Өмнөд Африк: Нар мандав уу, жаргав уу

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Өмнөд Африк: Нар мандав уу, жаргав уу

Апертейд, гэрэл цахилгаангүй бүс нутаг, дээрэм, тонуул нь ихэдсэн хот, тосгод, гуйланчлал газар авсан нийгэм. Хамгийн гол нь апертейд. Африк хүн эх нутагтаа ялгаварлан гадуурхагдаж байсан тэр цаг үе. Одоогоос 20 жилийн өмнөх өмнөд африкийн дүр зураг ердөө л энэ хэдэн зүйлээр төсөөлөгдөж байлаа. Тэр үед одоогийн африкийн талаар ярилцах нь битгий хэл мөрөөдөхөд ч тун хэцүү байсан. Дэлхий нийт тэднийг хүний эрх нь уландаа гишгигдсэн, буурай орон гэсэн дүрээр л харж байсан. Үнэн гэвэл энэ. Харин одоо бол африк тивийн өмнөд хэсэгт орших энэ улс бүс нутаг төдийгүй дэлхийн зах зээлд томоохон тоглогч болж чадсан. Томоохон эдийн засгийн бүсийг тэд хамтран байгуулалцаж, гол дүрд нь тоглож байна. Гэхдээ мөнгөн үзүүлэлт өссөн ч нийгмийн мораль нь хэрхэснийг дэлхий нийт тэр бүр мэднэ гэж үү…

 Киноны сэдэв өөрчлөгдсөн үү

Одоогоос найман жилийн өмнө “Түүтси” нэртэй кино гарч, Венецийн кино наадамд шүүгчдээс өндөр үнэлгээ аван, Оскарын наадмын гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд ялалт байгуулж байлаа. Киноны сэдэв бол гудамжны хүү Түүтси баян айлын машиныг хулгайлж, мөнгийг нь дээрэмдэнэ. Харин хулгайлсан машин дотор баян айлын жаахан хүү байсныг тэр мэдээгүй. Машинаа төв зам дээр хаячихаад гарах гэтэл жаахан хүү уйлснаар кино цааш үргэлжилнэ. Энэ хооронд тэр баян айлын хүүг өөрийнхөө хүү мэт санаж, гудамжны сайхан гэх юмгүй гэртээ авчирч, хулгайчдаас нуун, чадлаараа тэжээнэ. Кино ийнхүү цааш үргэлжлэх билээ. Яаж дуусна гэж бодож байна. Сүүлд нь тэр жаахан хүүг эцэг, эхэд нь эргүүлэн өгдөг.

Дэлхийг шуугуилж байсан энэ киноны чимэг дүр гэгдэх тэр жаахан хүүгийн амьдрал шиг Африкийн одоогийн байдал өөрчлөгдсөн. Гэхдээ эерэг утгаараа. Гэрэл цахилгаангүй бүс нутаг гэж байхаа больж, гэмт хэргийн гаралт өнгөрсөн 20 жилийн хугацаанд 10 хувиар буурсан. Эдийн засгийн өсөлт нь тодорхой байж, үндэстэн дамнасан томоохон компаниуд соёолж эхлэв. Арьс өнгөөр илт гадуурхдаг байсан тэр үзэл одоо бага ч атугай багассан. 2010 онд тэд хөлбөмбөгийн дэлхийн аваргыг эх нутагтаа хүлээн авч, амжилттай зохион байгуулсан. Одоо тэд BRICS гэх томоохон нэгдэлд, гол дүрийн үүргийг гүйцэтгэж байгаа.

20 жилийн өмнө дурсдаг ч үгүй байсан хөрөнгийн зах зээл жинхэнэ утгаараа өмнөд африкд бий болсон. Яваандаа бүс нутгийн хамгийн том хөрөнгийн биржийг тэд одоо ургуулж байгаа. АНУ болоод дэлхийн томоохон гүрнүүд томоохон гэрээ хэлэлцээр байгуулдаг болсон. Дэлхийн банкнаас зээлжих зэрэглэлийг АА болгож нэмсэн. Жижиглэн худалдаа болоод дунд бизнес эрхлэхэд тохиромжтой улсын тоонд ч орчихсон.

Сайхан үзүүлэлтүүд

Одоогоос 20 жилийн тэртээ ардчилал, чөлөөт үзэл, зах зээлийг тунхаглаж, Манделагаар удирдуулсан энэ улсыг одоогийн зэрэгт хүрнэ гэдгийг хэн ч тааж чадахгүй байсан байх. Гэхдээ тэр үеэс эхлэн африк иргэдийн итгэл, өнөөгийн төвшинд хүргэх хэмжээнд дээшилсэн юм. Хэдэн тоо харъя л даа. Дотоодын нийт бүтээгдэхүүн 20 жилийн өмнөхөөс гурав дахин нэмэгдэж, 400 тэрбум долларт хүрсэн. Гадаад валютын нөөц гурав хүрэхгүй тэрбум долларт хэмжигддэг байсан бол өдгөө 50 тэрбумыг даваад байна.

“1994 оноос хойш өмнөд африкийн байдал мэдэгдэхүйц дээшилсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Дундаж давхаргын өсөлт, нийгмийн хамгааллын тогтолцоо сайжирсан. Хүн бүр бизнес хийх боломжоор хангагдсан. Хамгийн гол нь бүх зүйл нээлттэй, чөлөөтэй болсон нь энэ бүх өсөлтийг авчрах хамгийн том түлхэц нь болсон юм” гэж Goldman Sachs байгууллагын төлөвлөлт хариуцсан захирал Колин Келман ярьжээ.

35 хүртэлх насны нийт хүмүүсийн 30 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэлдэг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 4 хүрэхгүй мянгаас 6522 мянган ам.доллараар нэмэгдсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүн 144 тэрбумаас, 405 тэрбум болтлоо өссөн. Ажил хайж буй хүмүүсийн тоо, ажлын байрны эрэлт, дундаж давхаргын орлого мэдэгдэхүйц нэмэгдсэн нь нэгэнт тодорхой зүйл. Гэхдээ сайны хажууд саар байнга дагалддагын адил, нийгмийн мораль нь өмнөхөөсөө дээрдээгүй гэдгийг батлах олон баримт бий.

Саар зүйлс

Саар зүйлс бий. Өнөөх л арьс өнгөөр ялгаварлах үзэл. Ажилд орох хүмүүсийг арьс өнгөөр нь гадуурхан авах хандлага байсаар л байгаа. Ажилд орохыг хүссэн хүмүүсээс өнгөт арьстай хүмүүсийн 65 хувь нь анхны ярилцлагаасаа буцаагддаг болох нь тогтоогджээ. Сургууль төгссөн өнгөт арьстнуудын 40 гаруй хувьд таван жилийн дараа ажилд ордог бол цагаан арьстнууд нэг юм уу хоёр сар хүлээдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ бол олон жилийн турш амь бөхтэй байсан арьс өнгөөр ялгаварлах үзэл одоог хүртэл байгаагийн нэг илрэл. Хэдийгээр өнгөрсөн жилээс эхлэн энэ байдлыг таслан зогсоох зорилгоор Өмнөд Африкийн нөлөө бүхий өнгөт арьстай иргэдээр нийгмийн сурталчилгаа явуулсан ч тусыг эс олоод байгаа билээ. “Энэ бол 30-40 жилийн дараа хэвийн хэмжээнд очих асуудал. Олон жилийн туршид амь бөхтэй байсан нэг үзлийг 20 жилийн хугацаанд засч залруулна гэдэг угаасаа хэцүү зүйл. Гэхдээ мөддөө засагдахгүй юм чинь гээд тоохгүй орхиж болохгүй” гэж Өмнөд Африкаас АНУ-д суугаа элчин сайд Эбрахим Расул ярьжээ.

Арьс өнгөөр ялгаварлах үзлээс гадны ажилгүйчүүдийн тоо буурахгүй байгаа нь толгойны өвчнүүдийн нэг яах аргагүй мөн. Хэдийгээр ажлын байрны тоо тодорхой хувиар дээшилсэн ч ажилгүйчүүдийн тэр хувиас нь давж байгаа юм. Тоо харъя л даа. 1994 онд ажлын байрны тоо 25 хувьтай байсан бол 2012 онд 36 болтлоо өссөн. Гэтэл бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1994 онд 35 хувьтай байсан бол 2012 онд 45 хувь болтлоо өсчээ. Мөн 45 хүртэлх насны иргэдэд оногдох асаргаа сувилгааны асуудал хамгийн доод түвшинд байгаа аж. Хэдийгээр эрүүл мэндийн даатгал төлдөг ч эмнэлэгт хэвтэхийн тулд заавал нэмж мөнгө төлдөг байгаа нь бас нэг санаа зовоосон асуудлын нэг. Хотын төв болоод бизнесийн томоохон бүсүүдээр цалин өндөр байдаг ч хар бор ажилчдын дундаж цалин 20 жилийн өмнөхөөс ердөө 5 хүрэхгүй хувиар дээшилжээ.

Африкийн өмнөд хэсэг ийнхүү өсөлтийн замдаа оржээ. Бүс нутгийнхаа томоохон түрийвчний нэг гэж яах аргагүй Ө.Африкийг нэрлэнэ. Ирэх 10 жилд эдийн засаг нь хоёр дахин томорч, европийн томоохон улсуудын хэмжээнд хүрнэ гэж Дэлхийн Банкныхан дүгнэсэн. Гэхдээ наана нь засах өөр зүйлсүүд байгааг санах хэрэгтэй.


Жич: 1615 онд европийн эзэрхийлэл дор гурван зууныг үдсэн өмнөдүүд 1931 он хүртэл Их Британийн колони улсын нэг байлаа. Харин 1961 тавдугаар сарын 30-нд Өмнөд Африкчууд тусгаар тогтнолоо албан ёсоор зарласан юм. 1815 оноос арьс өнгөөр ялгаварлах үзэл газар авсан ч 1948 онд апартейдыг албан ёсоор хуульчилж, 1994 хүртэл үргэлжилсэн билээ. Өдгөө Өмнөд Африк нь дэлхийн 33 дахь, Африкийн хоёр дахь томоохон эдийн засаг болсон байна.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж