&#34Freezone&#34 эгшиглэсээр байх болно

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

&#34Freezone&#34 эгшиглэсээр байх болно

БИДНИЙ ХӨГЖМИЙН АМЬДРАЛЫН НОТ БИЧИГДЭН, ЭГШИГЛЭСЭЭР БАЙХ БОЛНО


“…Амьдрал минь салан бударна
Агшин бүрийн цасан ширхэг
Аяар аяархан чамайг уйлахад
Алаг цэцэг шиг шөнө тайван
Өвлийн шөнөөр чи минь надад
Охин насаа өгсөн
Халуун нулимсан дунд чинь
Би эр хүн болсон…”

хэмээн дуулж, энэхүү дуугаараа одоог хүртэл бидний дунд Freezone хэмээн нэрлэгдсэн тус хамтлагийнхан эргэн ирлээ. Дуулсан дуу болгоноо чихэнд бус зүрхэнд дуулдаг тус хамтлагийнхантай бид энэ удаад ярилцсан юм. Ингээд Freezone хамтлагийн түүхээр хамтдаа аялцгаая .

– Удтал уулзаагүй Freezone хамтлагийн залуустаа энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн 15 жилийн ойн мэндийг хүргэе.

– Энхтөр: Баярлалаа. Уран бүтээлээ гаргаагүй, сонсогч,фенүүдтэйгээ уулзаагүй зургаан жил болсон байна. Энэ жил их онцлогтой жил. Учир нь манай хамтлагийн 15 жилийн ой тохиож байна.Тэр ч утгаараа урлагт бидэнтэй хамт мөрөө үлдээсэн үнэнч фенүүд болон биднийг дэмжин үргэлж сонсдог залуустайгаа одооноос эхлэн уран бүтээлээрээ тасралтгүй уулзаж байх болно.

– “Чука& friends” тоглолтон дээр Freezone хамтлагийн залуус хамгийн шилдэг нь байж чадсан. Үзэгчдийн алга ташилтын чимээ Freezone хамтлагийг санасан, хүлээсэн, баярласан, дууг дахиулахтай зэрэгцэн сонсогдож байсан?

– Энхтөр: Тийм шүү. Тэрхүү тоглолтонд бид хэд “Бороотой зуны дурсамж” хэмээх дуугаа дуулсан. Үзэгчид энэ үеэр их сайхан хүлээж авсан. Алга ташилт хэр удаан үргэлжилсэнийг  би мэдэхгүй байна. Хүмүүс биднийг мартаагүй, дууг минь сонсоод баярлаж хүлээж авч байгааг сонсоход сайхан байсан.

Билгүүтэй: Тийм шүү. Тайзан дээр гараагүй удсан байсан ч үзэгчдийн алга ташилтын чимээ бидэнд урам,эрч хүч өгсөн.

– Үзэгчдийн алга ташилт та хэдэд урам өгөөд 15 жилийн ойн тоглотоо хийе, уран бүтээлүүдээ гаргаж эхлэе гэж төлөвлөчихвүү?

-Энхтөр:
Бид бол ой гэдэг зүйлийг барихгүй байгаа. Хүмүүс бид хэдийг ахин гарч ирээд дуулаачээ хэмээн хүсдэг нь нөлөөлсөн. Урлаг бол бидний амьдралын нэг хэсэг.Тэр утгаараа урлагаас гарч чадахгүй болохоор урлагтаа эргэн ирсэн.

-Баттөмөр: Одооноос дуунуудаа цацаж байгаа болохоос бидний уран бүтээл болон тоглолт жилийн өмнөөс төлөвлөгдсөн байсан л даа. Мөн бид шинэ аялгууг ссонсогчдод хүргэх ёстой юм байна. Дуунуудаа хүмүүст хүргэх ёстой юм байна гэсний үндсэн дээр шинэ уран бүтээлүүдээ гаргаж байгаа. “10 хором”, “30 нас”, “Намрын дурсамж”, “Миний нулимсыг салхи л арчина даа” зэрэг шинэ дуунууд маань үзэгчиддээ хүрээд эхэлчихсэн байгаа.

– Зурган жил тайзан дээр гараагүй юм байна. Энэ хугацаанд юу юу хийж амжуулав аа?

– Энхтөр: Бид анх гурвуулаа байсан бол одоо ам бүл нэмэгдсээр байна. Учир юу вэ гэхээр  манай хоёр аав нар болцгоосон. Төмөрөө, Бек нарын хувьд хувийн миний хувьд Англид сурч байгаад ирсэн. Тэгээд хувийн амьдралаа жин тан болгоод одоо уран бүтээлээ хийх тохиргоо нь бүрдчихээд байж байна. Бид зургаан жил өөрсдийн сурч боловсрох болон хувийн амьдралаа цогцлоох асуудалтай байсан бол одоо уран бүтээлийн ажилдаа анхаарлаа хандуулах цаг нь болсон гэж бодож байна.

– Хэдэн жилийн өмнө “Камертон”, “Номинталст”,”Салхи” гээд олон хамтлаг байсан. Тэгтэл тэд уран бүтээлээ туурьвиж байгаад бүгд ар араасаа алга болцгоосон. Одоо бол уран бүтээлээ туурьвих биш “хэдэн жил” гээд тоглолт хийхээс өөр зүйлгүй болж. Харин Freezone хамтлагийн хувьд яах бол…?

– Аливаа зүйлд үечлэл, цаг хугацаа гэж байна л даа.Бид нарыг сонсож байсан хүүхдүүд сургуулиа төгсөөд, ажил мэргэжил, амьдрал гээд ирэхээр анхаарал нь хөгжмөөс арай өөр зүйл рүү татагдаж эхэлнэ. Энэ угаасаа бичигдээгүй хууль шүү дээ. Мөн бид ч гэсэн гэр бүлээ сайжруулах, сурч боловсрох  гээд завгүй болж эхэлсэн. Миний харж байгаагаар хүн 25-30 насны хооронд гэр бүл зохиох, ажил амьдралаа зохицуулах шаардлагатай байдаг бол 30 гараад амьдрал нь тогтоод ирэхээр иргээд өөрийнхөө хүсч байсан зүйлээ магадгүй хайртай хамтлаг, дуучидаа үгүйлж эхэлдэг. Түүгийгээ үзэж харахыг хүсдэг. Тиймээс ямарваа нэгэн хамтлаг дуучдад 6-7 жилийн фаус авах шаардлагатай болдог л доо. Энэ цаг үеийг Freezone хамтлаг даваад гарчихсан гэж бодож байгаа.

– Freezone хамтлаг анх гарч ирсэн үеэ дурсвал?

– 1995 онд Хөгжим бүжгийн коллежийн 3 давхарын 33 тоот өрөөнд Бэкэ, Хосоо, Заяа, Цогоо, Ука тэгээд би гэсэн зургаан залуу хамтлагийнхаа нэрийг сонгохоор будаанд хэдэн нэр хийгээд гарч ирснийг нь сонгохоор болоод шигшлээ дээ. Тэгсэн Freezone гэдэг нэр гарч ирсэн. Дахиад үзтэл мөн л энэ нэр маань гарч ирж байсан. Ингээд л Freezone хэмээх нэртэй болсон доо.

– Хамтлаг байгуулсан шижгэнэсэн залуус анхны уран бүтээлээ хэзээ гаргаж байв аа?

–  1997 онд “Чамдаа өгсөн хайр” хэмээх уран бүтэлээ гаргаж байлаа. Энэхүү уран бүтээл маань эхэндээ удаан хэмнэлтэй байсан л даа. Хосоо хэмээх залуу аяыг нь бичихдээ жаахан хурдлуулчихсан юм. Тухайн үед студи хэмээх зүйл одоогийнхтой адил олон байхгүй байлаа ш дээ. Тэгээд 102,5 дээр нэг микрафонтой зогсож байгаад фанаграммаа нэг MD-ээс нөгөө MDрүү хуулж дуусахад дуугаа бичүүлээд, дахин эргүүлж хуулахдаа бакалаа бичүүлдэг байлаа шүү дээ. Тэр үед кассет гэдэг зүйл хөгжиж байсан үе байсан даа. Бид нарын тайзан дээр дуулах дуу хүртэл кассетан дээр бичигдсэн бүр урилгаар энд тэнд очиж дуулахдаа хүртэл нөгөө кассетаа бариад л очдог байлаа шүү дээ. Гэхдээ бас сайжруулсан кассет байсан шүү.

-Энэхүү дуу клипгүй санагдаж байна? Ер нь тухайн үед гаргаж байсан уран бүтээлүүдийн ихэнхи нь клипгүй байдаг шүү дээ. Анхны клип хэзээ гаргаж байв даа?

-Энхтөр: Анхны клипний тухай яривал хэцүү дээ/ инээв/. Хамтлагийн тухай яривал хоёр түүх яригдана. Нэг нь 1995-1999, нөгөө нь 1999 оноос өдийг хүртэл нэг түүх яригддаг. Тэгэхлээр 1995-1999 оны үед гаргаж байсан дуунууд маань анхных гэсэн тодотголуудад орно л доо. Анхны клип гэх юм бол “Наддаа итгээч” хэмээх дуу байгаа. Зүгээр Монгол телевизийн зураглал шинжтэй.

-Билгүүдэй:
Дараа нь “Бороотой зуны дурсамж” хэмээх дуу их хөөрхөн бүтсэн гэж хэлж болно л доо. Студи байгуулах хүсэлтэй хэдэн залуус бидэнд “Танай бороотой зуны дурсамж” хэмээх дуунд чинь клип хийж өгье” гээд ирсэн. Гэтэл клип маань ганц, хоёрхон гарсны дараахан нөгөө студи дампуураад клип ч үгүй, студи ч үгүй үлдсэн дээ хөөрхий. / инээв/ Угаасаа дуу нь өөрөө клипнээсээ түрүүлээд хит болчихсон байсан.

– Баттөр: Тухайн үед гаргаж байсан уран бүтээлүүдээ дүрсжүүлж байсан нь ховор л доо. Клип  одооных шиг чанаржсан байгаагүй. Дөнгөж л фм гэдэг зүйл хөгжөөд тийшээ хошуурдаг байлаа даа.

-Тухайн үед гаргаж байсан дуунууд чинь фм радиогоор их хит болдог байсан байхдаа?

– Баттөмөр: Тэгэлгүй яахав.“Зүүдний дагина”, “Бороотой зуны дурсамж” хэмээх дуунууд маань бараг сар жилээрээ л хит болж мөнхөрч байлаа. Хэрвээ одоо үед хит болбол аймаар юм болохгүй юу/ инээв/.

– Энхтөр: Бидний “Чамдаа өгсөн хайр” хэмээх дуу цацгдсан өдрөөсөө хойш 102,5 дээр 17 долоо хоног хит болж байсан. Дараа нь “Зүүдний дагина” дууг гаргахад 107,5-ын байраг сарын хит болж байсан даа.

-“Зүүдний дагина” хэмээх дуу Монголын анхны хулгайн дуу гэж яригддаг.

– Харин тиймээ. Бид Японы алдартай дуучны аян дээр үгээ бичүүлээд дуулж байсан юм.

– Freezone хамтлаг гэхээр хүмүүс “Өвлийн шөнө”  дуугаар илүүтэй  таньдаг юм шиг ээ?

-Энхтөр:Тийм шүү. Энэхүү дуугаа дуулах үед чинь бид 16,17той жаахан хүүхдүүд байсан. Юун өвлийн шөнө, халуун нулимс, эр хүн болсон. / инээв/ Дуугаа дуулчихаад аав ээждээ ч сонсгохоос ч санаа зовмоор байлаа шүү дээ.

Билгүүдэй: Энэхүү дуу маань хит болчихсон байсан ч клипгүй их удсан л даа.Тэгээд нэг өдөр “Hero” энтертайнментийн /тухайн үед J энтертайнмент байсан/ Баатартай энэхүү дуундаа клип хийлгэхээр ярисан. Тэгсэн Баатар ах “Заавал өвлийн шөнө, эрэгтэй эмэгтэй хүмүүсийг дүрслэх албагүй шүү дээ. Бүгдээрээ сүртэй клип хийе. Нэг байшинд гал гараад, байшинд байсан бүсгүйг гал сөнөөгч авраад, тэр хоёр бие бирүүгээ хараад л өвлийн шөнөөр учирч байснаа дурсаад л” гэсэн зураглалтай хийе гэж хэлсэн

Баттөмөр: Тэгээд бид урьдчилгаа мөнгөө өгөөд гал гардаг зураг авалтаа хийлгэсэн л дээ. Тэгээд дараа нь бид гурвын хэсгийг авах гэтэл яагаад ч юм ажил гараад чадаагүй юм. Тэгсэн дараа энэхүү клип маань Э.Минжинсорын “Нууцхан хайр” хэмээх дууны клип болчихсон доо.

-Билгүүдэй: Тэгээд бид “Өвлийн шөнө” тоглолтынхоо рекламны зураглалыг хийлгэсэн нь клип болоод мөнхөрсөн дөө.

-Танай хамтлагийн дууны урын санд хайрын сэдэвтэй дуунууд олон байдаг шүү дээ?

– Хайр бол мөнхийн дуусдаггүй сэдэв л дээ.Тэр утгаараа хамтлаг дуучид одоог хүртэл дуулсаар л байдаг. Яагаад гэвэл хүмүүсийн зүрхэнд хамгийн ойр байдаг болохоор тэр байх гэж боддог ш дээ.

– “Надаар тоглосон хайр”, “Миний нулимсыг салхи л арчина даа”, “Бороотой зуны дурсамж” гээд ихэнхи дуунуудын нэр нь хүртэл өөрөө утгыг агуулдаг юм шиг санагддаг шүү?

– Энхтөр: Тийм шүү. Бидний дуунуудын нэг онцлог гэвэл дуунуудын нэр маань утгатай байдаг. Нэг ёсондоо бид сэдэв дуулдаг. Хоёрт гэх юм бол бид монголын сор болсон зохиолчид болох Б.Явуухулан, Ш.Гүрбазар,Балхжав, Халиун гэх мэт олон алдартай хүмүүсийн гаргасан бүтээлүүдийг дуулдагтай холбоотой байх.

– Freezone хамтлаг анх хайрын дуунуудыг дуулдаг байсан бол одоо харин арай өөр өнцөгөөс харж дуулж байгаа шиг санагдлаа.

– Энхтөр: Тийм шүү. Бид чинь одоо 30 дөнгөж гарч яваа эд хийх бүтээх насан дээрээ яваа залуус шүү дээ. Манайхны нэг буруу ойлголт байдаг л даа. 30 гарвал тэгээд л хөгширлөө, энээ тэрээ гээд л. Харин ч үгүй. Амьдрал дөнгөж эхлэж байна шүү дээ.

 – Саяхан “Миний нулимсыг салхи арчина даа” дуугаа дуучин Сэрчмаатай хамтран коверлон дуулсан байсан. Яагаад эмэгтэй хүний хоолойг дуундаа оруулах болсон бэ?

– Энхтөр: Дуу маань хагацлын шинж чанартай, хүнд дуу шүү дээ. Тэгээд дуугаа зөөллөх үүднээс мөн яагаад эмэгтэй хүн “Яв даа хайрт минь яв даа” гэж дуулж болохгүй гэж бодоод Сэрчмаад санал тавьсан.

Билгүүдэй: Жүжиг нь өөрөө “Надаар тоглосон хайр” нэртэй хүнд хэлбэрийн жүжиг. “Жаргалынхаа дундаас чи минь эргэж битгий хар” гээд л хатуухан үгтэй дуу ч дууны маань философи их гоё шүү дээ. Бид энэ дууг 13 жил дууллаа. Яагаад эмэгтэй хүний мөн чанрыг харуулж болохгүй гэж бодсон.

-Миний бодлоор ямарваа нэгэн уран бүтээлийг шинэчлэн дуулсан ч анхных нь илүү санагддаг. Тэр утгаараа хүмүүст тэр хэвээрээ үлдсэн уран бүтээлээ шинэчлэж дуулахад басхүү их хөдөлмөр гардаг гэж боддог?

-Энхтөр:Тэр их нөлөөлж байгаа л даа. Ямарваа нэгэн дуу хүнд яаж хүрсэн тэр чигээрээ л үлддэг.Хүмүүс ч гэсэн тэрхүү дууг өмнөхөөс нь илүү гарахгүй бол сонсголонгүй байна гээд сонсдоггүй. Бидний хувьд  шинэчлэж байгаа анхны дуу л даа. Мөн бид энэ ковер дууг гаргахдаа бид нарын үеийнхэн басхүү дүү нартаа зориулж гаргасан.

 -Яагаад заавал “Миний нулимсыг салхи л арчина даа” гэсэн дууг сонгож коверлох болсон бэ?

 -Билгүүдэй: Энэ дуу чинь их учиртай. Шинэчлэлийн дуу гэж хэлж болно. Тухайн үед хүмүүс жүжиг үздэггүй байлаа. Харин “Надаар тоглосон хайр” хэмээх жүжгийн дууг бид дуулсны дараа энэхүү жүжгийг үзсэн хүний тоог гүйцэх жүжиг одоогоор байхгүй гэдэг юм байна лээ. Энэхүү дуу маань жүжгийн урлаг босч ирэхэд нөлөөлсөн гэж хэлж болно.

 -Freezone хамтлаг өдий хүртэл оршин тогтож байгаа шалтгааныг басхүү тухайн үед өрсөлдөж байсан хамтлагуудтай зүйрлэж болох юм. Мөн нөгөө талаараа чанартай уран бүтээл гаргаж байсантай холбоотой байх?

-Энхтөр: Би цагаан өрсөлдөөн гэнэ. Уран бүтээлч хүнд байдаг л даа. Мөн тухайн хамтлаг дуучдын бусдаас ялгарах мөн чанар гэж байна. Тухайн үед дуулж байсан дуу бас нөлөөлнө л дөө. Манай хамтлагийн хувьд тухайн үед олон дуу гаргаж байгаагүй ч х чанартай уран бүтээлүүд хийж байсан нь одоог хүртэл оршин байгаа үндэс гэж хэлж болно.

Билгүүдэй:
Мөн хөгжмийн боловсрол,сайн сайн яруу найрагч, хөгжмийн зохиолчидын дуунуудыг дуулж байгаа минь нөлөөлсөн байж болно.

-Баттөр: Ер нь олон жил шүүлтүүрээр яваад, хүмүүсийн чихэнд , сэтгэлд одоог хүртэл оршин байхыг бүтээл гэж нэрлэнэ. Манай хамтлагийн дуунууд маань хамгийн багадаа 8-9 жилийн настай байна. Сайн уран бүтээлчээс сайн дуу төрнө.Сайн уран бүтээлийг чадварлагаар амьдруулах хэрэгтэй.

– 2000-д оны Freezone одоо байгаа Freezone хоёрт уран бүтээлийн ямар ялгаа гарч байна вэ?

 – Энхтөр: Тухайн үед дуулж байсан дуунууд маань бидэнд ахадсан байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр амьдрал ч үзээгүй байж хайр, харуусал, хагацал дуулдаг байлаа. “Өвлийн шөнө” дууг дуулахад л Төмөрөө маань наймдугаар ангийн сурагч байсан.Одоо бол бид амьдрал үзсэн болохоор өөр өнцгөөс харсан дуунудыг гаргах болно.

– Урлагийн хэлээр хэлбэл Freezone хамтлагийн нот бичигдэж дуусах болоогүй байх гэж найдаж байна. Уран бүтээлүүдээрээ дамжуулан  үзэгч, сонсогч, фенүүдтэйгээ уулзсаар байх болно гэж найдаж байна?

– Бидний уран бүтээлээ хийх хүсэл, зориг буцалж байна. Тиймээс ойрын таван жилдээ уран бүтээлээ тасралтгүй гаргаж байх болно. Бидэнд таван жилийн төлөвлөгөө гарчихсан байна. Тоглолтын дараа шинэхэн цомгоо ч гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна даа.

– Удахгүй тоглолтооо хийнэ. Энэхүү тоглолтыг хүлээж байгаа олон залуучууд байгаа шүү?

– Баттөмөр: Тоглолт 12 сарын 07-нд UB palace-ийн концертын их танхимд 19:00 цагаас ганцхан удаа болно. Бид  Улаанбаатар хотод сүүлийн 11 жил тоглоогүй гэдгээрээ шинэлэг тоглолтыг хийхээр төлөвдөөд ажиллаж байна. Нэг ёсондоо энэхүү тоглолт 1990-2000 оны залуусын хайр сэтгэл дурсамжийг сэдрээхээр тоглолт болно гэж амлаж байна.

Энхтөр: Тоглолтын нэр маань “Хотын хэмнэл” нэртэй. Дуу болгон өөрийн гэсэн хэмнэлтэй, дуу болгон хотын болон хүмүүний сэтгэл зүрхний хэмнэл болж байдаг гэдэг утгаараа ийнхүү нэрлэсэн. Freezone хамтлагийн 1996,1997 оноос өнөөдөр 2013 он хүртэл хийгдсэн бүр дуунууд нэг хэмнэлд орж та бүхэнд хүрэх болно.

-Билгүүдэй: Нэрний хувьд хот хөдөөгөөр ялгаад байсан зүйл байхгүй шүү. Зүгээр хотод тоглогдож байгаа болохоор л хотын хэмнэл гэж нэрлэсэн.Энэхүү тоглолтон дээрээ бидний дуунуудтай хамт одоог хүрсэн бүх найзуудыгаа урьж байна.

– Ярилцсанд баярлалаа.

– Удахгүй та бүхэндээ Freezone хамтлагийн тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл болон тоглолтын бэлтгэлийн тухай дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэх болно.

Эх сурвалж: www.xyyp.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж