Салбарыг нэн тэргүүнд зохицуулах нөхцөл боломж нь хууль эрх зүйн орчин бөгөөд УИХ-ын намрын чуулган, Байнгын хороодын хуралдаанаар хэд хэдэн чухал хуулийг хэлэлцүүлж байгаа билээ. Чухам үүнээс 50 хүртэлх хувиар уначихаад буй гадаадын хөрөнгө оруулалт эргэн сэхэх үү гэдэг нь шийдэгдэх буюу гадаадын хөрөнгө оруулагч нар энэхүү хуулиудаас хүлээлттэй байгаа юм. Тухайлбал, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Алтны худалдааг ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг даган журмын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн буй. Өнөөдрийн байдлаар Газрын тосны тухай хуулийг дахин нягтлах асуудал байгаа учраас салбарын Сайд Д.Ганхуяг УИХ-ын хэлэлцүүлгээс эргүүлэн татсан байна.
Эдгээр хууль хоорондоо чамгүй хамааралтай учраас нягтлах шаардлага их байгаа. Ялангуяа Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн төслийг өнгөрсөн долоон хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлжээ.
Геологи, уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох эдгээр хуулиудыг дээр хэлсэнчлэн гадаадын хөрөнгө оруулагч нар одоогийн байдлаар тодорхой шийдэлд хүрэхгүй, хүлээлтийн байдал байгаа учраас боломжийн хэрээр яаравчлуулан батлах шаардлагатай. Магадгүй үүнээс ч илүү асуудал нь хууль батлаад, түүнийгээ тогтвортой хэрэгжүүлэх бөгөөд хууль, баримт бичгийг баталсаны дараа олон нийтэд таниулан сурталчлахад албаныхан гойд анхаарах тухай өнөөдрийн болсон “Ил тод уул уурхай” хурлаар салбарын сайд онцолсон юм. Ингэхдээ шинэ хууль, баримт бичгүүдийг олон нийтэд таниулахаас гадна эрдэс баялгийн салбарт тулгарсан бэрхшээл, шийдэх арга зам, салбарын ирээдүй, өрсөлдөх чадварыг сайжруулах цогц асуудлаар 2014 оны нэгдүгээр сарын 15-нд олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх ажээ.
“Алт бол татвар өндөр байгаа тохиолдолд далд наймааг газар авахуулах онцлогтой эрдэнэс” гэдгээр Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг энэ үеэр томъёоллоо. 2005 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь байхад алтны олборлолтын оргил үе байжээ. Тодруулбал, энэ үед 24 тонн алт олборлож байсан бол 2006 онд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлснээс олборлолт жил дараалан буурч, өнгөрсөн жил зургаан тонн хүрэхээ больж, алт олборлолт дөрөв дахин буурсан байна.
Төв банкиндаа алтны нөөцийг хангалттай бүрдүүлж, хууль бус алтны наймааг хязгаарлахын тулд одоо УИХ-аар хэлэлцүүлж буй хуулинд рояалти таван хувь байсныг 2.5 хувь болгон өөрчилж байна. Хууль батлагдвал таван жилийн хугацаанд үйлчлэх юм. Үүнээс хамгийн гол хүлээлт нь эдийн засагт үзүүлэх үр нөлөө. Тэгвэл Д.Ганхуяг сайд энэ үр өгөөжийг тайлбарлахдаа “улсын төсөвт жил бүр орох татвар, хураамжийн хэлбэрээр орох орлого 40-50 сая ам.доллараар буурах боловч банкин дахь валютын нөөц жилд 1.7-2.0 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Хууль таван жил хэрэгжинэ гэхээр энэ хугацаанд 8.5-10.0 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй болох тооцоо байна” гэж хэлсэн юм.
Ил тод уул уурхай хурлаар ийнхүү үндсэн хоёр асуудлыг онцолж, дагалдах асуудлуудыг ярьсан. Тухайлбал, Газрын тосны газар, Хятадын “Петро чайна интернэйшнл” компанийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монголоос олборлож буй түүхий тосны хэмжээ нэмэгдэж байгаатай уялдуулан Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэхээр болсон. Тэгвэл энэ ажлын хүрээнд Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөн шинэчлэх бөгөөд уг өргөтгөл арванхоёрдугаар сарын эхээр ажиллаж эхлэхийг хурлын үеэр дуулгалаа. Ингэснээр Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлэх боломж нээгдэх юм байна.
Өөр нэг асуудал бол яахын аргагүй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийнх юм. Ашигт малтмалын хайгуулын шинэ зөвшөөрлийг одоогоор олгохгүй байгаа бөгөөд цаашид олгож эхлэх эсэх нь дээрх хуулиуд хэрхэн эцэслэгдэн батлагдахаас шалтгаална. Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр нийт 32.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 29.9 тэрбум төгрөг буюу 92.9 хувь, Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.4 тэрбум төгрөг буюу 99.6 хувийн гүйцэтгэлтэй, бусад орлого 1.3 сая төгрөг буюу 38.7 хувьтай байгаа ажээ.
Цаг үеийн нөхцөл байдлын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил чухал юм. Тэгвэл өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд эрчим хүчний нүүрс олборлогч компаниудын авахад бэлэн нүүрсний нөөцийг арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар тооцон гаргажээ. Тухайлбал, Багануурын уурхай 450 мянган тонн, Шивээ-Овоогийн уурхай 420 мянган тонн, Шарын голын уурхай 150 мянган тонн нүүрсний нөөцтэй байна.
Ийнхүү уул уурхайн салбартаа одоо ч чамгүй итгэл хүлээлгэн буй бидний хувьд хууль эрх зүйн орчноо оновчтой шийдэж чадвал хийх, бүтээх ажил чамгүй их байж, энэ хэрээр сорилтууд хүлээж байна.