Оффшор данстай байх эсэхийг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Оффшор данстай байх эсэхийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.

Тодруулбал, энэхүү хуульд төрийн өндөр албан тушаалтан нь уг албыг хаших хугацаандаа өөрийн нэр дээр болон гэр бүлийнхнийхээ нэр дээр оффшор данс нээлгэх, мөнгө хадгалахыг уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойшхи 2 жилийн хугацаанд мөн оффшор данс нээлгэхийг, мөнгө хадгалуулахыг хориглож байгаа юм.

Харин гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа худалдан авах, гадаадын банкинд данс нээлгэх, харилцах данс нээлгэх, мөнгө хадгалуулах бол тухай бүрт нь Авлигатай тэмцэх газарт мэдэгдэнэ. 

Түүнчлэн төрийн өндөр албан тушаал хаших хүн нь гадаад эхнэр, нөхөртэй бол албан тушаалд томилохын өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудлыг тавьж, шийдвэрлүүлэх зэрэг хэд, хэдэн хориглох заалт тусгаад байгаа юм.

Дээрх хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд олонхи гишүүний дэмжлэг хүлээж чадалгүй унасан. Тиймээс уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг нь шийдэхийн тулд өнөөдрийн УИХ-ын чуулганд оролцож байгаа гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгийг хүлээх ёстой болж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан санаачилсан төслийнхөө тухай тодруулахдаа “Монголд өнөөдөр мөнгөнийхөө хэмжээг мэдэхгүй болтлоо баяжчихсан албан тушаалтнууд бий,  оффшорт түүнийгээ хадгалуулдаг. Бидний дунд ч тийм хүмүүс сууж байгаа. Тийм учраас энэ асуудлыг цэгцлэх цаг болсон гэж үзэж байна.

Англи, АНУ, Орос гээд олон орон төрийн өндөр албан тушаалтнуудаа оффшорт данс нээлгэж мөнгө хийхийг хориглоод эхэлсэн. Олон улсын байгууллагаас Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхийг сануулаад эхэлсэн. Тийм учраас төрийн өндөр албан тушаалтнуудаас үүнийг эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэж тайлбарлаж буй юм.

Яг одоо УИХ-ын гишүүд төсөл санаачлагчид хандан асуулт тавьж, хариулт авч эхлээд байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж