
МҮОНТ багагүй бужигнаантай байгаа. Шинэ даргатайгаа түнжин хагарсан ажилчдынхаа шаардлагаар МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар телевизийн даргаа ажлаас нь халсан билээ. Тиймээс МҮОНТ-ийн захирал асан Ч.Даваабаяр МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлд гомдол гаргажээ. Тэрбээр “МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар нь “Үндэсний зөвлөлийн шийдвэрийг үл ойшоож, өөрийг нь ажлаас халах тушаал гаргасан, мөн ажлаас чөлөөлсөн тушаалыг цахим хуудсуудаар тарааж, нэр хүндэд халдсан” гэж үзэн Үндэсний зөвлөлд гомдол гаргасан байна. МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн энэ сарын 21-ний өдрийн тогтоолоор МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр болон хэсэг уран бүтээлчдийн хооронд үүсээд байгаа маргааныг арав хоногийн хугацаанд судалж, арилгах, мөн эрх мэдлийн хүрээнд тодорхой арга хэмжээ авахыг МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарт үүрэг болгосон. Гэтэл тус телевизийн ерөнхий захирал М.Наранбаатар ажлын хэсэг ч гаргаж судалж шалгалгүй нэг талыг барьсан шийдвэр гаргаж, улмаар нэг хоногийн дотор Ч.Даваабаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан гэж үзэж байгаа аж.
О.САР