УИХ-аас 2014 оны төсвийн хуулийг батлан гаргаснаас хойш УИХ-ын гишүүдийн ажилдаа хандах байдал наазгайрч, үндсэн ажлаа чөлөөт цагийн ажил болгон хувиргах нь тэр. Олонхи нь эзгүй, хэрэв тэд УИХ-ын гишүүн биш жирийн ардынхаа нэгэн адил амьдралтай байсан бол ажилдаа ирээгүйн төлөө тас тавиулж цалингаа хасуулах байсан даа. УИХ-ын гишүүн болохоор ирц нь тасаар тавигдсан ч цалингаа бүтэн авах.
Ер нь тэгээд ажил таслахын тулд УИХ-ын гишүүнээр сонгогддог юм уу, хууль тогтоохын төлөө сонгогддог юм уу гэдгийг асуумаар санагдах. Арай л хэтэрч байна. Ядахад, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс олонхи байнгын хороонд ердөө хоёрхон гишүүн харьяалагддаг нь хуралдаан хойшлогдох нөхцлийг үүсгээд байх шиг. УИХ-ын тухай хуульд зааснаар нэг байнгын хороонд 19 гишүүн харьяалагддаг, түүнээс хоёр нь УИХ дахь МАН-ын бүлгээс, 4-5 нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс, үлдэж буй 10-аад суудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бүрдүүлж буй. Ийм харьцаатай атлаа хуралдаа оролцохгүй. Ёстой нөгөө даахгүй нохой булуу хураана гэгчийн үлгэрээр олонхийн бүлэг байнгын хорооны хуралдаандаа оролцож чадахгүй хэрнээ МАН-ын бүлгийн гишүүдэд байнгын хороонд харьяалагдах боломжоор нь хангаад өгчихгүй түвэг удах юм. Ингэж төрийн ажлыг уяж суухаар МАН-ын гишүүдийг байнгын хороонд харьяалагдах боломжоор нь хангаад өгчихмөөр юм. Жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бизнес эрхлэгчээс эхлүүлээд жирийн иргэдэд хамааралтай олон хуулийн төслийн хэлэлцүүлэг УИХ дээр урагшлахгүй гацлаа.
Хэдий болтол төрийн ажлыг хойш чангааж аранга болж суух гэсэн юм бэ, Ардчилсан намын бүлгийн гишүүд. Ажлаа хийсэн шиг хийж, чадахгүй бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал шиг бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гаргах хэрэгтэй. Гай болохоор зай бол гэдэг үг байдаг байх аа.
Ажлын хэсгийн төвшинд Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулж байгаа сураг дуулдсан. Түүнд хуралдаа суудаггүй, ажлаа тасалдаг гишүүнийг шууд эргүүлэн татдаг байх заалт тусгах юмсан. Даанч олонхи нь хурлаа тасалдаг юм болохоор ийм заалтыг төсөлд тусгалаа ч дэмжихгүй унагаах байх даа.
Яая даа байз, өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хуралдаанууд өнөөдрийнх шиг ирц бүрдэхгүй байгаагаас болж хойшилсон. Эцэст нь пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан цуцлагдсан. Дээрх алдаа энэ долоо хоногт дахиад л давтагдаж эхэллээ.
Хэдий болтол УИХ үндсэн ажлаа цалгардуулдаг гишүүдийг толгойг нь илж суулгах гэсэн юм бэ. Үүнээс болж Алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслүүдээс эхлүүлээд олон төсөл хэлэлцүүлэг нь урагшилсангүй. Ард нь улс орны амьдрал хэцүүдлээ.
Нэг л их ард түмнээ жаргааж улс орноо хөгжүүлэх тухай том ярьцгаасан нөхдүүд. Дээдэс нь ийм урагшгүй байхад улс яаж хөгжих вэ дээ, Засгийн газар чардайгаад, чардайгаад амжих уу. Хуулиудаа батлахгүй тээг тавиад хэвтчихээр…