
Чуулга уулзалтад оролцож буй УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл эмэгтэйчүүдийн манлайлал улс орны нийгмийг хэрхэн өөрчилж, сайжруулж чадах вэ сэдвээр болсон хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, санал бодлоо хуваалцав.
Парламент дахь эмэгтэйчүүдийн энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтаас жендерийн ялгааг арилгах талаар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас гаргасан илтгэлд үндэслэн олгож буй шагналын "Бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахад амжилт гаргасан" төрөлд Зүүн Азийн бүсээс Монгол Улсыг шалгаруулж, шагналыг Монгол Улсыг төлөөлж буй сайд Ц.Оюунгэрэлд гардууллаа. Тус шагналыг Ойрхи Дорнодын бүсээс Израил, Номхон Далайн бүсээс Шинэ Зеланд, Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн бүсээс Филиппин, Африкийн Саб Сахарын бүсээс Лесото, Европ болон Төв Азийн бүсээс Исланд, Өмнөд Америкийн бүсээс Боливи, Европын Холбооноос Финлянд тус тус хүртлээ.