Гишүүд Алтны хуулиар байр сууриа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Гишүүд Алтны хуулиар байр сууриа илэрхийлэв

УИХ-ын гишүүн Г.Уянга, Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Х.Болорчулуун нарын гишүүд өнөөдөр уул уурхайн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, энэ төрлийн хуулиуд УИХ-аар батлагдах гэж байгаатай холбогдуулан  байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Г.Уянга:
“УИХ-д Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгээс эхлээд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Алтны худалдаанд ил тод байдал бий болгох тухай зэрэг уул уурхайн салбарын олон хууль батлагдахаар ар араасаа орж ирж байна. Нэр бүхий 26 гишүүн уул уурхайн асуудалд анхаарал хандуулах Түр хороо байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад  тавьж, хагас жилийн дараа УИХ-ын дэргэд түр хороо байгуулахаар болсон ч бүрэлдэхүүнийг баталж өгөхгүй байгаа. Тиймээс улс төрийн намуудын төлөөллийг багтаасан 17 хүний бүрэлдэхүүнтэй Түр хороо байгуулах хүсэлтээ өнөөдөр дахин хүргүүлж байна” гэдгийг мэдээллийн эхэнд онцлов.

Гишүүд “Уул уурхайн  чиглэлийн,  батлагдахаар хүлээгдэж буй олон хуулиудад гишүүн бүр анхаарал хандуулах боломж хомс байгаа тул Түр хороог  яаралтай байгуулж, байгалийн баялагаа ашиглах, хувь хүртэх асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй” хэмээн үзэж байгаа аж. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Ерөнхий сайд УИХ-ын чуулганд Түр хороо байгуулах нь харшлах мэтээр ярьсан. Сүүлийн арваад жилд хүрсэн үр дүнгээсээ ухарч байна. Тухайлбал Урт нэртэй гэгдэх хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулж, 13 аймагт 274 компанийн үйл  ажиллагааг сэргээхээр ярьж байна. Эхлээд Эрдэс баялгийн салбарт  төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ  гаргах ёстой. Баримт бичгээ гаргахгүйгээр бусад хуулийг ар араас нь яаран батлуулахаар оролдож байгаа нь цаанаа  хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхолтой холбоотой. Жишээ нь, алт, түгээмэл тархацтай ашигт малтмал зэргээр ашигт малтмалыг тус тусад нь салган хуулийн төсөл боловсруулж батлуулах гэж байгааг энэ салбарынхан эсэргүүцэж байгаа. Мөн  Алтны худалдаанд ил тод байдал бий болгох тухай хуулиар татварыг бууруулж томоохон аж ахуй нэгжид хөнгөлөлт үзүүлэхээр зэхэж байна” гэж  онцолсон.

Энэ үеэр Алтны худалдаанд ил тод байдал бий болгох хуулийн хүрээнд гишүүдээс зарим асуултад хариулт авлаа.

-Алтны худалдаанд ил тод байдал бий болгох хууль батлагдвал Оюутолгойд ямар хөнгөлөлт  ирэх вэ?

-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгож бууруулбал  Оюутолгойгоос орж ирэх 90 сая ам.долларын 37 сая ам.доллар нь алга болно. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэхээр дугаарлаж байна. Байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн асуудлыг шийдээгү байхад дахиад олон зуун компанийн  үйл ажиллагааг сэргээж, задгай  тавихаар ярьж байна.

-Х.Болорчулуун: Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг бол маш чухал. Ийм бодлого байгаагүй үед гадныхан  хуулийг өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэх лоббиг Монголын нэр нөлөө бүхий хүмүүсээр хийлгэж, томоохон ордуудад гадны компаниуд эзэн суун, маш муу гэрээ хийдэг явдлыг зогсоох цаг болсон. Монгол Улсын экспортын 90 гаруй хувь нь уул уурхайгаас бүрдэж байхад энэ мөнгө эргэж орж ирэхгүй байна шүү дээ.

 Б.Бат-Эрдэнэ: Энэ хуульд тодорхой эрх ашиг бий. Бид УИХ-ын сонгуульд иргэдээсээ санал авахдаа Оюутолгойн гэрээг  сайжруулна гэж амласан. Гэтэл энэ хуулиар татварыг 2.5 болгож бууруулснаар  Оюутолгойгоос олборлох 1850 тонн алтны 50 тонн-ыг алдах буюу хоёр тэрбум ам.долларын хөнгөлөлт эдлүүлнэ гэсэн үг.

Я.Содбаатар: Оюутолгой 2.5 хувийн татварын хөнгөлөлт эдлэх эсэх нь  тухайн компанийн эрхийн асуудал л даа. Гэхдээ ямар ч компани ийм хэмжээний хөнгөлөлтөөс татгалзахгүй. Хөнгөлөлт авах нь  ойлгомжтой. Тэгвэл Оюутолгой жилдээ 30-40 тонн алд Монголбанкинд тушаалаа гэхэд зах зээлийн үнээр худалдаж авахад  1.5 тэрбум ам.доллар шаардлагатай.  Төгрөг хөрвөх чадваргүй учраас валют болгох шаардлага гарна. Ийм хэмжээний эрсдэл хүлээж валютаа нэмэгдүүлэх хэрэг байна уу. Эдийн засгийн хувьд ямар хувилбар ашигтай вэ гэдгийг нухацтай ярих шаардлагатай.

-Уул уурхайн сайд Алтны худалдаанд ил тод байдал бий болгох хуулийг батлахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн Алт үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллахаар боллоо. Үүний ард ямар ашиг сонирхол байна гэж үзэж байгаа вэ?

-Ц.Даваасүрэн: Гадныхан тархи угаах ажиллагаа их  явуулдагийн жишээ энэ.

Я.Содбаатар: Монгол Улс 2006 он хүртэл алтнаас 7.5 хувийн татвар авдаг байсан бол 2006 оноос  хойш 5 хувь дээр нэмэх нь 68 хувь, 2010 оноос өсөн нэмэгдэх  роялти авдаг  болсон. Гэтэл  одоо 2.5 хувь болгож бууруулна гэж яриад байгаа.  Засгийн газар эдийн засгийн хүндрэлээс  гарахын тулд таван жил 2.5 хувиар яваад үүний дараа 5 хувь болгож өөрчилнө гэж тайлбарлаад байгаа юм.  Гэрээндээ өөрчлөлт оруулаагүй байж татвараас хөнгөлөх нь буруу. Алт үйлдвэрлэгчдийн холбоо гэж байгуулсан нь цаанаа ашиг сонирхол байгаа нь тодорхой.

Г.Уянга: Монгол Улс алт олборлож байгаа болохоос үйлдвэрлэдэггүй. Энэ холбоо нэрнээсээ эхлээд л буруу. Оюутолгой  компани Засгийн газрын яриад байгаа шиг алтаа Монголбанкинд тушаана гэсэн баталгаа байхгүй. Хууль бусаар алт хилээр гарч байгаа юм бол хил гаалийнхаа тоног төхөөрөмж, хяналт шалгалтыг сайжруулахад анхаарах ёстой.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж