Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

Есөн сараас хойш шинэ гарсан уран сайхны кино бүр Соёлын тэргүүний ажилтан гэх эрхэм цолыг дагуулсаар. ССАЖЯ-ны Ц.Оюунгэрэл сайд өөрөө хүргэж ирдэг уламжлалтай болчихжээ. Урлагт зүтгээд уран бүтээлээрээ тэргүүлсэн уран бүтээлчдэд өгөөд байна уу? Эсвэл хий цол тэмдэгний хөөрөгдөл явагдаад байгаа мэт.

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран бүтээл Соёлын тэргүүний ажилтан цол дагуулсан үүний араас “Хөлтрөг” уран сайхны кино мөн л соёлын тэргүүний ажилтан төрүүлсэн бол саяхан нээлтээ хийсэн “Facebook од” гэх уран бүтээл мөн л соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг дагууллаа. 

“LVA entertainment”-ын захирал “Guys 666” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва энэ сарын 22-нд өөрийн “Өргөө” кино театрт нээлтээ хийсэн “Facebook од” гэх уран бүтээлээрээ Соёлын тэргүүний ажилтан боллоо.

Нээгдээд удаагүй киноны гол дүрийн жүжигчин “Мixx” хамтлагийн дуучин Гүнчээгийн хувьд киногоо үзэхэд ичмээр зүйлс олон байлаа гэсэн нь уг киноны чансааг өөрөө тодорхойлоод өгчих шиг болов. Уг нь юм хийж бүтээсэн эсвэл арай уран бүтээлч сэтгэлгээгээр хийсэн бүтээлд энэ хүндтэй цол тэмдгийг өгчихдөг болвол арай дээр ч юм шиг.

Цаг хугацаа явах тусам өгч байгаа цол тэмдэг, уран бүтээлчдийг урамшуулдаг бэлэг тэмдэг нь ямар ч үнэ цэнэгүй болох вий. Төр засаг минь нүдээ олж хүнээ шагнаасай.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж