Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Өмнийн говь дэд бүтэцтэй болтлоо өдий бололтой. Мөнгөтэй, мөнгөгүй байх нь гол шалтгаан нь биш. Чухамдаа тэнд шинэ төмөр зам барья гэвэл эхлээд эх орончидтой, нутгийн индиануудтай нь тохиролцох хэрэгтэй болох нь. Ингэж чадвал Засгийн газрын том мөрөөдөл биелнэ. Монгол Улс Хятад руу машинаар биш вагоноор нүүрсээ зөөдөг болно. Тэр цаг болтол эх орончдын түм буман эсэргүүцэлтэй нүүр тулах нь гарцаагүй болжээ. Монголд төмөр зам хэрэгтэй юу. Мэдээж, зам бол хөгжлийн гарц. Гэхдээ хөгжилд дургүй хүмүүс Монголоор дүүрэн байна. Хүн ядуугаасаа биш тэнэгээсээ ичих ёстой юм гэдэг. Тэгэхээр монголчууд ядуучуудаасаа биш “тэнэг”-үүдээсээ ичих хэмжээнд оччихсон бус уу.

Цогтцэцийн малчид  эсэргүүцэл зарлалаа. Шалтгаан нь “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд тавигдаж байгаа Даланзадгад-Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замын транс тус сумын нутгаар дайран өнгөрч байгаагаас болсон гэнэ.

Цогтцэций сум нь уурхай ихтэй. Тиймээс тоос тортогийн хэмжээ нутгийнхны сэтгэлийг нь зовоох ганц асуудал болсон.  Говийн хөрсийг сэндийчин давхилдах нүүрсний том тэрэгнүүдээс болоод нутгийн орчин тойронд нь “шар манан” татаад удаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд тус сумынхны дунд амьсгалын замын өвчлөл эрс нэмэгдэж, арван хүн тутмын гурав нь амьсгалын замын өвчтэй болсон гэж байгаа. Энэ бүхэн тоосжилтын нөлөөлөл. Эрүүл орчинд баталгаатай амьдрал хэрэгтэй байгааг говийнхон байнга ярьдаг. Уул уурхайнхныг үзэн яддаг мөртлөө бүгд шахуу "ланд" унадаг.  Тэгвэл шинэ төмөр зам бариулахгүй гэж нутгийн сайн эрчүүд тэмцэл өрнүүлэхээр болсноо дуулгав. Сумын малчин Э-гийн хэлснээр мал аж ахуйн чиглэлээр тусгай хамгаалалтад авчихсан газар нутаг дундуур нь шинэ төмөр замын ажлыг эхлүүлэх гээд байгаа нь таалагдахгүй байгаа аж. Сумын иргэд гэлтгүй удирдлагуудын бодол  ч Засгийн газрын бодлоготой нийцэхгүй байгаа юм байх. Нутгийн малчин өрхийн 90 хувь нь шинэ төмөр зам дайран өнгөрөх тусгай хамгаалалтын газар амьдардаг учраас тэр аж.
Нутгийн тэмцэгчид “Хэрвээ Тавантолгой-Сайншанд чиглэлд тавигдах төмөр замын трасс зураг
батлагдвал малчин иргэд ганцхан жилийн дараа амьдрах газар нутаггүй
болно. Төмөр зам дайран өнгөрөх тус нутаг дэвсгэрт 60 гаруй айлын
өвөлжөө, зуслан малын бэлчээр байдаг. Төмөр замын трасс зургийг Зам,
тээврийн яам эргэн харахгүй бол малчин иргэд мал аж ахуй эрхлэх ямар ч
боломжгүй болж амьжиргааны гол эх үүсвэрээсээ сална. Мөн 60 мянга гаруй
мал бэлчээрлэх нутаг дэвсгэргүй болно” гэж байна лээ.

Зам дагаж хөгжил гэдэг. Шинэ төмөр зам баригдсанаар цогтцэцийнхний амьдрал сайжирна гэдэгт олон хүн зуун хувь итгэж байгаа. Ялангуяа эдийн засгийн үндэслэл, үр дагаварыг нь хардаг эдийн засагчид хүртэл итгэлтэй байна лээ. Хожил нь өөрсдийнх нь талд байхад яагаад хожигдохыг хүсээд байгаа шалтгаан нь нууц. Урьд  нь мал дагавал ам тосдог байсан бол одоо зам дагавал хөлждөг болсныг төмөр замын дагуух өртөө тосгоныхноос асуугаарай. Ямар ч байсан муугүй орлоготой амьдардаг гэдгээ ярих биз. Гэтэл нутгийн эх орончдод эдийн засгийн үр ашиг нь өнөөдрийн хувьд чухал асуудал биш бололтой.

Монгол эх орончдоор дүүрэн. Хуруу дараад тоолох юм бол олон хүнийг нэрлэх шаардлагатай болно. С.Ганбаатар гишүүн сүргийг манлайлж, Ц.Мөнхбаяраар удаалж, ногоон хөдөлгөөний А.Саруулаар хүч нэмэгдүүлж, МҮЭХ-ны Х.Амгаланбаатараар эгнээгээ тэлсэн эх орончдын нэрсийг жагсаавал уртаас урт жагсаалт гарна. Гэхдээ ийм эх орончдыг либералистууд “популист”-ууд гэж  адалдаг. Учир нь попиулистуудын тарьдаг уршиг нь улс оронд их болохоор тэр. 
Газар шороо, нутаг усныхаа төлөө өнөөдөр амиа золихоос буцахгүй байгаа манай эх орончид жинхэнээсээ дайн болвол хаана нуугдах бол. Исгэрэх сум тэсрэх бөмбөгийн өөдөөс энэ хэвээрээ зоригтой алхалж чадах уу болов уу. 

Улаанбаатарын утаа гамшгийн байдалд хүрчээ. Хүүхдийн эмнэлэг ачааллаа дийлэхээ больж, гадуур, дотуур ханиад томуу ихсэв. Харамсалтай нь, манай эх орончид энэ асуудлаар таг чиг. Сэдэв нь сонирхолгүй, эсвэл зорилгод нь нийцэхгүй байгаа юм уу бүү мэд.  Уг нь  Улаанбаатарын агаарын бохирдол болохоо байлаа, таминь ээ уушиггүй боллоо гээд дуугараад эхэлбэл дэмжих хүмүүс олон байгаа л даа. Гэхдээ тэд хэзээ ч утааны асуудлыг хөндөхгүй. Тэдний сонирхлыг утаа биш мөнгө татдаг. Тиймээс л гадаадын эх орончидтой тэрсэлдэж, дотоодынхоо мөнгөтэй компаниудтай тэмцэлддэг. Эндээс нь харахад эх орончдын эцсийн хүсэл мөнгө юм биш үү.  Мөнгөний төлөө чангаар хашгирах тэдний төлөөсийг ард иргэд халааснаасаа  хангалттай нөхөж байна шүү дээ. Энийг тэгээд эх орончийн гавъяа гэж дүгнэх ёстой юу.

Монголын эдийн засагт орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар унаж, долларын ханш 30 хувиар өсчээ.  Импортын бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийнхээс цөөнгүй төгрөгөөр өсч, иргэдийн амьжиргааны төвшинд сөргөөр нөлөөлж эхэллээ. Энэ бүхэнд энэ жил өлгийтэй нялхаас өтөл буурай хүртлээ Монголын иргэн бүр 836 мянган төгрөгийг төлсөн гэж байгаа. Улсын төсвийн орлого хумигдаж, төсвийн хөрөнгөөр барих ёстой байсан сургууль, цэцэрлэгийн ажлууд хойшлогдов. Гэхдээ энэ бүх асуудал, эдийн засгийн хямрал, долларын өсөлт, төгрөгийн уналт манай эх орончдод хамаагүй. Гэтэл нэг хүний эрх ашгийн төлөө нийт монголчууд хохирол амссаар л. Гэхдээ Монголд хөгжил хэрэггүй, эх орончид хэрэгтэй. Тиймээс эх орончид мандтугай гэж чангаар хашгирья.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж