Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн М.Батчимэг Худалдан авах ажиллагааны газрын ажилтай танилцсан гэнэ. Тэрбээр энэхүү шалгалтынхаа үр дүнд яамдын худалдан авах үйл ажиллагаанд муу дүн тавьсан байна. Тэрбээр “Худалдан авах ажиллагааны газар тендерийг ил тод, олон нийтийн хяналттай болгох талаар сайн тогтолцоо бий болгож байна.Улсын хэмжээний худалдан авалтын 10 гаруйхан хувийг худалдан авах ажиллагааны шинэ жишгээр хэрэгжүүлж, яамд дээр байдал хуучнаараа байна. Яамд барилгын яам шиг, худалдан авах ажиллагааны агентлаг шиг ажилладагаа болих цаг иржээ. Төрийн бодлого, салбарын бодлогууд орхигдож байна” хэмээсэн байна. УИХ-ын гишүүн М.Батчимэгийг “Муухан эр хүнээс дээр эмэгтэй. Асуудлын голыг олж хэлж чаддаг” гэж УИХ-ын гишүүд магтдаг юм билээ. Үнэхээр тэрбээр хаана ч байсан хэлэх гэсэн үгээ хэнээр ч заалгахгүй хэлчихдэг зантай нэгэн. Үүнээс нь болоод УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим нэг гишүүн “Ерөнхийлөгчийн хүн. Намын нэрийн жагсаалтаар УИХ-д орж ирчихээд намаа шүүмжилдэг хэн бэ” зэрэг хатуухан үгсийг чулуудах нь ч бий.

Эрхэм гишүүн М.Батчимэг харин энэ бүх үгсийг тоолгүйгээр ажлаа хийж, хэлэх гэснээ хэнээс ч айлгүй хэлсэн хэвээр л байна. Ямартай ч хэлсэн, зорьсноосоо аль болох буцахыг хүсдэггүй түүнийг УИХ дахь төмөр хатагтайгаар нэрлэхэд буруутахгүй л болов уу.

Р.САРАНГОО

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж