Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Сингапур улсын Гадаад харилцааны яамны Хойд Ази болон Номхон далайн олон улсын үйл ажиллагааны газрын захирал Лван Ёио болон тус газрын менежер Гон Вий Мэнг нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Арслан улсын элч төлөөлөгчид Улаанбаатар хотыг хөгжүүлэх тэр дундаа хот төлөвлөлт, ногоон байгууламж цогцлооход хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Сингапур улс дэлхийн олон хотод хот төлөвлөлт хийгээд дэд бүтцийн чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тухайлбал, Вьетнам, Энэтхэг, Дундад Азийн орнуудтай энэ чиглэлээр хамтарч ажилладаг гэдгээ хэлээд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг ч “гоё” болгож өгөх санал тавилаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр юун түрүүнд хот хөгжүүлэх талаар сайхан санал тавьсанд талархаад тэдэнд Улаанбаатар хотын тэргүүлэх чиглэлийн төлөвлөгөө бүхий товхимлыг өглөө. Энэ товхимолд 44 төсөл багтсан. Эдгээртэй сайтар танилцаад хамтарч ажиллаж болох төсөлд хариу санал хэлэхийг хүслээ. Тун удахгүй зургадугаар сарын 25-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж төсвийн бодлого хэлэлцэнэ. Энэ үед та бүхэн үнэхээр хэрэгжүүлж болохоор төсөл, төлөвлөгөө оруулж ирвэл тодорхой төслүүдийг дэс дараатай хэрэгжүүлж болох юм гэлээ. Мөн хотын дарга “Сингапур улс гудамж талбайдаа төрөл бүрийн үзэсгэлэнт мод ургамал бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй. Бас орон сууцны хорооллууд гэхээр зөвхөн байшин сүндэрлүүлэээд байх биш цэцэрлэгжүүлэх даалгавар давхар өгдгийг мэднэ” гээд энэ туршлагаасаа хуваалцаж Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 670 га газарт хөрөнгө оруулалт хийж болох талаар дуулгалаа. Хэрвээ техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад ирвэл хамгийн түрүүнд хамтарч ажиллаж болох төсөл гэдгийг онцолсон. Гол нь та бүхэн Улаанбаатар хотод байх энэ хугацаандаа яг ямар чиглэлээр хамтрах вэ? шэдгээ тодорхойлоод ирэх нь чухал гэж байсан юм. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар уулзалтын үеэр хөндсөн. Учир нь Сингапур улс жижиг дунд үйлдвэрлэлээрээ алдартай. Бараг л орон сууц бүрийн 1-р давхар тэр чигтээ үйлдвэрлэл байдаг. Энэ нь иргэддээ ажлын байр бий болгож өгдөг. Энэ тал дээр хамтран ажиллаж болж байна гэдгийг хотын мээр Г. Мөнхбаяр хэллээ. Усны талаар яриа бас өрнүүлсэн. Улаанбаатар хот гүний ус хэрэглэдэг дэлхийн цорын ганц хот гэхэд хилс болохгүй. Цаашдаа дэлхийн бусад хотуудын адил гадаргын ус ашиглах сонирхол бий. Улаанбаатар хот дундуур урсдаг байсан Сэлбэ, Дунд голыг эргэн сэргээх, усны төвшинг нь нэмэгдүүлэх төлөвлөгөө бий. Хөрөнгө мөнгөний асуудлаас болж хойшилсон эдгээр ажлууд дээр хамтрах бүрэн бололцоотойг онцоллоо. Сингапурын Засгийн газрыг төлөөлсөн төлөөлөгчид манай хоёр улс хүн ам цөөтэй бас зарим нэг талаар ижил төстэй олон зүйл олон. Иймд Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалт, төлөвлөгөөтэй нэгбүрчлэн танилцаад тодорхой хариу заавал өгнө гэдгээ илэрхийллээ хэмээн Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Б.Анхаа