Кисэносато 13-аас дээш давбал ёкозуна болно

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

Кисэносато 13-аас дээш давбал ёкозуна болно

Японы мэргэжлийн сумо бөхийн Ёкозунагийн зөвлөл хуралдаж, дараагийн башёд Озеки Кисеносатог түрүүлэх, эсвэл 13 ба түүнээс дээш давсан тохиолдол Ёкозуна /аварга/ цол олгохоор болсон байна.

-Тэр /Кисеносато/ маш их хүчтэй. Түүнийг ёкозуна болгохыг сумо сонирхогчид, хөгжөөн дэмжигчид хүсч байгаа гэж арваннэгдүгээр сарын 25-нд болсон Ёкозунагийн зөвлөлийн хурал дээр Японы мэргэжлийн сумо бөхийн Ёкозунагийн зөвлөлийн Ерөнхийлөгч Хитоши Утияма хэлсэн байна. Хэрвээ Кисэносато дараагийн башёд түрүүлж, Эзэн хааныхаа цомыг хүртэхгүй бол, 13 ба түүнээс дээш давж түрүүлэх хэмжээнд барилдахгүй ёкозуна болох магадлал тун бага гэдгийг хэлсэн байна. Японы мэргэжлийн сумо бөхийн Ёкозунагийн зөвлөл Кисэносатод ёкозуна болох хоёр дахь боломжийг олгоод байна. Өмнө нь, долдугаар сард болсон Нагоя башёд мөн 13 ба түүнээс дээш давбал ёкозуна цол олгохоор шийдвэрлэсэн. Гэсэн ч Нагоя башёд Кисэносато 11 давж, сайхан боломжийг ашиглаж чадаагүй юм. Тэрээр саяхан өндөрлөсөн арваннэгдүгээр сарын Кюшюү башёд 13 давсан юм. Мэргэжлийн сумо бөхийн ёкозуна цолыг хоёр сар дараалан түрүүлсэн Озеки цолтонд олгодог уламжлалтай юм. Гэсэн ч сүүлийн жилүүдэд Япон улсаас ёкозуна цолтон төрөхгүй байгаа нь ийн шийдвэрээ өөрчлөхөд хүргээд байгаа билээ.

Харин өнгөрсөн ням гаригт /XI.24/ өндөрлөсөн Кюшюү башёгийн талаар Утияма,

-Ёкозуна Харумафүжигийн байгаа байдал, ялахын төлөө тэмцэл нь үнэхээр гайхалтай байсан. Харин Их аварга Хакухо яг л аваргын буурь зааж сайхан өрсөлдсөн гэдгийг онцолсон байна.

Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж Кюшюү башёд түрүүлснийхээ дараа хэвлэлийн хурал дээр “Ирэх жил гэхэд түрүүгээ арав болгохыг хүсч байна” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Харумафүжи Д.Бямбадорж мэргэжлийн сумод зургаа дахиа түрүүлээд байгаа юм.  

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж