Монгол Улс Дэлхийн бодлого тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Монгол Улс Дэлхийн бодлого тодорхойлно

НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/-ын 37 дугаар Ерөнхий бага хурал энэ оны 11 сарын 5-20-ны өдрүүдэд Парис хотноо болж өндөрлөв. ЮНЕСКО-гийн эрх барих дээд байгууллага – Ерөнхий бага хуралд оролцоод ирсэн тус байгууллагын Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхантай ярилцлаа.

-Өнгөрсөн хагас сарын хугацаанд болж өнгөрсөн ЮНЕСКО-гийн 37 дугаар Ерөнхий бага хурлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-гийн эрх барих дээд байгууллага нь Ерөнхий бага хурал байдаг. Бага хурал 200 гаруй гишүүн улсуудын төлөөллөөс бүрддэг бөгөөд хоёр жилд нэг удаа хуралдаж ЮНЕСКО-гийн хөтөлбөр, төсвийг баталдаг. Энэхүү ээлжит Бага хурлаар ирэх 2 жилийн төсөв 500 гаруй сая ам.доллараар батлагдаж энэ хугацаанд хийгдэх үйл ажиллагааны хөтөлбөрөө томъёоллоо. Энэ үеэр Байгууллагын Ерөнхий захирлыг сонгууль болж Ерөнхий захирал, хатагтай Ирина Бокова дахин сонгогдсоныг хэлэхэд таатай байна. Энэ удаагийн бага хуралд Коста Рикагийн Ерөнхийлөгч хатагтай Л.Ченчилла, Тунисийн Ерөнхийлөгч М.Марзуки, Литвийн Ерөнхий сайд А.Буткевисиус нарын төр засгийн тэргүүнүүд болон 150 орнысайднарөөрийнулсыгтөлөөлөн оролцсон. Чуулганд манай улсаас Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ.

ЮНЕСКО-гоос 2014-2021 онд баримтлах Дунд хугацааны стратегийн баримт бичгийг хэлэлцэж ирэх 8 жилийн үйл ажиллагааны гол зорилгоо энх тайван, харилцан ойлголцол, тогтвортой хөгжлийг дэмжсэн боловсролын хөтөлбөр, үйл ажиллагаагаар дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэхээр бодлого хөтөлбөр гарган хэрэгжүүлэхээр тогтлоо.

-Хурлын үеэр Удирдагчдын форум болсон гэсэн манай улсаас ямар байр суурийг илэрхийлэв?

-Нэгдсэн хэлэлцүүлэг болон Удирдагчдын форумд Л.Болд сайд үг хэлж манай улсаас НҮБ-ын хүрээнд санаачлан авч явдаг тогтоолууд Ардчиллын боловсрол, Бичиг үсгийн боловсролын асуудлыг НҮБ-ын 2015 оноос хойших хөгжлийн зорилгуудад тусгах, эдгээр зорилгод хүрэхийн тулд олон талын оролцогчдоос бүрдсэн олон улсын түншлэл байгуулах нь чухал ач холбогдолтойг илэрхийлсэн. ЮНЕСКО-гийн удирдлагууд болон чуулганд оролцсон төлөөлөгчид Монгол улсын санаачилгыг санал нэгтэй дэмжиж байсан. Уг тогтоол нь яг нэг жилийн өмнө Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар батлагдсан “Ардчиллын боловсрол”-ын тухай тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, уг үйл ажиллагаанд ЮНЕСКО-гийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох юм.Ардчиллын боловсрол, Бичиг үсгийн боловсролыг манай улс хөндөж анхаарлаа хандуулж байгаа явдал нь улс орнуудын дунд Монгол Улсын нэр хүндийг өргөж, өсгөж байгаа хэрэг гэж үзэж болох төдийгүй цаашдаа манай улс энэ асуудалд идэвхтэй байжбусад орнуудыг уриалан ажиллаж өөрийн байр суурийг улам баталгаажуулах юм. Түүнчлэн сайд хэлсэн үгэндээ ЮНЕСКО-гийн 2 дугаар зэргийн байгууллага болох Монголын Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнтэй хамтран ажиллах талаар санал хэлсэн байгаа.

-Энэ үеэр манай улсын төлөөлөгчид ямар уулзалтууд хийв?

-Төлөөлөгчдийн тэргүүн Л.Болд сайд Парис хотноо энэ сарын 7-ны өдөр Ерөнхий захирал Ирина Боковатай уулзалт хийсэн. Тэрээр өнгөрсөн хугацаанд ЮНЕСКО-Монголын хооронд байгуулан санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаа, харилцан ойлголцол манай улсын хөгжлийн бодлогод онцгой нөлөөлснийг илэрхийлж тус байгууллагын үйл ажиллагааны 4 салбар болох боловсрол,соёл, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцсон. Мөн түүнчлэн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын Стратеги бодлого төлөвлөлт хариуцсан орлогч Х.Дорвиль, Шинжлэх ухаан хариуцсан орлогч Г.Калонжи, Хамтын ажиллагаа хариуцсан орлогч Э. Фалт нартай уулзаж байгалийн төрөл зүйлийг хадгалж хамгаалах, усны нөөцийн менежментийг сайжруулах, тус байгууллагад Монгол хүмүүсийг ажиллуулах зэрэг асуудлаар санал солилцлоо. Мөн энэ удаагийн Чуулганы даргаар сонгогдсон БНХАУ-ын иргэн ноён Хао Пингтэй уулзан баяр хүргэж цаашид Монгол улс ЮНЕСКО-той болон БНХАУ-тай хамтран ажиллах талаар тодорхой санал солилцсон. 

-Манай төлөөлөгчид хэр амжилттай оролцов? ЮНЕСКО-Монголын хамтын ажиллагааг ямар түвшинд гаргахаар санал нэгдэв?

-Чуулганд амжилт дүүрэн оролцлоо. Энэ үеэр болсон томоохон арга хэмжээ бол ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Монголын соёлын үнэт баримтат өв болох Есөн эрдэнийн Ганжуур судрыг тус байгууллагаас “Дэлхийн баримтат өв”-д бүртгэсэн батламжийг төлөөлөгчдийн тэргүүнд гардуулан өглөө. Баримтат өв болоод соёлын бусад өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэн үнэ цэнийг нь дэлхий дахинаа өргөх ажиллагаа манай улсын хувьд эрчимтэй хийгдэж байгаа. 

Өөр нэг чухал үйл явдал болсон нь Хороодын нэгдсэн хуралдаан байлаа. Үүгээр Монгол Улсын санаачилсан «Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих» тогтоолыг гишүүн орнууд  санал нэгтэй дэмжиж баталлаа. Түүнээс гадна Монгол улсын санаачилсан бас нэг тогтоолын төсөл өнгөрсөн сард НҮБ-аар батлагдсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Монгол улс анхалан санаачилсанБичиг үсгийн боловсролын 10 жил/2002-2012/-ийн хугацаанд дэлхий нийт бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах асуудлын хүрээнд юу хийж бүтээсэн талаарх тайлан гарсан.Уг тайлангийн дагуу манай улсаасзөвлөмж боловсруулан гаргаж НҮБ-д оруулсан. Ийнхүү НҮБ бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахыг тууштай дэмжиж ажиллах ёстойг мэдэгдэн өөрийн чуулганаараа батласан нь Монгол Улс энэ салбарт ихэд ахицтай ажиллаж байгааг харуулж байна.

Манай улс ЮНЕСКО-гийн Засгийн Газар Хоорондын 3 хороонд сонгогдсон. Тухайлбал, Олон улсын боловсролын товчоо, Мэдээлэл, Харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөр, Хууль бусаар өмчилсөн соёлын өвийг уугуул улс орнуудад нь эгүүлэн өгөхийг дэмжих хороонд сонгогдож, хамтарч ажиллахаар боллоо. Хороонд сонгогдох нь маш олон давуу талтай. ЮНЕСКО 195 гишүүн орон, 9 туслах гишүүн оронтой НҮБ дотроо хамгийн том  байгууллага. Энэ үүднээсээ дэлхийн хэмжээнд бодлого боловсруулах бломж эрх нээгдэж байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, Монгол улсын санал зөвлөмжийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх, бусад орны хөгжлийн бодлогыг тодорхойлж боловсруулахад гар бие оролцох бололцоо нээгдэж байгаа юм.

-Эдгээр 3 хорооны үйл ажиллагааны чиглэлийн талаар дэлгэрүүлэн яривал? Цаашид улсынхаа хөгжлийн бодлогыг дээрх хүрээнд хэрхэн холбогдуулан ажиллах вэ?

-Олон улсын боловсролын товчооны хувьд удирдах зөвлөлийн 28 гишүүд нь ЮНЕСКО-гийн  Ерөнхий чуулганы хуралдаанаар сонгогддог. Өнөөдрийг хүртэл энэ товчоо боловсролын салбар дахь сургалтын хөтөлбөр, үнэлгээ, сурах болон заах стратегийг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол олгох, ХДХВ, нийгмийн уялдаа холбоо,зэвсэгт мөргөлдөөныг зогсоох, ядуурлыг бууруулах чиглэлд олон улсыг хамарсан үр дүнтэй үйл ажиллагааг  явуулж байна. Мэдээлэл, Харилцаа, Холбооны хөгжлийн хөтөлбөрийн тухайд хөгжиж байгаа болон шилжилтийн үеийн улс орнуудад олон ургальч, чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллага бий болгох улмаар боловсон хүчин, техникийн нөөц бололцоог нь сайжруулахад чиглэгддэг бол Хууль бусаар өмчилсөн соёлын өвийг уугуул улс орнуудад нь эгүүлэн өгөхийг дэмжих хороонд ажилласнаар манай улс соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэж, хадгалж хамгаалах үүрэгтэй холбогдох байгууллагуудынхаа чадавхийг дээшлүүлж чадах юм.

ЮНЕСКО-гийн Засгийн Газар хоорондын хороодод Монгол Улс сонгогдсонтой холбогдон салбар хариуцсан яамд, төрийн байгууллагууд идэвхтэй оролцож Монгол улсын санал чиглэлийг дэлхийд хүргэх ёстой гэж үзэж байна. Хэдийгээр хөрөнгө мөнгөний асуудал яригддаг ч сонгогдсон боломжоо ашиглаад үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох ёстой гэсэн саналтай байна.

Ярилцсанд баярлалаа.       

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж