Аваргууд хүчтэй өрсөлдөгчөө буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Аваргууд хүчтэй өрсөлдөгчөө буулган авлаа

Өнгөрсөн улиралд плэй-оффын эхний шатанд учраа таарч, олон удаа нэмэлт цаг сунгасан, ширүүн тоглолтуудыг гаргаж байсан “Дорнод Танан Гарьд” болон “УБ Альянс Тех ШУТИС-н Харцага” багууд энэ улирлын эхний тулаанаа өчигдөр хийлээ.

Эдгээр хүчирхэг багуудын тоглолт болгон сонирхолтой болдог. Энэ тоглолтонд Харцагууд багийн ахлагч, нээлтийн хоёр  тоглолтод 20-оос дээш оноо, 20-оос дээш самбар аваад байсан Б.Одбаярыг сэлгээнээс эхлүүлж, тактикын тоглолт гаргасан. Гэхдээ энэ нь төдийлөн үр дүнгээ өгч чадсангүй. Б.Одбаяр энэ тоглолтод  долоо оноо, арван самбар авч, үзүүлэлт тааруухан байлаа.

Гэхдээ тоглолт сүүлийн мөч хүртлээ маш өрсөлдөөнтэй явагдсан. Ид өрсөлдөөн өрнөж байсан тоглолтын гуравдугаар үед Харцагуудын төвийн тоглогч П.Болортулга самбар доор зогсоогдошгүй мэт тоглож, зөвхөн энэ үед 16 оноо авсан. Тэрээр энэ тоглолтонд нийт 11 довтолгооныхоо есийг нь амжилттай болгож, 23 оноо, есөн самбар авч, шилдэг тоглогч гэдгээ харуулсан. Түүнд Баттөр 16 оноо, О.Золзаяа 13 оноогоор туслалцаа үзүүлжээ. Гэсэн ч тэдний чөлөөт шидэлт тааруу байж, 24 шидэлтээс талыг нь алджээ.

Харин Гарьдууд энэ өдөр багаараа шилдэг тоглолт үзүүлсэн. Япон дасгалжуулагч Акихеро Музиногоос ихээхэн итгэл хүлээж, талбай дээр олон минут тоглож байгаа, холбон тоглогч Г.Ихбаяр довтолгоонд тун идэвхитэй байлаа. Тэрээр торгуулийн шугамны араас 11 шидэснийхээ есийг нь амжилттай болгож, нийт 21 оноо, дөрвөн бөмбөг таслалт хийжээ. Мөн шигшээ багийн хамгаалагч Ц.Азбаяр тун үр ашигтай тоглож, 17 довтолсоныхоо 11-ийг, холын зайнаас дөрвөн шидэлтээ амжилттай болгож, 26 оноо, таван самбар, таван оновчтой дамжуулалт өгч, гайхалтай тоглолоо. Мөн багийн довтлогч М.Отгонмөнх 20 оноо, О.Ууганбаяр 11 оноо авчээ. Тоглолтын өрсөлдөөн маш ширүүн байсан эгзэгтэй мөчүүдэд Ц.Азбаяр, М.Отгонмөнхийн холын зайн шидэлтүүд амжилттай болж, Гарьдууд оноогоор илүү гарсан. Мөн шийдвэрлэх мөчид Г.Ихбаяр хоёр удаа бөмбөг тасалсанаар, Харцагуудад боломж өгөөгүй. Ингэснээр өнгөрсөн улирлын аварга “Дорнод Танан Гарьд” 90:83-ын харьцаатайгаар хожиж, энэ улирлын эхний хожлоо авлаа.

“Увс Эрдэнэдрийлинг Ригс” эхний хожлоо авлаа

Дараагийн тоглолт “Увс Эрдэнэдрийлинг Ригс” болон “Баянгол Гурван Тамир” багуудын хооронд болсон. Аль аль багууд легионер тамирчидаа авчирч, бүрэлдэхүүн бүрэн жигдэрсэн. Мөн үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байсан тоглогч нь “Баянгол Гурван Тамир” багийн легионер P.J.Gaynor юм.

Түүний хувьд манай улсад ирсэн тоглогчдоос хамгийн өндөр амжилттай. 203 см өндөр, 1989 онд төрсөн, хүчний довтлогчийн байрлалд тоглодог тэрээр “NCАА”-гийн нэгдүгээр дивизионы University of Centrаl Floridа-ын сургуулиас тоглож байсан. Тоглох хугацаандаа Алдарт Michael Jordan-ны хүү Jeffrey Jordan, Marcus Jordan нартай нэг багт 4 жил хүчин зүтгэж байсан. Мөн өнгөрсөн улиралд АBL буюу Аmericаn Bаsketbаll leаgue-д Palm Beach Piranhas-т багт тоглож, лигийн аварга цол хүртсэн амжиллтайгаар “Үндэсний Супер Лиг”-т ирээд байна. “Баянгол Гурван Тамир” баг Б.Даваажавыг эгнээндээ нэгтгэж, хүчээ зузаатгажээ.

Тоглолт эхнээсээ тун сайн хамгаалалттай өрнөсөн. 2 баг тус бүр 9 блок хийснээс, Ригсийн төвийн тоглогч Chris Moore долоон блок, “Баянгол Гурван Тамир”-н Э.Дөлгөөн дөрвөн блок, Э.Цэнгүүнбаяр гурав, P.J.Gaynor хоёр блок хийжээ. Мөн Chris Moore болон P.J.Gaynor нар сэтгэл сэргээм тохолтууд олныг хийж, энэ өдөр Спортын төв ордонд цугласан үзэгчдийг суудлаас нь босгосон.

Тоглолтын эхний хагаст оноо ойрхон явагдаж байсан ч, сүүлийн хагаст Ригсүүд илүү санаачлагатай тоглосон. Тэднээс Chris Moore 28 оноо, 22 самбар, С.Өрнүүнбилэг 24 оноо, есөн самбар, Г.Нямбаяр 12 оноо, 10 оновчтой дамжуулалт, 8 самбар, Н.Төмөр 12 оноо авчээ. Ингэснээр “Увс Эрдэнэдрийлинг Ригс” 95:79-н харьцаатайгаар, эхний хожлоо авлаа. Харин улирлын эхний тоглолтоо хийсэн “Баянгол Гурван Тамир” багаас P.J.Gaynor 25 оноо, 11 самбар, Б.Даваажав 16 оноо, Г.Цэнгүүнбаяр найман оноо, 12 самбар авчээ.

Маргааш буюу баасан гарагт Спортын төв ордонд 18:00 цагаас “Супер лиг”-ийн тоглолтууд эхэлнэ. Эхний тоглолт “Баянгол Гурван Тамир” болон “Говь-Алтай МонТорх” багуудын хооронд болно. “Говь-Алтай МонТорх” багийн шинэ легионер эхний тоглолтоо маргааш хийнэ. Харин хоёр дахь тоглолт эхний хожлуудаа аваад байгаа “Дорнод Танан Гарьд” болон “Баянзүрх Их Өргөө Аравтууд” багуудын хооронд болно.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж