явах нь зүйтэй байх" гэсэн саналуудыг гишүүд хэлж байлаа.

Ингээд гишүүд асуулт асуусны дараа "Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй" гэсэн саналын томъёоллоор санал хурааж, гишүүдийн олонхи дэмжсэнээр Байнгын хороонд анхны хэлэлцүүлгийг хийхээр шилжүүллээ. Энэ төслийг хэлэлцсэнээр УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж