Үйлдвэрлэлд ашигладаг усны төлбөрийг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэлд ашигладаг усны төлбөрийг нэмнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны танилцуулснаар Ногоон хөгжлийн үзэл баримтлалд Уур амьсгалд зохицсон хөгжил, Ногоон эдийн засаг ба санхүүжилт, Ажил, орлоготой ард иргэд бүхий тэгш нийгэм, Соёл ба өв, Тогтвортой хөгжилд хүрэх засаглал гэсэн таван үндсэн чиглэлээр найман зорилго бүхий 39 зорилтыг тусгажээ. Түүнд 2020 он хүртэл түүнийг хэрэгжүүлэх бодлогын болон үйл ажиллагааны чиглэлийг Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрт тодорхойлсон байна. Энэхүү хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон нүүрстөрөгч багатай хөгжлийн эхлэлийг тавьж, эрчим хүчний хангамжид сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувийг нэмэгдүүлэх. Дотоодын түүхий эд, нөөцийг боловсруулах болон ашигт малтмалын бус эдийн засгийн салбарыг төрөлжүүлэн хөгжүүлж, ус хангамж, ариун цэврийн болон байгальд халгүй, нөөцийн үр ашигтай эрчим хүч, зам тээвэр, барилга зэрэг дэд бүтцийн хангамжид оруулахад ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр байгаль орчинд халтай бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, хэрэглээг бууруулах зорилт, үйл ажиллагааг тусгасан байна. Түүнчлэн ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх салбар дундын уялдаа, зохицуулалтыг сайжруулах засаглалыг бэхжүүлэх, түүх соёлыг хадгалан хамгаалах, байгалийн эмзэг тогтоц, хөдөө аж ахуйн онцгой ач холбогдолтой газар нутгийн хамгаалалт бүхий экологийн цэвэр үйлдвэрлэлийг дэмжсэн ногоон хөгжил бүхий газар, нутгийн хөгжлийг бий болгох бодлогыг мөн хамруулжээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Ганбат “Улаанбаатар хотын хүн ам өсөхийн хэрээр усны асуудал хүндэрхээр байна. Нөөц ямар байна. Хоёрдугаарт, нийслэлчүүд шаардлага хангасан ус хэрэглэж чадаж байна уу. Усны ундарга дээр зах барьсан нь буруу, алсдаа усны ундаргад нөлөөлнө гэх асуудал нэлээд хүчтэй яригдаж байгаад эцэстээ зах нь ашиглалтад орсон. Үүнд хариулт өгөөч” гэсэн юм.

Сайд С.Оюуны тайлбараар Улаанбаатар хотын ундны усны чанар стандартад нийцэж байгаа юм байна. Усны нөөцийн тухайд ирэх онд усны нөөцийн хэмжээг дахин тогтоох, баталгаажуулах ажил хийгдэнэ. Шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг төсөвт суулгаж өгсөн гэнэ. Мөн Туул гол дээр усан сан байгуулах ажил Эдийн засгийн хөгжлийн яамнаас дэмжлэг хүлээсэн. Дээрх ажил бодит ажил болсон цагт гадаргын усыг цуглуулж дахин үйлдвэрлэлд ашиглах боломж бүрдэх болохыг онцоллоо. Харин усны ундарга дээр Дүнжингарав зах байгуулсан нь хэр зохистой тухайд хариулт өгсөнгүй.

Түүнчлэн энэ үеэр гишүүд гадаргын усыг ашиглах талд Ногоон хөгжлийн бодлогод ямархуу зорилт туссаныг тодрууллаа. Салбарын сайдын тодотгосноор гадаргын усыг ашиглах чиглэлийг түлхүү барьж буй аж. Тиймээс гүний усыг үйлдвэрлэлд ашиглаж байгаа нөхцөлд дахин ашиглах, мөн гүний ус ашиглалтын төлбөрийг одоогийнхоос 2-4 дахин нэмэгдүүлэх, дахин эргэлтэд оруулбал үнийг нь буулгадаг байх зохицуулалтууд туссан аж.

Ингэхдээ тухайн бүс нутагт усны нөөц хэр байгаа вэ гэдгээс хамаарч усны хэрэглээний үнэ өөр, өөр байхаар зааж өгсөн аж. Судалгаагаар Монгол Улсын хойд өргөрөгт усны нөөц их байдаг бол өмнө зүгтээ багасдаг. Гэтэл өмнөд бүсдээ түлхүү том үйлдвэрлэлүүд ашиглалтад орж байгаа учраас гүний усыг ашиглаж байгаа нөхцөлд усыг нь дахин ашиглах, хуурай технологиор боловсруулалт хийдэг байх зэрэг чиглэл рүү явуулахыг зорьж байгааг энэ үеэр онцоллоо.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байна. Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилж, Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж