Украины театраас балетийн амтыг мэдэрсэн багш

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Украины театраас балетийн амтыг мэдэрсэн багш

-Миний хүү, хаа байна гэнэ ээ. Хажууд чинь ямар байшин байна. Дээр нь бичиг сачиг байна уу, юу гэж байна, унш даа. За, наанаасаа битгий хөдлөөрэй, очоод авъя, 15 минут л болно.

-Чи хэлээд байхад эртхэн эмчид үзүүлэхгүй яасан юм бэ, хатгаа болгочих гэж. Гэрийнхэндээ хэлсэн үү, ямар эмчид үзүүлсэн. Ямар эм, тариа бичиж өгсөн, харъя.

Ээжийн, эсвэл дүүдээ хайртай эгчийн амнаас гарах чин сэтгэлийн иймэрхүү дотно үгс Г.Онон багшийн ажлын нэгээхэн хэсэг нь. СУИС-д бүжгийн заах арга зүйд суралцахаар орон нутгаас ирсэн хүүхдүүд хичээлийн жилийн эхний хэдэн өдрийг энэ маягаар үдэх нь жам мэт. Жил бүрийн намар шинэ оюутан хүлээж авсан багш нар 17,18-тай охид хөвгүүдийг сургахын зэрэгцээ амьдралд хөтлөх үүрэг хүлээх бичигдээгүй хууль үйлчилнэ. Өөрөө багадаа гэрээсээ хол байсан болохоор бусдын хүүхдийг өөртэйгөө адил бодно.

Г.Онон багш тэртээ 1979 онд дунд сургуулийн дөрөвдүгээр ангид аав ээж, эмээ, өвөөгийн өврөөс гараагүй шахам байхдаа л Украин улсын Киев хотын Балетийн дунд сургуулийн сурагч болохоор очсон. Дасталаа бас л амаргүй өдрүүдийг ардаа орхисон дурсамж өнөө ч тодхон байдаг болохоор алс нутгаас эрдмийн мөр хөөхөөр ирсэн хүүхдүүдэд эхийн сэтгэлээр хандаж номын аянд хөтлөх нь багшийн хувьд нэгэн ёсны жаргал. Балетийн гоцлооч, балетмейстер, бүжиг заах аргын багш тэрбээр СУИС-ийн шилдэг багш нарын нэг. Улсад 26 жил ажиллахдаа 19-ийг нь Дуурийн театрт гоцлол бүжигчнээр ажиллаж үдсэн. Нийгмийн шилжилтийн амаргүй жилүүдэд тайзаа орхиогүй гавьяатай уран бүтээлчдийн нэгэн.

Аав Хан Намнан овогт, цэргийн эдийн засагч М.Гомбосүрэн, ээж монгол хэл уран зохиолын багшаар 50 гаруй жил ажилласан Д.Сэсрэн нар таван хүүхдээ төлөв түвшин, бие, сэтгэлийн хөгжил сайтай хүмүүс болгон өсгөхийн тулд багаас нь секц дугуйланд хамруулж, юу хэрэгтэй бүхнээр нь хангаж ирсэн аж. Г.Онон охиноо гимнастикийн болон бүжгийн дугуйланд явуулна. 1979 оны намрын эхэн сард нэг өдөр аав нь “Балетийн сургуульд хүүхэд шалгаж байна гэнэ. Миний охин шалгуулах уу, тэнцвэл гадаадад сургуульд явна гэж байна” гэвэл жаахан охин эргэлзэх юмгүй тэгье гэж. Эрэгтэй, эмэгтэй 600 хүүхэд шалгаж эрэгтэй, эмэгтэй 10-ыг тэнцүүлж авсан чанга гээчийн шалгалтыг төвөггүй давж гараад нэг л өдөр галт тэргэнд суугаад Киев гээч хотыг зорьж очсон зоригтой охин. Тайзны амьдралын амтыг Украины Дуурийн театрт П.И.Чайковскийн “Щелькунчик” балетийн “11 цаг”-ийн дүрд тоглосноор мэдэрчээ. Найз Болормаатайгаа хамт жүжигт сайн тоглолоо гэж том шоколад, хөлд нь яг таарсан гоё коскигоор шагнуулсандаа урамшсан тэр өдрөөс хойш мэргэжилдээ улам дурлаж, балетийн урлаг, балетчиний амьдралын замд эргэлт буцалтгүй оржээ. Багш нар нь түүнийг анхнаас нь л гоцлол бүжигчний түвшинд бэлтгэж байсныг хожуу мэджээ. Ангийнх нь Түвшинбат, Төмөрсүх нартай хослуулан бүжиглүүлсээр зөвхөн Украины театрт төдийгүй Ставрополь зэрэг ЗХУ-ын бусад хотод тоглолтоор явуулдаг байж. Ингэж сургуулийнхаа, багш нарынхаа итгэлийг алдахгүй, хэзээд найдвартай балетчин болох замд ороход нь онцгой үүрэгтэй байсан багш нараа Г.Онон өдгөө дурсан ярьж байна.

Мэргэжлийн багш, сонгодог бүжгийн хичээл заадаг байсан Т.Н. Путилина түүний дотны чиглүүлэгч нь. Хамгийн хэцүү хичээл заадаг. Дасгалаа хийж байхдаа шантраад гараад зугтаамаар өдөр ч байсан аж. Порт дебра гэж хүнд дасгалууд хийж дуусаад бүхий бие, булчингаа амраахаар сул тавьж, гарын, уян хатны хөдөлгөөний дасгал хийх болгондоо уйлна. Хөгжим нь уянгалаг гоё болохоор тэр үү, хүнд ажлын ард гараад тэр юм  уу, аль эсвэл гэрээ, аав ээжээ санаад тэр үү, хичээлээ ихэвчлэн уйлж  дуусгадаг байсан гээд өнөөдөр тас тас инээж сууна.
   
Хамгийн хайртай Л.Я.Хусид гэж еврей багшийнхаа тухай ярихгүй байхын аргагүй. Багш нь нэгээс наймдугаар анги төгстөл төгөлдөр хуурын хичээл заасан. Зүгээр л хөгжим тоглохыг заагаад байна гэсэн нь сүүлд ойлгохноо хөгжмийн задаргаа хийх, соноршуулах том хөтөлбөрөөр хичээлдээ, шавьдаа ханддаг байсан аж. Энэ бүхнийг Г.Онон балетмейстер болохдоо ойлгожээ. Дүрийн судалгаа хийхэд хамгийн хэрэгтэй суурь сургалтыг хижээл насны, алс газар ээжийнх нь оронд ээж болсон тэр эмэгтэй жаахан охинд өгсөн байж. Г.Онон сурч байхдаа Китрийн вариац, “Жизель”-ийн па де де, Л.Делибийн “Дэмий болгоомжлол” балет, “Багт наадмын  шөнө” балет, “Нойрссон гүнж”-ийн хөх шувуу зэрэг уран бүтээлийг “өвөртөө” хийж аваад сургуулиа улаан дипломтой төгсчээ.

1987 онд Монголдоо ирээд Дуурь бүжгийн эрдмийн театрт балетчинаар ажилд орлоо. Нэг жил олны хэсэгт бүжиглээд дараа жилээс нь гоцлол бүжигчин болсон. Түүнийг гоцлооч болгосон хүн бол ардын жүжигчин О.Ганбаатар багш. Нийгэм бүхэлдээ донсолж эхлэхийн өмнөх жил балетчинаар ажилд орно гэдэг үү. Дуурийн театрын уран бүтээлчид хоёр хэсэг хуваагдаад байлаа. Б.Жамъяндагва багш “Балет холл”-оо байгуулахад нэлээд хэдэн балетчин түүнтэй нэгдээд явсан байв. Харин театрын балетийг авч явах үүрэг О.Ганбаатар, Намнанбаяр багш нар болон залуу балетчдад ногдсон том сорилтын үе байв.

1989 онд нийгэм, улс төрийн байдал тавгүйтэж эхэлж байхад театр Х.Билэгжаргалын “Бөртэ чоно” балетийг тайзнаа тавих боллоо. Г.Ононд гол дүр Хулангийн дүрийг өгөв. Амаржаад удаагүй байсан тэрбээр гол дүр бүтээх их хүсэлтэй байвч өөртөө нэг л итгэлгүй байхад нь О.Ганбаатар багш “Чи генерал болно гэж мөрөөддөггүй муу цэрэг. Ийм байж болохгүй. Чи чадна шүү дээ, Онон” гэж зоригжуулсаар ур дүй, техник их шаарддаг уг дүрийг бүтээлгэж чаджээ. 13 салаа гэзэгтэй гарч бүжиглэдэг, хүнд даваа олонтой энэ дүрийг бүтээхээр хичээж байхдаа нүдээ сохлох шахаж ч байж. Жүжгийн нээлтэд аав ээжийгээ урихад нь охиноо таниагүй нь хөгжилтэй. Өөрийг нь балетчин болгосон эцэг эхдээ гэнэтийн бэлэг барих гээд гол дүрд бүжиглэж байгаагаа хэлээгүй юмсанж. Хүүхэд гаргаад удаагүй байсан болохоор охин олны хэсэгт л бүжиглэж байгаа байх гэж бодоод танихгүй суутал охин нь харин нүүрэн дээр нь гол дүрд бүжиглэж байдаг байгаа. Ингэж багаас цоглог Г.Онон театрын нэгдүгээр гоцлол бүжигчин болох гараагаа эхэлжээ. Тэр цагаас хойш театрт сонгодог, орчин үеийн ямар л жүжиг тавина, гол дүрд тоглосоор, театртаа ажиллаж, СУИС-д цагийн багшаар ажиллан, балетийн өв уламжлалын хичээл заасаар байв. 1996-2000 онд сургуульдаа балетмеймтер, бүжгийн багшийн хос мэргэжлээр суралцаж төгслөө.

2000-2001 онд ДБЭТ-т ерөнхий ерөнхий балетмейстерээр ажилласан зурвас үе бий. Яам тушаалаар  томилсон юм билээ. Гэтэл балетчин, балетмейстер түүнд удирдах албан тушаал хаших сэтгэл зүйн бэлтгэл байсангүй, хоёрдугаарт өөрийгөө уран бүтээлч, багш болохоос зохион байгуулагч хүн биш юм байна гэж мэдэрсэн байсан болохоор уг ажлаас татгалзжээ. Гэх мэтчилэн Г.Онон тайз, балет, шавь, судалгаа, эрэл хайгуул энэ бүхний дунд туршлагажсаар, хэрсүүжсээр байв. Өнөө түүний ажил, байр суурийг хөндлөнгөөс дүгнэхэд халуун сэтгэлт Л.Я.Хусид багш шигээ ажилдаа чин үнэнч, шулуун шударга  багш болж хат суужээ гэхээр.

Тэрбээр театрын ерөнхий балетмейстерийн ажлыг өгсөн тус сургуулийн СУИС-д үндсэн багш болсон. Өдгөө бүжгийн тэнхим байгуулагдсаны 20 жилийн ой тэмдэглэж буй, тэнхим бэхжиж СУИС-ийн бүрэлдэхүүний бие даасан Бүжгийн сургууль гэсэн статустай болсны баярыг тэмдэглэж буй энэ өдрүүдэд тэрбээр бүжиг заах аргын чиглэлээр болоод балетмейстерээр хэдийний дөрвөн анги төгсгөсөн “архаг” багш болсон байна.  ДБЭТ-т гоцлол бүжигчнээр ажиллаж буй Эрдэнэжаргал, Москвагийн их сургуульд балетмейтерээр дахин суралцаж байгаа Чинзориг, ҮДБЭЧ-д бүжиглэж байгаа Сувдсүрэн, Эрдэнэтийн театрын дасгалжуулагч багш Рэнцэнмядаг, балетмейстер Эрдэнэбаяр, СУИС-д багшилж буй Алтантуяа нарын ажлаараа шалгарсан  уран бүтээлч гарын шавь нараараа бахархаж байна.

Багшийн ажилдаа дурласаар, шунасаар, оюутнуудынхаа амьдралаар амьдарч баярлахад нь баярлаж, зүдрэхэд нь тусалж, төөрөхөд нь хайж олж, уйлахад нь сэтгэлдээ аргадах ч, нүүрэн дээр нь хатуурхаж бүжгийн заалыг харцаараа удирдан багшийн, балетчиний, бүжигчний ур ухаан, эрдэм чадлыг гайхуулан гялалзаж явна.

2000 онд СУИС-ийг балетмейстерээр төгсөх дипломын ажлаараа тэрбээр их том бүтээл туурвисан. Ж.Соросын сангийн дэмжлэгээр Дуурийн театртай гэрээ байгуулж, хөгжимчин оюутан М.Цогбадрах, зураач  оюутан Г.Ганбаатар нартай хамтарч М.Равелийн “Болеро” балет тавьсан. Жүжиг сайн болсон тул ДБЭТ урын сангийн бүтээлээрээ баталж байлаа. Тэр СУИС-ийг хоёр диплом хамгаалж төгссөн юм. Нөгөө сэдэв нь  судалгааны чиглэлийнх бөгөөд “Бүжгийн сургуульд суралцагсдын бие, физиологийн онцлог” нэртэй. Түүнийг нь тэнхмийнх нь эрхлэгч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанцэцэг багш болон анагаах ухааны Ph.D С.Түнтэврэнцэн нар удирджээ.

Театрт байхдаа Валентиний баярт зориулсан “Гэгээн хосууд” концерт найруулж, “Дэлхий ээжийн төрсөн өдөр”, “Хар Хорин” дуурийн бүжгийг дэглэсэн. Тэрбээр энэ жилээс төрийн соёрхолт ардын жүжигчин Б.Жамъяндагвад духан дээрээ үнсүүлдэг болж. Үргэлж л судалж, задалж, дүгнэж явдаг болсон тэрбээр бүжгийн урлагт нэн шаардлагатай “Сонгодог бүжгийн нэр томъёоны товч тайлбарт толь” номыг орчуулж хэвлүүлсэн нь балетийн мэргэжилтнүүдээс маш сайн ажил боллоо гэсэн үнэлгээ авчээ. Б.Жамъяндагва багш “Ёстой сайн. Миний насаараа мөрөөдөөд амжуулаагүй юмыг чи хийлээ” гээд духан дээр нь үнсдэг болж. Ийм л нэгэн хөдөлмөрч, “шавхах усгүй” чадварлаг мэргэжилтэн, нас залуу ч бүжгийнхний дунд өндөр ээж гэгдэх нь холгүй болсон багшаар СУИС-ийнхан бахархдаг.  

Р.ОЮУНЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж