Хуучин дугуй л биш шүү

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Хуучин дугуй л биш шүү

Ойрын өдрүүдэд жавар тачигнаж, утаа цээж дүүргэсэн өвлийн өдрүүд үргэлжилсээр. Гэхдээ хаа очиж энэ жил харьцангуй дулаахан байгаа учраас утаа ч тэр хэрээрээ гайгүй байх шиг. Гэсэн ч агаарын бохирдол нийслэлчүүдийн эрүүл мэндийн дайсан болоод удаж байгааг хэн хүнгүй л мэдэж буй.

Агаарын бохирдлыг үүсгэж буй гол хүчин зүйл нь аанай л өнөөх гэр хорооллынхон, автомашинууд. Энэ жил нүүрсний үнэ нэмэгдсэний хар гайгаар гэр хорооллынхон зутруухан өвөлжиж байгаа талаар иргэд өөр хоорондоо ярилцаж байна. Аргагүйн эрхэнд хуучин муу дугуй шатааж байгаа айлууд ч байгаа сурагтай.

Мөн нийслэлд 450 гаруй засварын газар, түүнчлэн нам даралтын зуух хэрэглэдэг айл, аж ахуйн нэгжүүд хаягдал дугуйг шатаадаг гэсэн мэдээллийг албаныхан өгдөг.

Гэтэл утаанаас илүүтэй хуучин дугуй шатаахад гарч буй хорт хий, бодисууд  бидний эрүүл мэндэд хамгийн их хор нөлөө үзүүлж, одоо илрэхгүй хэдий ч хожим нь хэдэн мянгаараа хорт хавдартай болох их эрсдлийг бий болгож байна. Зөвхөн дугуй ч биш хуванцар сав, нүүрс, бензинийг шатаахад агаарт маш олон тооны хорт бодис тархаж, угаарт нь нүүрстөрөгч буюу бенз/а/пирен гэх бодис тархдаг нь хамгийн их аюултай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Дугуйг шатаахад бенз/а/пирен гэх бодис нь хамгийн их ялгардаг бөгөөд хүний амьсгалын замын эрхтэн рүү шууд нэвтрэн орж, хоолойны бүх хэсгээр дамжаад уушгины цулцанд хүрдэг гэнэ. Энэ нь цаашлаад судсаар дамжин цусанд нэвчиж, улмаар бүх эд эрхтэнд дамжин орж хордуулаад, эцэст нь хорт хавдартай болгох аюултайг эмч, эрдэмтэд хэлээд байна.

Мөн энэ бодисын бүхэл хэсэг нь уушгинд тунаж үлдээд, цэвэр агаартай газарт очиж, хорт хийгээр амьсгалахгүй амьдарсан ч нэгэнт тунаж үлдсэн өнөөх дайсан чинь хожим нь дахин цусанд орж хордуулдаг аж. Энэ бодисоор амьсгалсан л бол их ч бай, бага ч бай хамаагүй хорт хавдартай л болно гэсэн үг.

Аймшигтай сонсогдохгүй байна гэж үү. Тэгээд ч агаарт ялгардаг энэ хорт бодисууд 120 см өндөртэй хүмүүст буюу хүүхдүүдэд маш ихээр нөлөөлдөг гэдгийг дахин дахин сануулж байна. Мөн хуучин дугуйг шатаахад ганцхан энэ бодис ялгардаггүй.

Маш олон тооны хорт бодис ялгарч, хүний уургийн солилцоо, дааврын тогтолцоог гэмтээж, хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож, үрэвсүүлдэг, төв мэдрэлийн системийг гэмтээдэг байна. Өнөөдөр мөнгөө хэмнэн авч байгаа хуучин дугуй нь эцсийн дүндээ хэд дахин илүү зардалтай гэдгийг хүмүүс тэр бүр ойлгохгүй байна хэмээн мэргэжилтнүүд харамссаар.

Тэгээд ч бидний эрүүл мэндэд асар их аюул дагуулдаг хуучин дугуй нь газрын хөрсөнд ч задралгүй 100 гаруй жил болохын зэрэгцээ өнгөн хөрсний хамгийн шим тэжээл бүхий ургамлын үндэс, бичил амьд биетүүдийн амьсгалах, нарны гэрлийг хүлээн авах замд хортой нөлөө үзүүлж, тэр хэсэгтээ үхжилт үүсгэдэг байна.

Хуучин дугуй шатаасан газарт 10 жил юу ч ургадаггүй, хортон шавж амьдрах таатай орчин болдгийг ч эрдэмтэд тогтоосон байдаг юм билээ. Тиймээс ч хуучин дугуйг аюултай хог хаягдалд тооцож, хуучин дугуйны импортыг зарим улс хориглосон байдаг юм байна.

Гэвч манай улс дотооддоо автомашины дугуй үйлдвэрлэх боломжгүй учир үйлдвэрлэсэн улсдаа хэдийнэ ашиглагдахаа больж, хог болчихсон хуучин дугуйг импортолсоор л байна. Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс харахад л хуучин дугуйны импорт энэ онд шинээсээ тав дахин их байсан байна.

Өөрөөр хэлбэл, олон улсад аюултай хаягдал хэмээн хориглож байгаа “дайсан маань” хэтэрхий олуулаа манай улсад орж ирж байна. Олуулаа орж ирэх тусмаа бүр хуучин дугуйг олноор нь хаягдал болгон гаргаж, тэр хэрээрээ агаарт өнөөх айхтар бодисууд чинь тархаж, үндэсний хэмжээнд заналхийлж байна.

Өсвөр насныхны дархлаа суларч, жирэмсэн эхчүүдийн ураг нь хэвлийдээ амьгүй болж, эрчүүд нь үр тогтоож чадахгүйд хүрч, дөнгөж төрсөн үр нь элдэв гажигтай байгаа зэрэг олон эмгэнэлт үр дагавар эхнээсээ сануулга болсоор байна.

Гэтэл төр засгийн өндөрлөгт сууж буй хүмүүс жүжиг тоглоод л, дүр эсгээд л суугаад байна. Өнөөдөр эх хэлээ оролдож, дөрвөн үсэг хасах гэж суухаар, Их хурлын танхимд тоглоом тоглож суухаар хуучин дугуйны импортыг зогсоох ажилд хуруу, хошуу нэмэрлэмээр юм даа.

Э.ЭНХЦЭЦЭГ

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж