&#34Дархан хотын соёл&#34-ыг өвлүүлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

&#34Дархан хотын соёл&#34-ыг өвлүүлэхээр боллоо

“Үлгэр жишээ- Эрүүл хот” болохоор тавьсан зорилтоо биелүүлэхийн тулд, хагас зуун жилийн уламжлалтай “Дархан хотын соёл”-ыг үеэс үед өвлүүлэн хөгжүүлэх уриалгыг, аймгийн  Засаг дарга С.Насанбат гаргалаа.

“Найрамдлын Дархан хотын соёл”-нь улс орон даяар үлгэр жишээ болж байсан түүхэн уламжлалтай. Нийтийн тээврийн унаанд дараалал баримталж суугаад сурчихсан нь зөвхөн Дарханыхан л байсан. Орон сууцны хорооллын айл бүхэн нь тагтан дээрээ өнгө алагласан цэцэг тарьж чимэглэн, гудамж талбайнхаа зүлгэн дээгүүр нэг ч хүн огт гишгэдэггүй заншил тогтоосон. Залуус нь улсдаа анх удаа “Дархан хотын залуу хүний баримтлах зарчим” бий болгон түүнийгээ мөрдөж хэвшүүлсэн билээ. Энэ бүхнийг дээрээс хэн нэгэн дарга удирдлагаар шаардуулалгүй, иргэд нь өөрсдөө л амьдрал ахуйдаа хэвшүүлж, дадал заншил болгож чадсан нь гайхалтай. Үүнд бас учир бий. Дархан хотод анх байгуулагдаж, Монголдоо анхных нь болсон олон шинэ үйлдвэрүүдийн ажилчид нь Унгар, Польш, Герман, Чех, Болгар, Орос улсад очиж суралцан дадлага хийхдээ, тэрхүү Европын соёлоос суралцаж ирээд төрөлх хотдоо дэлгэрүүлсэн нь тэр юм.

“-Бурхантын хөндийд ирж суурьшсан өнөөгийн иргэд, өсвөр үеийнхэн, хүүхэд залууст,  сүүлийн хорь гаруй жил орхигдож мартагдсан энэхүү “Дарханы соёл”-ыг сэргээн өвлүүлж байж л, Дархан хот улсдаа гайхагдсан тэрхүү уламжлалаа хадгалж чадна” хэмээн Засаг дарга С.Насанбат уриалгадаа онцоллоо.

Энэхүү уриалгыг Дарханчууд дэмжиж эхэллээ. Сэтгүүлчид, төрийн албан хаагчид болон, хүсэл сонирхлоороо нэгдсэн “Номын садан” клуб, “Битлсийн анд нөхөд” дугуйлан, ”Орхон-21” Урлагийн төв, залуусын “4X” нөхөрлөлийн гишүүд хамгийн түрүүнд санал нэгдэн хамтарч ажиллахаа илэрхийлжээ.

Ө.РАГЧААСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж