Цалинтай сургалтын зургаа дахь төгсөлт боллоо

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

Цалинтай сургалтын зургаа дахь төгсөлт боллоо

Төлбөр нэхдэг сургалт гэж байхаас цалин өгдөг сургалт Монголд ховор байдаг. Сарын 400 мянган төгрөгийн цалинтай, олон жилийн туршлагатай мастер багш нар сурсан мэдсэнээ зааж сургаад, төгсөж гарсных нь дараа зангидсан гар шиг хамт олон, ажлын байр, боломжийн цалин хүлээж байдаг бол догь биз?

“Жигүүр гранд” групп барилгачдын үр хойчийг бэлдэх, ахмадуудын туршлагыг залуу үед нь өвлүүлэх зорилгоор цалинтай сургалт зохион байгуулаад удаж байгаа юм байна. Саяхан тус сургалт зургаа дахь төгсөлтөө хийлээ.

Энэхүү сургалтыг санаачлагчдын нэг, Монгол Улсын мастер инженер Д.Эрдэнэхишигийн сэтгэгдлийг сонссон юм. 

-“Жигүүр гранд” группийн залуу халааг бэлдэх, мэргэжилгүй залуусыг мэргэжилтэй болгох, ажил амьдралын захад хүргэх зорилготой энэхүү сургалтыг маань өнгөрсөн хугацаанд 200 орчим хүүхэд сурч төгслөө. Өмнөх сургалтын төгсөгч нар сайн ажиллаж байгаа. Зургаа дахь удаагийн сургалтын төгсөлтийн онцлог нь нарийн засал түлхүү сурсан. “Гэгээнтэн” хотхоны гадна шавар дээр ажиллалаа. Замаск таталт, өнцөг булан гаргах зэрэгт сайн суралцсан.

Ер нь “Гэгээнтэн” цогцолбор хотхоны гадна фасадыг манай сургалтынхан чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэсэн. “Сургалт-1, 3” гадна талын шалыг нь хийсэн. “Сургалт-4, 6” гадна фасадны будгийг хийсэн.

Тус сургалтын санаачлагч, “Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат барилгачин Д.Баттөр:

-Манай бүтээлч хамт олон дунд ийм шижигнэсэн, мэргэшсэн залуучууд орж ирж байгаад баяртай байна. Залуусыг мэргэжилтэй болгох, ирээдүй залуу хойчоо бэлдэхэд “Жигүүр гранд” групп стратегийн бодлого болгож олон жилийн өмнөөс ажиллаж ирсэн.

Энд нэг хүнийг онцгойлон магтмаар байна. Монгол Улсын Мастер инженер Д.Эрдэнэхишиг бол нямбай, цэгцтэй, юманд уужуу сэтгэлээр ханддаг. Юмыг болох талаас нь зааж зөвлөдөг. Буруу зүйл дээр хэзээ ч найраа гаргадаггүй. Энэ сайн зан чанарыг ажилчид маань үеэс үед өвлөж явдаг. Та бүхнийг нь энэ сайхан чанарыг өвлөж авсан болов уу гэж найдаж байна. Та бүхний хувьд эхэн үед ажил л сурах ёстой. Яаж үүнийг хийх вэ гэж бодож зорих хэрэгтэй. Тэгсэн цагт амьдрал ахуй бүх зүйл чинь тэгширдэг юм шүү хэмээн зөвлөж байлаа. 

Төгсөлтийн үеэр “Жигүүр гранд” группийн Гүйцэтгэх захирал Б.Халиунаа төгсөгчдөд хандан ийн хэллээ.

-Улс эх орныхоо төлөө, “Жигүүр гранд” группийн төлөө хийсэн та бүхний ажил хүмүүсийн нүдэн дээр үргэлж ил байдаг. Үүгээрээ бахархаж амьдраарай гэж хэлмээр байна. Манай компани залуучуудыг маш сайн дэмжиж ажилладаг. Групптээ олон жил ажилласан ажилтнууд байдаг. Тэд ч залуу хойч үе болсон та нарыг дэмжиж ажиллах болно. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Хичээж ажиллаарай гэсэн юм.  

Жилд хоёр удаа зохион байгуулдаг сургалтыг “Жигүүр гранд” группийн Хүний нөөц, хяналтын хэлтэс зохион байгуулдаг юм. Төгсөлтийн баярын ч тус хэлтсийн тогооч нартай хамтран зохион байгууллаа.

Хүний нөөц, хяналтын албаны дарга Г.Алтантуяа:

-2008 оноос хойш сургалт хичээллэж эхэлсэн. Өмнөх сургалтын залуучууд маш сайн ажиллаж байгаа. Манай компани том үйлдвэрийн газрууд шиг удаан жилийн нэмэгдэл гэж олгодог. Барилгын бусад компаниуд олгодоггүй. Гурван жил ажиллаад удаан жилийн нэмэгдэл цалин /цалингийн 10%/ авах эрх нээгддэг. Компанидаа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллавал цаашид заслын инженер, заслын багшаар суралцах эрхтэй болно. Суралцах бололцоог нь компани хангаж өгнө. Мөн удирдах албан тушаалд очих гэх мэт хөгжиж дэвших олон олон боломж байдаг юм шүү гэдгийг хэлмээр байна гэсэн юм. 

“Сургалт-6”-гийн Төгсөлтийн арга хэмжээнд олон хүндэт зочин ирсэн. Тэдний нэг БҮА-ны дарга Ш.Батболд ийн ярилаа. Ш.Батболд дарга маань өдгөө “Гэгээнтэн” цогцолбор хотхоныг гардан удирдаж, эхнээс нь Улсын коммист хүлээлгэн өгч эхлээд байгаа юм.

-Даваа гаригаас эхлээд та бүхэн наряданд орно. Чанартай, бүтээлтэй, өөриймсөг, сэтгэлтэй ажиллах хэрэгтэй. Та нар заслаар төгсөж байна. Болбол шавраар, бүр болбол өөр давхар мэргэжил эзэмшээрэй. Гар илүү хөдөлбөл илүү сайн цалин авна. Өмнөх төгсөлтийнхөн чинь 1.5 сая төгрөгийн цалин авч байгаа. Та бүхэнд их ирээдүй байна шүү гэлээ. 



Төгсөгч Г.Содномпил: Цалинжуулаад сургаж, ажилд авч байгаагаар нь бахархахаас аргагүй

-Би энэ сургалтанд сууснаар барилгын дотоод заслын талаарх бүх зүйлийг мэдэж авлаа. Цаашид багш нарынхаа зааж сургаснаар хос мэргэжилтэй болохыг хүсч байна. “Жигүүр гранд” группээр маш их бахархаж явдаг. Гадуур байдаг  сургалтуудад залуучууд бид нар мөнгө төлж сурдаг. Гэтэл “Жигүүр гранд” групп цалинжуулаад сургаж, ажилд авч байгаагаар нь бахархахаас аргагүй юм. Сургалтанд сууснаар хамт олонтой боллоо. Хүнтэй хэрхэн харьцахыг сурлаа.

Төгсөгч Д.Өөдөсбаасан: Хамт олонтой боллоо, найз нөхөдтэй ч боллоо

-Би өмнө нь ТМС-т сурч байгаад гарчихсан юм. Тэгээд байж байтал “Жигүүр гранд”-аас сургалтын зар явахаар нь сууж төгслөө. Хамт олонтой боллоо, найз нөхөдтэй ч боллоо. Ирээдүйгээ өөдрөг, гэрэл гэгээтэйгээр харж байна. Нарийн заслын чиглэлээр их зүйл сурлаа. Шавар, засал, булан тохой гаргах гээд бүгдийг сурлаа. Цаашдаа барилгатай холбоотой бүгдийг сурья гэж бодож байна.

Төгсөгч Б.Цэрэннадмид: Хожмоо би үүнийг хийсэн шүү гэж үр хүүхдэдээ хэлэх юмтай байя

-Би хөдөөнөөс ирсэн. Хувиараа ажил хийдэг байсан л даа. Хожмоо би үүнийг хийсэн шүү гэж үр хүүхдэдээ хэлэх юмтай байя гэсэндээ би энэ сургалтанд сууж, барилгын мэргэжил эзэмшлээ. Сургалтанд сууснаар барилга гэж ямар том, ямар олон хүний хүч хөдөлмөрөөр босдгийг мэдлээ. Анх ямар өрөөнд ороод, зассаны дараа ямар сайхан болгодог билээ, энэ бүхнийг харахад мэргэжлээрээ өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байлаа. Манай ангийнхан ч бүгд ийм бодолтой байгаа байх. Би “Сургалт-6”-ын ангийн дарга байсан. Би дүү нартаа “Ийм сайхан залуу насандаа сайн суралцаад, ажлыг хийсэн шиг хийдэг, хожмоо үзүүлж харуулах зүйлтэй байх хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Дөрвөн сарын дотор заслын ажлыг 100 хувь сурна гэж үгүй. Цаашид бид улам суралцаад явна гэж бодож байна. Хүн насан туршдаа суралцсаар байдаг шүү дээ.

Төгсөгчид А.Энхтунгалаг, А.Эрдэнэсайхан /эгч дүү/: Бурхнаас бусдыг нь барилгачид бүтээдэг

-Маш сайхан хамт олонтой боллоо. Эгч маань сургалтанд эхлээд суусан. Би өөр нэг барилгын компанид ажилладаг байсан. Сард хоёр удаа цалингаа тавих ёстой байсан. Гэвч цалингаа өгөхгүй, хэцүүхэн байсан. Энэ сургалтанд хамрагдаж “Жигүүр гранд” группт ажилд орсондоо бид хоёр сэтгэл хангалуун байгаа. Бидэнд зааж сургаж байсан багш нартаа, Эрдэнэхишиг инженертээ, захирлууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Компанидаа насаараа ажиллана гэж бодож байгаа.

Төгсөгчид Б.Бөхбат, М.Орломсүрэн /эхнэр, нөхөр/: Илүү сайхан амьдрах боломжтой гэж харж байна

-Манай гэр бүл 1-4 насны гурван хүүхэдтэй. Нөхөр бид хоёр өмнө нь хувиараа ажилладаг байсан. Миний дүү М.Лхагвасүрэн сантехникийн хэсэгт ажилладаг. Дүү маань энэ сургалтанд суухыг зөвлөсөн. Би эхлээд сургалтанд суусан. Их ирээдүйтэй, боломжийн юм шиг санагдсан. Иймээс нөхрөө суухыг зөвлөсөн. Цугтаа ажиллаад явбал амьдрал ахуй маань дээшлээд илүү сайхан амьдрах боломжтой гэж харж байна.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж