
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс өмнө зарлагдсан байсан ч гишүүдийн ирц хүрэхгүйн улмаас хойшилсон юм. Үүнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ихэд бухимдаж "Эрх барьж байгаа нөхдүүд ажилдаа ирдэг болмоор юм. Байнгын хороонуудад МАН-аас ганц, хоёр төлөөлөл байгаа. Өнгөрсөн жил элдэв будлиан хийхдээ Ардчилсан нам гишүүдээ баахан чихсэн. Гэтэл сүүлийн үед ирц хүрэхгүй гэдэг шалтгаанаар байнгын хороо, чуулган хуралдахаа болилоо. Ажилдаа ирдэггүй Ардчилсан намын гишүүдэд байнгын хороо зохицуулалт хийх ёстой. Энэ чинь Ардчилсан намын төр биш. Ард түмний төр. Ардчилсан намын гишүүд чуулганд хойрго ханддаг. 23 жил үүнийг бид харлаа. Хийх ажилгүй цаг алдаад суугаад баймааргүй байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ долоо хоногт багтаагаад баталчихмаар байна шүү дээ" хэмээн байнгын хорооны даргад үг хаясан юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-д сонгогдсон суудлынхаа тоогоор байнгын хороонд харьяалагдаж чадахгүй байгаа. Тиймээс Ц.Нямдорж гишүүний хувьд боломжийг ашиглаж олонхийн бүлгийнхнийг “гөвөх” нэлээн сайн шалтаг гарч ирэв бололтойдог шүү.
Г.ШАРХҮҮ