Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Санжаагийн Ганбаатар
/1953-2013/

Бидний хайрт аав, хань, дотны нөхөр Санжаагийн Ганбаатар нь 2013 оны 11-р сарын 25-ны өдөр зуурдаар нас нөгчиж, биднийг харуусалтайгаар орхин одлоо.

Хайрт аав Санжаагийн Ганбаатар 1953 онд Улаанбаатар хотод төрж, 1961-1971 онд 10-н жилийн 1-р дунд сургууль, 1972-1978 онд Украин Улсын Харьков хотын Политехникийн дээд сургуулийг Тооцон бодох Электрон машины инженер-электроникч мэргэжлээр суралцан төгсөж, 1984-1987 онд МУИС –н аспирантурт Техникийн шинжлэх ухааны докторын эрдмийн цол зэрэг хамгаалсан юм.

Гавъяат холбоочин, техникийн ухааны доктор С.Ганбаатар 1978-1990 онд УЦУАУЕГ (Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газар) -т Ерөнхий инженер, 1990-1992 онд Үндэсний Хөгжлийн яам –д Мэдээлэл Харилцаа Холбооны Газрын дарга, 1992-1993 онд МУ-ын ЗГ –н Холбооны Ерөнхий газар –т Тэргүүн дэд дарга, 1993-1995 онд ЗТХЯ –д Газрын дарга, Дэд дарга, 1995-1996 онд Датаком ХХК –д Ерөнхий инженер, 1996-2000 онд МЦХ ХК –д Гүйцэтгэх захирал, 2000-2001 онд Инфком ХХК –н Ерөнхий захирал, 2001-2010 онд Инкомнэт ХХК –н Ерөнхий захирал, 2011 оноос Инкомнэт ХХК –н ТУЗ –ын гишүүн, 2013 оноос МУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Сансрын үндэсний зөвлөлийн гишүүн, “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул” төслийн дотоодын зөвлөх зэрэг ажлыг амжилт бүтээл, хариуцлагатайгаар эрхэлж байлаа.

Өөрийн нөр их ажлын зэрэгцээгээр Инженерийн Ухааны Үндэсний Академийн гишүүн, СД-н иргэдийн хурлын төлөөлөгч, Монголын Радио спортын холбооны ерөнхийлөгч, Үндэсний Олимпийн Хорооны гишүүн, ШУТИС-ийн Техникийн ухаанаар эрдмийн зэрэг цол олгох зөвлөлийн дэд дарга зэрэг сонгуульт ажлуудаа нэр төртэй, сайн хийж гүйцэтгэж ирсэн юм.

Аав минь бүхий л амьдралаа мэдээллийн технологийн салбарын хөгжилд зориулж Төрийн байгууллагын мэдээллийн сүлжээ байгуулах, Мэдээлэл Харилцаа Холбооны салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулах, Салбарын бүтцийн өөрчлөлт хийх, Монголд Интернэтийн анхны олон улсын гарц хийх, Цахилгаан холбооны сүлжээ байгуулах, Сансрын болон Утасгүй холбооны технологид тулгуурласан Мэдээлэл холбооны улсын хэмжээний сүлжээ зохион байгуулах зэрэг чиглэлээр идэвх чармайлт, үр дүнтэй ажиллаж байв.

Аавын минь төрийн болон хувийн хэвшлийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж “Онц холбоочин” цол тэмдэг, “Алтан гадас” одон, “Гавъяат холбоочин” цолыг олгосон бөгөөд “Төрийн өмчийн шилдэг менежер”, МХАҮТ –н “Хийморь” хүндэтгэлийн одон, “Мэдээллийн технологийн салбарын оны шилдэг менежер”, Налайх дүүргийн алдарт уяач болон бусад хүндэт өргөмжлөл, нэрэмжит болон ойн медалиар шагнажээ.

Таныхаа энэрэл хайр, уул шиг нөмөр түшиг, тууштай хөдөлмөрч зан чанар, хамгийн гайхамшигтай дурсамжыг бид үргэлж дурсан санаж  явах болно.

Хайрт хань, үр хүүхэд, төрөл садан, анд нөхөд, хамтран ажиллагсад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж