Уг нь МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар тэдгээр гишүүддээ “Намын дотоод амьдралаа МАН-ынханд дэлгэж, намаа хүчгүйдүүлэх оролдлого хийж болохгүй” гэх зөвлөгөөг удаа дараа өгсөн ч тэрхүү гишүүд нь үгийг нь аваагүй бололтой. Бага чуулганыг угтуулж удирдлагуудаа огцруулах мэдэгдэл хийгээд амжсаны зэрэгцээ Бага чуулганы үеэр “МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг огцруулахын төлөө тууштай тэмцэнэ. Тэднийг намаасаа зайлуулж МАХН-аа цэвэрлэж авна” гэх яриаг ч гаргаад авсан.
Эх сурвалжийн дамжуулснаар бол МАН-аас явуулж байгаа МАХН-ыг хагалан бутаргах зорилготой энэхүү ажиллагааг хамтарсан Засгийн газрын үед Хүнс хөдөө аж ахуйн сайдын алба хашиж явсан Т.Бадамжунай тэргүүтнүүд хийх болж… Намынхаа Бага хурлыг бужигнуулж дөнгөсөн түүнд МАХН-руу довтолгоо хийх болсон нь МАХН-ын удирдлагуудыг өөрчлөөд сул дорой гишүүдийг толгойд нь томилуулчихвал 2016 оны сонгуулиар дарж авахад амар гэх тооцоо хийсэнтэй нь холбоотой байж болзошгүй гэнэ. Нөгөөтэйгүүр, МАН-ын дарга М.Энхболд “Н.Алтанхуягийн танхимтай хамтарч ажиллана” гэх үгийг унагачихсан удаатай. Гэвч Ардчилсан намын даргын зүгээс Засгийн газарт орох урилгыг хүлээж аваагүй тул МАХН-ыг бужигнуулах замаар танхимыг донсолгох бодлого барьж ажиллахаар шийдсэн байж болзошгүй аж. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг анддаггүй гэдэг шиг Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАН-ын дарга М.Энхболд, Т.Бадамжунай нарын занг мэдэхгүй бол хэнийг мэдэх вэ дээ. Тиймээс намын даргыг нь эзгүйчлэн ямархуу тоглолт өрнүүлж, хүчгүйдүүлэх гээд байгааг анддаггүй бололтой юм. Даанч гишүүд нь үг авдаггүй нь сонин. Уг нь МАХН-ыг байгуулахын төлөө зүтгэж явсан тэрхүү гишүүд чухам юунаас болоод МАН-ын талд ажиллагаа өрнүүлээд эхэлснийг намынх нь гишүүд ч ойлгохоо больж… Анхнаасаа зүтгэл гаргасан болохоор МАН-руу яв гэж ч аашилж болдоггүй тухай эх сурвалж хэллээ. Хүүхдээр зүйрлэбэл, нэлээн эрх танхи дур зоргоороо нөхдүүд л намын удирдлагаа огцруулна гэх том том мэдэгдэл хийгээд байгаа аж. Гэвч удирдлагууддаа огцрууллаа гэхэд оронд нь тэр хэмжээний намыг удирдаад явах лидер бас хэн байх вэ гэдгийг МАХН-ынхан өөрсдөө дотооддоо нэлээд сайн мэдэж байж хөдлөхгүй бол МАН-ын идэш болох амархан. Мөн МАХН-ын дүрэмд зааснаар намын удирдлагыг өөрчлөх асуудлыг Бага чуулганаар хэлэлцдэггүй, Их хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг заалттай аж. Үүнийг МАХН-ын гишүүд мэдэхгүй биш, мэдэх гэнэ.
Харин БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр хэзээ Монголд ирэх нь тодорхойгүй боловч гурван ч удаагийн хагалгаанд оржээ. Өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрсөн Бага чуулганаас Их хурлыг 2014 он гаргаад хийх санал гарсан тул энэ үеэр Н.Энхбаяр дарга ирж магадгүй юм байна. Гол нь эрүүл мэндийн байдал эмчилгээ зэргээс шалтгаалах аж. Харин биеэ тэнхрүүлж аваад Монголд ирсэн цагт эзгүйд нь болж өнгөрсөн энэ мэт хэрэг явдалд Н.Энхбаяр дарга ямархуу хариу цохилт өгөх бол…
МАН-ынхан одоо дотооддоо хүндхэн байгаа, ийм үед МАХН-ын зүгээс зөрүүлээд сөрөг тоглолт хийгээд эхэлбэл, юун Засгийн газарт орох, юун МАХН-ыг хүчгүйдүүлж, бутаргах буцаагаад өөрсдөө бут авахуулж мэдэх юм шүү.