Агаарын бохирдлыг ЗГ хариуцахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг ЗГ хариуцахыг дэмжлээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхийлөгчийн дэргэд байгуулсан юм. Тэгвэл энэ хороог Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдын эрхлэх асуудлын дор оруулах ёстой гэж хуульчилсан байна.

Байнгын хорооны гишүүдийн зүгээс энэ хуулийн төсөлтэй холбогдуулж Засгийн газраас утааг багасгах байтал Багануурын нүүрсийг хямд үнээр иргэдэд борлуулсан нь буруу. Ер нь Засгийн газраас агаарын бохирдлыг буруулах тал дээр буруу бодлого барьсан гэдгийг хэлж байлаа. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн хувьд агаарын бохирдлыг бууруулж дийлэхгүй болохоороо Ерөнхий  сайдын хүрээнд өгч байна гэдэг ойлголтод хүрч байна. Агаарын бохирдлыг бууруулахаар зуух тараадаг ч үнэн хэрэгтээ утаа нь багассан юм алга. Тиймээс Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайдын дор гэхээс илүүтэй УИХ-д хамааруулж, нэгдсэн бодлого гаргах хэрэгтэй. Аль ч сайдууд агаарын бохирдлыг бууруулж чадахгүй байгаа учир бодлогоор хэрэгжүүлэх нь чухал гэдэг саналыг зарим гишүүд гаргаж байлаа. Харин УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг хэлэхдээ “Дэд хорооныхоо гишүүдийн бүрэлдэхүүнийг нэмж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байгаа агаарын бохирдлын асуудлыг ярих хэрэгтэй болсон” гэлээ. Ингээд энэ хуулийн төслийн хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Засгийн газрын мэдэлд өгөх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хурааж, гишүүдийн олонхи нь дэмжсэнээр УИХ-ын чуулганаар оруулахаар боллоо.

Өөрөөр хэлбэл, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Засгийн газрын мэдэлд өгөх нь зүйтэй гэдгийг Байгаль орчин, хүнс, хөдөө  аж ахуйн байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжиж УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж