Фото: Fabrice Coffrini / AFP
Арваннэгдүгээр сарын 24-ний шөнө Женев хотоос Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх олон улсын түгшүүрийг зайлуулахаар мэдээ ирлээ. Иран олон улсын зуучлагч нартай цөмийн хөтөлбөрөөрөө тохиролцоо хийж чаджээ. Хэлэлцээрт оролцогсод түүнийгээ ялгуусан тохилцоо гэж тэнгэрт мандуулж байна. Тэр нь үнэн хэрэгтээ тодорхойгүй үүрэг зорилготой, хязгаарлагдмал тохиролцоо бөгөөд талууд ямар ч эгшинд түүнээсээ буцаж болох бололцоотой зүйл юм.
Сүүлийн үеийн томоохон сенсаац бүхий энэ хэлэлцээрийн ээлжит шат Женев хотноо дөрвөн хоног үргэлжилж, түүнд нэг талаас нь Иран, нөгөө талаас нь цөмийн таван гүрэн (АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц) нэмэх нь Герман оролцлоо. Төгсгөлийн баримт бичиг (.pdf) нь “Үйл ажиллагааны хамтын төлөвлөгөө” нэртэй. Түүний учир утга нь хэрэв Иран тохиролцоогоо хагас жилийн турш барьж чадвал НҮБ-ын долоон жилийн өмнө түүнд тавьсан хориг арга хэмжээгээ цуцлах боломжийг дэлхийн хамтын нийгэмлэг авч үзэх болно гэдэгт байгаа. Үүний зэрэгцээ Исламын бүгд найрамдах улстай санхүү, гадаад худалдааны ажиллагаа явуулахад АНУ, Европын холбоо тусдаа хориг тавьсан байгаа нь бас авч үзэх асуудал болох юм.
Наймаалцан тохиролцсоны дагуу Иран таваас дээш хувийн баяжуулалтыг урандаа хийхгүй болж байна. Энэ төвшинг сонгон авсан нь таван хувийн баяжуулалттай уран нь цөмийн эрчим хүчний үндсэн түлш болдогоос хамаарчээ. Тэр үзүүлэлтээс дээш баяжуулалттай уранаасаа Иран салахаар болж байна. Хориос дээш хувиар баяжуулагдсан 200 кг орчим ураны асуудал энд хэлэгдэж байгаа бололтой.
Иран түр хугацаанд уран баяжуулах шинэ эргүүлэг зэрэг төхөөрөмжийн байгууламжаа зогсоох бөгөөд Арак дахь цөмийн байгууламждаа хүнд ус үйлдвэрлэх ажиллагаагаа зогсооно. Хүнд ус гэдэг нь устөрөгчийн атом нь хүндэрсэн байдгаараа ердийн усныхаас ялгаатай бөгөөд амьдралын үйл ажиллагааг сааруулж үхэлд хүргэдэг ба цөмийн зэвсэг хийхэд хэрэгтэй. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн (I International Atomic Energy Agency AEA) шинжээчид Натанзе, Фордо дахь цөмийн байгууламжуудад чөлөөтэй нэвтрэн шалгахаар болов. Тэд сануулагагүйгээр гэнэтийн шалгалтууд явуулж байх юм.
Фото: Atta Kenare / AFP
Ираны эдгээр үйлдэлд нь туслах чанарын зарим хориг арга хэмжээг сулруулснаар тус орон долоон тэрбум ам.доллараа эргүүлэн авна. Ер нь бол Ираны экспортын 100 тэрбум доллар гадаадад битүүмжлэгдсэн байгаа. Наймаалцсан тохиролцооны явцад Иран үнэт металлтай холбоотой үйл ажиллагааг сэргээж болох бөгөөд харин нефтийн наймаа ба экспортыг ойрын хагас жилд сэргээж болохгүй. Тегеран авсан үүргээ биелүүлэх нь түүнд шинэ хориг ирэхгүй гэсэн баталгаа болж өгнө.
Иранд тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүний наймаа хийх боломжийг хэзээ өгөх нь тодорхойгүй. Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус мэдэгдсэнээр Европын холбоо хоригоо ирэх сараас сулруулж магадгүй ажээ. Энэ асуудлыг холбооны 28 гишүүдийн Гадаад харилцааны тэргүүн нар эхлэн ярилцаад дараа нь түүнийг холбооны удирдлага батлах ёстой.
Энэ үеэр Америкийн Конгресст ширүүн маргаан өрнөж байна. Бүгд найрамдахчууд мөн Обамагийн гамын зарим гишүүд Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг шаардаж байна. Цагаан ордон одоогоор тэдний шахалтыг барьж байгаа ч конгрессменүүд цаашид ямар үйлдэл хийхийг хэн ч төсөөлөх аргагүй. Дотоодын асуудлаар Обамад өгөх ихээхэн шахалт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа.
Ираны хувьд хамгийн чухал гэгдэж байгаа уран баяжуулах эрхийнх нь талаар байдал тодорхойгүй. Өөрийн атомыг зөвхөн энхийн гэж зүтгэж байсан Тегеранд өмнө нь гадаадаас цөмийн станцдаа түлш аваад хэрэглэсэн цөмийн материалаа гадагш зөөхийг санал болгож байсан билээ. Тэр саналыг нь Тегеран хүлээн аваагүй учраас хориг арга хэмжээг нь чангатгахад хүрсэн юм.
Женевын хэлэлцээрийн дүнд уран баяжуулах эрхтэй болсон гэж Иран мэдэгдсэн байв. Гэтэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга жон Керри тийм зөвшөөрлийг баримжуулан библгббжуулаагүй гэв. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэр хүлээн зөвшөөрөлт нь энэ эхэлж буй үйл ажиллагааны эцсийн дүн байх ёстой, эхлээд Ираны цөмийн хөтөлбөр IAEA-ийн байнгын хяналт дор дэлхий ертөнцөд аюулгүй гэдэгт итгэх шаардлагатай гэв.
Тохиолцооны иймэрхүү тодорхойгүй байгаа ч түүнийг нэн ялангуяа либерал хэвлэл мэдээлэл өөдрөгөөр хүлээн авч байна. Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф аятолла Хамегеин тогтоож өгсөн “улаан шугамын” хүрээнд байж чадлаа хэмээн магтуулж буй. Гэсэн хэдий ч консерватив хэвлэл нь АНУ-д итгэж болохгүй гээд хэлэлцээрт таатай бус хандсан байв.
Ираны гол эсрэг хүчин Израиль, Саудын Араб хоёрт энэ тохиролцоо таалагдсангүй. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетеньягу Ираны эсрэг хоригийг сулруулсныг “түүхэн алдаа” гэж үзэв. Эр-Рияд далдуур хэлэлцээрт дургүйгээ гаргасан байв. Саудын улстөрчид хурц асуудлаар олон нийтийн өмнө ярих дургүй.
Ойрхи Дорнодын Америкийн хоёр чухал түгш Ирантай хийсэн хэлэлцээрийг бүтээгч нь Обамагийн засаг захиргаа болсонд дуогүй байна. Үүний зэрэгцээ америкчууд Ирантай нууц хэлэлцээрт орсон нь тодорхой боллоо. Иран-Америкийн анхны уулзалт нь АНУ ба Израилийн эсрэг хатуу ширүүн үг хаядаг Махмуд Ахмадинежадыг засагт байсан гуравдугаар сард болсон байв. Уулзалтууд Оманд явагдсан байв. Америкийн төлөөлөгчдийг дэд ерөнхийлөгч Жо Байдены гадаад бодлогын гол зөвлөгч Жейк Салливан толголон таван удаа тэд уулзжээ. Сүүлийн дөрвөн уулзалт нь Хасан Рухани ерөнхийлөгч болсноос хойш хийгдсэн гэнэ. Цөмийн асуудлаас гадна Сирийн асуудал яригдсан байлаа. Мөн Ормузын хоолойн аюулгүй байдлын дэглэмийн асуудал хөндөгдсөн гэнэ.
Фото: Brendan Smialowski / AFP
Иран-Америкийн харилцаа дулаарч эхэлсний бас нэг баталгаа нь Обама Рухани хоёр есдүгээр сарын сүүлчээр утсаар ярилцсан явдал боллоо. Ирантай нууцаар ярилцаж байсанд нь Израилиас гадна Францчууд дургүйцсэн байлаа. Үүний өмнөх хэлэлцээр бүтэлгүйтсний буруутан нь франц дипломат гэж хүртэл хэлэгдэж байв. Тиймээс Женевт Бернс, Салливан хоёр иранчуудтай маш нууц байдалд уулзаж байсан гэх. Төрийн депортамент нь тэднийг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оруулаагүй ба тусгайд нь зочид буудалд байрлуулсан байлаа. Тэд арын хаалгаар сэтгүүлчдийн нүдэнд өртөхгүй хэмээн гарцгааж уулзалтаа үргэлжлүүлж байсан гэнэ.
Амжилттай гэгдэхээр Ирантай хийгдсэн тохиолцоо Обамад гайтай болох магадлалтай. Нэн ялангуяа шүүмжлэгч нарынх нь хэлж буйгаар тэр Башар Ассадын дэглэмийг аврагч болж таарснаас хойш. Энэ бүгд нь түүний гадаад бодлогод шүүмлэгч нарыг нэмэгдүүлэхийг үгүй гэх аргагүй. Конгресс Ирантай нийж байсан нууц хэлэлцээрээс гадуур үлдсэн байгааг бас анхаарах хэрэгтэй. Тохиролцооны дараа Обама Нетеньягуд утасдан түүнийг тайвруулсан байв. Гэвч Израилийн ерөнхий сайд тэдний тохиролцоо Изралийн хувьд юу ч биш “Изриалийг устгахыг уриалаад байгаа дэглэмд түүнийгээ хэрэгжүүлэх зэвсэгтэй болох” боломжийг өгөхгүй гэж мэдэгдсэн байлаа.
Хэрэг явдал ямар ч болсон түүнд итгэлгүй хандаж байгаа хүмүүс тийм ч буруу биш бололтой. Тегеранд буцан ирснийхээ дараа Женевын хэлэлцээрийг утга учирыг Зариф тайлбарлахдаа, тохиролцоо зөвхөн түр хугацааных Иран түүнээс хэзээ ч гарч болно гэсэн байлаа.
Ираны өнөөгийн атомын хөтөлбөр нь зөвхөн энхийн зориулалттай, эрчим хүчний эх сурвалжийг өртгөтгөх үүрэгтэй хэмээн эрх баригчид нь мэдэгддэг.
Шах Мохаммед Реза Пехлевийг эрх барьж байсан 1950-иад оны дундуур Тегераны их сургуулийн Атом төв байгуулагдснаар Ираны цөмийн эрчим хүчний хөгжил эхэлжээ. АНУ-тай Цөмийн эрчим хүчийг энхийг зориулалтаар ашиглах гэрээнд 1957 онд гарын үзэг зурцгаасан түүний дагуу цөмийн тоног төхөөрөмжийг АНУ нийлүүлж, мэргэжилтнүүдийг нь бэлтгэж эхэлсэн байна.
International Atomic Energy Agency (IAEA) байгууллагын гишүүнд 1958 онд элсэв. Иран 1963 онд цөмийн зэвсгийг агаар мандал, сансар, усан дор туршихгүй байх гэрээнд нэгдсэн байв. Цөмийн зэвсгийг тараахгүй гэрээнд 1970 онд Иран гарын үсгээ зуржээ. IAEA-гийн баталгааны гэрээнд ороод 1974 оноос Иран барууны орнуудын тусламжтайгаар цөмийн аж үйлдвэрээ хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилд орсон байна.
Тус оронд атомын эрчим хүч үйлдвэрлэх атомын цахилгаан станцын 23 блок барихаар төлөвлөөд 1974 онд Ираны цөмийн эрчим хүчний агентлагийг (ИАЭХА) байгуулжээ. Гол үүрэг нь атомын технологийг экспортлогч орнуудтай гэрээ хэлцэл хийх явдал байв.
АНУ, Франц, Их Британи, Итали, Бельги, ХБНГУ хүртэл Ираны цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхэд оролцож иржээ. Бушер, Ахвазад хоёр АЦС барихаар төлөвлөсөн бөгөөд мэргэжилтнүүдийг сургау эхэлсэн байв. Эрчим хүчний эх сурвалжийг шинэлэн өргөжүүлэх ажлаа 1994 онд дуусгана гэж байлаа.
Исламын 1978 үны хувьсгалаар энэ төлөвлөгөөний хэрэгжилт хаагдсан байв. Бараг бэлэн болоод байсан Бушерийн АЦСыг аятолла Хомейни хаасан юм.
1990-ээд оны эхээр Иран цөмийн хөтөлбөрөө сэргээв. Хятад Оростой хамтрахаар Иран шийдэж гэрээ хэлэлцээр байгуулжээ.
Ираны парламент цөмийн эрчим хүчний хуулиа 2005 онд батлаад 25 жилийн дотор тус оронд цөмийн 20 блокийг босгон 20 мянган мегаватт эрчим хүч үйлдвэрлэх зорилт тавсан байв.
Энэ төлөвлөгөөг биелүүлэхээр Тегераны цөмийн судалгааны төв, Исфаган дахь цөмийн түлшний үйлдвэр, Натанзе дэх уран баяжуулах төв, Караж, Йезде дэх цөмийн судалгааны төвүүд, Бушерийн АЦС, Форду дахь газар доорх уран баяжуулах үйлдвэрүүдийг сэргээн ажиллуулж эхэлсэн байна.
2006 оноос эхлэн Ираны уран баяжуулалтаа 3,5-4,8 хувь түүнээс ч дээш хувиар баяжуулж эхэлжээ. 2009 онд Кум хотын ойролцоо уран баяжуулах хоёр дахь үйлдвэрээ барьж эхлэв. Иран нийтдээ өөр 10 үйлдвэр барихаар төлөвлөөд таван үйлдвэрийн байгуулалтыг яаралтай хийж эхэлсэн байна.
2010 онд ураны баяжуулалтаа 20 хувьд хүргэхээр мэдэгдсэн ба тэр 20 хувь нь “Ираны цөмийн зэвсгийн хэрэг” гэдэгт хүргэжээ. Олон улсын цөмийн байгууллагын өнгөрсөн оны мэдээгээр ураны 20 хувийн баяжуулалт хийх 10 мянган эргүүлэгийн төхөөрөмж Иранд ажиллаж байгаа ажээ. Ирээдүйн атомын станцуудаа түлшээр хангахын тулд 50 мянган уран баяжуулах төхөөрөмж хэрэгтэй хэмээн Иран хэлж байгаа.
2011 оны тавдугаар сард Бушерийн атомын станц ажиллаж эхэлсэн байна. АНУ болон барууны орнууд энхийн атомын тугийн дор Иран цөмийн зэвсэгтэй болохоор ажиллаж байна гэж сэжиглэдэг. Ираныг ураны баяжуулалтаас нь татгалзуулахын тулд өнгөрсөн онд ЕХ тэдний нефтьд хориг авсан байв. АНУ ч өөрийн зүгээс эдийн засаг ба санхүүгийн хориг тавьжээ. НҮБ-ын хориг Тегераны хувьд 2007 оноос хойш үйлчилж байгаа.