Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Сургуулиудыг шалгав

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-уудын сургалтын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтад есөн дүүргийн ерөнхий боловсролын 134 сургуулийн V болон IX дүгээр ангийн 21082 сурагч хамрагдсан байна. Нийт сурагчдын стандарт хангалт 61.7 хувьтай, А,В-ийн эзлэх хувь 31.7, 59.5 хувийн гүйцэтгэлтэй, дундаж үзүүлэлттэй гарсан байна.

Тус шалгалтаар ерөнхий боловсролын 1, 3, 24-р сургууль, “Боловсрол” цогцолбор, “Гэгээрэл”, “Үй цай”, “Хобби”, “Сод”, “Сод эрдэм”, “Болор”, Шинэ үе”, ”Сант”, “Орчлон”, “Наран”, “Зуунбилэг”, “Орхон” зэрэг сургуулиуд 80-аас дээш хувийн стандарт хангалт сайн байжээ.

Харин математикийн шалгалтаар нийт 69 сургууль, монгол хэлний шалгалтаар 45 сургууль 60-аас доош хувийн стандартын үзүүлэлттэй гарсан бөгөөд үүнээс Налайх дүүргийн “Эрдэм-Оргил” цогцолбор сургуулийн шалгалтад хамрагдсан 296 сурагчийн 210 нь F дүн авсан байна.

Мөн төрийн өмчийн 4, 53, 54, 79,113, 117-р сургууль, “Сэтгэмж” цогцолбор, төрийн бус өмчийн “Русская гимназия”, “Сэн лизэ”, “Онон”, “Найрамдал” сургуулиудын сурагчдын дийлэнх нь хангалтгүй үнэлгээ авчээ.

Математик, монгол хэлний бага, суурь боловсролын стандартын төвшин тогтоох хөндлөнгийн шалгалтаар 8066 сурагч F үнэлгээ авч, 61.7 хувийн стандарт хангалттай  гэж гарсан байна. Гэтэл V болон IX дүгээр ангийн сурагчид төгсөлтийн шалгалтаар ямар ч F дүнгүй 100 хувийн стандарт хангалттай хэмээн дүгнэгдсэн байжээ. Энэ нь ЕБС-иуд сургалтын үйл ажиллагааныхаа төвшинг бодитой үнэлж чадахгүй байгааг харуулж байгаа аж. Мэргэжлийн байгууллагаас сургалтын чанар хангалтгүй байгаа энэ асуудлыг багш бэлтгэх сургуульд элсэгчид болон төгсөгчдийн мэдлэг, чадвар хангалтгүй байгаа, зарим сургуульд мэргэжлийн бус багш ажиллаж байгаа, багш ажлын үнэлэмж, цалин хөлс бага байдагтай холбоотой гэж дүгнэсэн байна. Түүнчлэн нийслэлийн ЕБС-ийн136.332 суудалтай 280 хичээлийн байранд 184351 сурагч суралцаж, хүчин чадал нь хэтэрсэн ачаалалтай хичээллэж байгаа зэрэг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Зөрчил илэрсэн газруудад дутагдалаа арилгах чиглэлээр 21 албан шаардлага өгч ирэх X дугаар сард дахин шалгалт явуулахаар болжээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж