Газар өмчлөлийн талаар ирсэн, уншигчийн хүсэлтийн дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газрын өмчлөл хариуцсан мэргэжилтэн Т.Отгонжаргалаас тодрууллаа.
-Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөхөд ямар материал бүрдүүлэх шаардлагатай байдаг вэ?
-Монгол Улсын иргэнд гэр бүлийн зориулалтаар нэг удаа 0.07 га буюу 700 метр квадрат газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлдэг. Ингэхдээ тухайн иргэн доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөх, хорооны Засаг даргын тодорхойлолт, газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувиар байх/, цахим үнэмлэхний хуулбар, газрын кадастрын зураг, газрын төлбөрийн баримтыг бүрдүүлнэ.
-Дүүрэг хорооныхоо газрын албанд хандах уу?
-Тэгнэ. Харъяалах дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд газар өмчлөх хүсэлтээ гаргана. Иргэний бүрдүүлсэн материалыг дүүргийн Өмч, газрын харилцааны албаны газар өмчлөлийн мэргэжилтэн шаардлага хангасан эсэхийг хянан газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягтанд он, сар гарын үсгээ зурж, өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолтыг өгнө.
-Газар өмчлөх өргөдлийг хэд хоногийн дотор шийдвэрлэдэг юм бэ?
-Тухайн мэргэжилтэн өргөдлийг ажлын 10 хоногийн дотор газрын хил, хязгаарын алдаатай, орц гарц хаагдсан эсэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр өмчлөх байршилд орсон эсэх, үерийн болон өндөр хүчдэлийн хамгаалалтын зурвас, инженерийн шугам сүлжээтэй эсэхийг хянан үзээд шийдвэрлэнэ. Ер нь нийслэлийн Засаг даргын захирамжаар 90 хоногийн дотор бүрэн шийдвэрлэгддэг.
-Одоо нийслэлийн хэмжээнд хэчнээн байршилд газар өмчлүүлж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар нийслэлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд газар өмчлүүлэх ажил зогссон байгаа. Шинээр 52 байршилд газар өмчлүүлэх талаар хэлэлцэж байгаа. Энэ асуудал шийдвэрлэгдэхээр газраа өмчилж болно.
Гэрлэлтээ цуцлуулах болон хүүхдийн овог шилжүүлэх талаар ирсэн хүсэлтийн дагуу Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнээс тодрууллаа.
-Гэрлэлтээ цуцлуулахад хариуцагч тал орон нутгийн харъяалалтай бол шүүх хурал нь заавал тухайн орон нутагт болох уу. Нэхэмжлэгч талын оршин суугаа газар шүүх хурлыг хийх боломжтой юу?
-Гэр бүлийн холбогдолтой маргааныг шүүхэд гаргахдаа хариуцагчийн оршин суух газарт гаргадаг. Тодруулбал энэ тухай хуулийн 126.1 зааснаар гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан байдаг. Гэхдээ нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газар очих боломжгүй байгаа бол өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болно.
-Хүндэтгэн үзэх шалтгаанд ямар хүчин зүйл багтах вэ?
-126.2 зааснаар тухайн нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хүндэтгэн үзэх бусад шалтгаантай бол өөрийн байгаа газраа нэхэмжлэлээ гаргаж болно гэж заасан байдаг.
-Хүүхдийнхээ овгийг өөрчилсөн бол эцгээс нь тэтгэмж авах эрх нь хэвээр үлдэх үү?
-Хүүхдийн овог нэрийг өөрчилж болно. Овог нэрийг нь сольж байгаа тохиолдолд эцэг, эх нь зөвшилцсөний үндсэн дээр оршин суугаа газрынхаа иргэний бүртгэлийн газар очиж өөрчилж болно. Харин эцэг, эхийн хооронд маргаан үүссэн тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэх хэрэгтэй. Цусны шинжилгээ, ДНК-ийн шинжилгээгээр хүүхэд нь мөн болох нь тогтоогдсон тохиолдолд ээжээрээ овоглож байсан ч тэтгэмжийн мөнгийг авах эрх зүйн үндэстэй.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин