Хөлбөмбөгчин шүүхээс ял авлаа | News.MN

Хөлбөмбөгчин шүүхээс ял авлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгчин шүүхээс ял авлаа

Английн сонирхогчдын хөлбөмбөгийн "Лонг Лоуфорд" багийн тоглогч Марк Чепмен шоронд суулаа. Шүүхээс түүнийг  2010 оны гуравдугаар сарын 4-нөөс эхлэн зургаан сар хорих шийдвэр гаргажээ. Энэ тухай The Daily Mail мэдээлж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард, "Лонг Лоуфорд", "Уилтепперс" багуудын тоглолтын үед 20 настай Чепмен 26 настай тамирчин Терри Жонсоныг биеэрээ маш хүчтэй мөргөн унагажээ. Түүнийг шүүгч өрсөлдөгчөө санаатайгаар гэмтээсэн гэж үзэн талбайгаас хөөсөн байна. Жонсон гэмтлийн улмаас хөлөндөө хоёр хугарал авснаас гадна одоо нөхөн сэргээх болон арьс нөхөн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон байна. Эмч нарын үзэж байгаагаар тамирчин жил хагасын дараа бүрэн эдгэнэ гэсэн боловч дахин хөлбөмбөг тоглож чадахгүй болсон байна. Шүүгч хэрэг явдал  тоглолтын талбай дээр  болсон ч Чепменийг санаатайгаар бусдад гэмтэл учруулсан гэж үзжээ.  
Өмнө нь үүнтэй төстэй хоёр ч ийм явдал гарч шүүхээр шийтгүүлж байсан. 2009 онд 23 настай Марк Уорд дөрвөн сар шоронд суух ял авчээ. Тэрбээр өрсөлдөгчийнхөө шагайг хугалж, хугарсан хөл дээр нь гишгэж танхайрчээ. Мөн 2009 онд 21 настай Даррен Форвуд өрсөлдөгч 43 настай хөлбөмбөгчийг үхэлд хүргэсэн учир 28 сар шоронд суух ял авсан юм. Хохирогч болох тамирчин лигийн тоглолтын үед түүний цохилтыг даалгүй нас барсан юм.
                                                                                                                            Л.Золбаяр

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж